fbpx Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг байгуулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 34 секунд

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг байгуулъя

Ийм санал дэвшүүлж байна л даа. Яагаад гэвэл 1930-аад оны хэлмэгдлээс тэсч үлдсэн хэдхэн сүм хийд Монголд бий. Яг бүрэн бүтнээрээ үлдсэн нь хэд вэ гэвэл маш цөөн шүү. Гандантэгчинлэн хийд, Богдын ордны дуган, Чойжинламын сүм музей гэсхийгээд л зогсох байх.

Хөдөөд байсан сүм хийд бараг л устсан юм гэдэг. 700-гаад сүм хийдийг үгүй хийсэн гэж түүхэнд байдаг. Энэ бол тийм олон дахин дурсаад байх таатай зүйл ч биш байх. Харин одоо байгаа нь ямар өнгө төрхтэй ашиглагдаж буй тухай ярилцмаар байна. Нэг их сүсэгтэйдээ бурхан шашныг өмөөрсөндөө биш. Монголын түүх, соёлын үнэт өв ямар байнав гэдэгт сэтгэл зовохдоо ингэж хэлллээ л дээ.

Богдын ордон болон Чойжинламын сүм музейгээр хааяа орж явахад тэндхийн хариуцсан хүмүүс нь сүм, дуганы өнгө цараа муудаж, борооны ус нэвтрээд үнэт үзмэрээ хадгалахад бэрх байна. Гадны хүн, жуулчдаас их зовох юм. Энэ өв соёлоо Монгол Улс анхаардаггүй юм байхдаа гэж хэлэх вий гэхээс л яс хавталздаг гэж байхыг нэг биш удаа сонссоон.

Тэгээд төр, засгаас энэ талаар ямар анхаарал тавьдаг юм бол гэж сонирхлоо. Зарим жилийн төсөвт түүх, соёлын өв хамгаалахад хөрөнгө хуваарилсан л байх юм. Гэтэл тэндхийн сүм, дуганыг засахад гэсэн чиглэл харагдсангүй. Ер нь төр, шашин хоёр тусгаар байх Үндсэн хуулийн заалт бий учраас болгоомжилдог биз. Уг нь Гандантэгчинлэнгийн нэг дуганыг засна гэх нь зохимжгүй л байх. Тэгвэл дээр дурдсан хоёр сүмийн хувьд улсад данстай музей шүү дээ. Музейд засвар хийж болно доо гэтэл мөнгө төлөвлөөд ч бүтдэггүй юмны нэг энэ. Яагаад бүтдэггүй вэ гэвэл тэдгээрийг засахад барилгын нэг том компанийнхан очоод ч нэмэргүй ээ. Монголын барилгачид ур чадвартай сайхан байшин барьдаг болсон л гэдэг. Гагцхүү үнэн нь хэчнээн мэргэшсэн өнөөгийн сайн барилгачид сүм, дуган засч чадахгүй юм. Иймээс л нэгэн үед цөөн орон тоотой ч ажиллаж байсан. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг дахиад байгуулъя гээд байгаа минь. Тэнд ажиллаж байсан хүмүүсээс одоо тав гурван хүн байгаа юм билээ. Тэд чинь ядаж сүм, дуган сэргээхэд ашигладаг будаг, маажингийнхаа найрлагыг мэднэ шүү дээ. Мөн зураач, сийлбэрчээр ажиллаж байсан хэн нэгнийг би ч мэдэх л юм. Тэр хүмүүсийг түшиглээд нэг хамт олон бий болгоё гэсэн юм. Өнөөдөр гайхмаар ур чадвартай залуучууд бий болж сайхан гэр, авдар савнаас эхлээд эд хогшил хийж байна. Тэднийг дуудаад авъя. Харин тэдэнд хангалттай цалин хөлс амлахгүй бол хэчнээн чанга дуудаад ч дуулаагүй мэт өнгөрүүлж таарна.

Бод л доо. Дахин давтагдахааргүй нэг сайхан гэр бүтээгээд 30-40 саяар худалдаж байгаа урчууд сард 800-900 төгрөгийн цалин өгье гэхэд зөвшөөрнө гэж үү. Хэцүү л юм. Гэхдээ тэр Түүх, соёлын дурсгалыг сэргээн засах газрыг байгуулах нь туйлын зөв. Одоо байгаа сүм, хийдийн дуган байр жилээс жилд хэврэгшиж муудна. Тиймээс додомдох газартай болгоё. Хэн нэгэн мэдэмхийрч Энэтэхэг, Балбаас урчууд Буриад хийлгэчихье гэж магадгүй. Тэгэхэд нэг байгууллага байгуулахаас илүү зардал гарна шүү дээ. Нэгэнт түүх, соёлын дурсгалын тухай ам нээснийх, үзэг цаас нийлүүлснийх сүүлийн үед их яригдах болсон хуучин барилга, байшингийн тухай асуудлыг орхимгүй байна. Сүүлийн үед Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр тэргүүтэй хэд хэдэн барилгыг яахав, ийхэв гэсэн яриа их байгаа.

Монголын урлагийн ариун сүм гэгдэх тэдгээр барилга 1940-1950 оны үед баригдсан харахад сэтгэл булаам архитектортай барилгууд. Мөн Гадаад харилцааны яам, Элдэв-Очир кино театр буюу одоогийн хөрөнгийн бирж, хуучин төв эмнэлэг, хотын захиргааны гээд нэгэн өвөрмөц өнгө төрхтэй Улаанбаатар хотын таних тэмдэг болсон барилгууд энд нэмэгдэнэ. Олны яриаг сонсож байхад эд чинь Монголын соёл, уран барилгын өв шүү дээ гэхийн оронд өнөөдөр, маргаашгүй буулгаад хаях талын үг дийлэнх байх юм. Хуучин барилгыг сэргээн засч хүчитгээд хадгалж хамгаалдаг, ашигладаг жишиг олон улс оронд байдаг л юм билээ.

Гэтэл манай Монголд хуучин бүхнээ нурааж хаяад оронд нь шинээр барилга барих сэтгэлгээ тун давамгай болж. Энэ бол түүхээ үгүй хийх завхарлын нэг. Түүхээ устгахаас гадна хүмүүсийн дурсамж, ой санамжийг үгүй хийж байгаа юм. Тэгвэл барилгын архтектур түүнээс бүрдэх хот байгуулалт нь бүхэлдээ улсын түүх шүү дээ. Манай мэргэжлийн хяналтынхаан гэж. Барилга хуучирлаа гэхээр нэг л шийдвэр гаргадаг. Тэр нь ашиглалтын шаардлага хангахгүй, дотор нь хүн ажиллуулж болохгүй гэсэн тамганы үг шиг нэг л хэвийн байдаг. Тэгээд "Нурах аюултай, холуур яв" гэсэн пайз хатгачихна. Үүний цаана хэн нэгний ашиг сонирхол ч тээгдэж явдаг нь нууц бишээ. Энд нэг жишээ хэлье. ДБЭТ-ын барилгад мэргэжлийн хяналтынхан мөн л тэр жижүүрийн шийдвэрээ гаргасан байдаг. Гэтэл 2016 онд Австрийн барилгын мэргэжилтнүүд ирж нарийн багаж төхөөрөмжөөр шалгаад бүх талаар хэвийн гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм. Дээр дурдсан барилгууд ердөө 50-70 жилийн насжилттай гэдэг. Гэтэл нийслэлийн хот төлөвлөлт, барилгажилт хариуцсан хүмүүс хуучин барилгын тухай тун харанхуй мэдлэгтэй, хазгай үгтэй байх юм билээ. Тэд Монголын барилгажилтад 1970 онд л газар хөдлөлтийн норм мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр үүнээс өмнө баригдсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьсан байгаа юм.

Дөч, тавин мянгат, 120 мянгатын байшингуудыг эндээ хамааруулсан байдаг нь бүр мангар гэмээр явдал. Италид гэхэд 2000 жилийн настай байшин бий. Энүүхэн манай хойд, урд хөршид мөн Японд 500-600 жил болсон ч өнгө төрхөөрөө хадгалагдсан барилга байгууламж байдаг л шүү дээ. Тийм барилгуудыг олон улсын хэллэгт "Чулуугаар бичсэн түүх" гэдэг юм билээ.

2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд 217 дэсийн 479 дурсгал бий гэжээ. Харин түүний дөнгөж 11 нь улсын хамгаалалтад байдаг. Бусад нь нийслэлийн хамгаалалтад байж таардаг. Гэтэл Улаанбаатарын үе үеийн дарга нарын "бүтээл" нь хамгаалж байх учиртай байшин, барилгыг мэдсэн ч мэдээгүй юм шигээр устгуулж байсан нь нөгөө газрын наймаа шигээ гэмт хэрэг болж үлджээ. Яагаад гэмт хэрэг гэж байгаа юм бэ гэвэл нийслэл хотынхоо түүхийг санаатайгаар устгасан гэсэн үг юм. Нурааж устгасан цөөн жишээ дурдвал Лениний музейн архан талд байсан олон цонхтой дүнзэн байшинг бид мэднэ л дээ.

Түүнийг Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин байсан гэдэг. 1918-1919 онд С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй бүлгийнхэн тэнд байрлаж байсан юм билээ. Уг байшинг "Ленинээр халхалчихаад" байсан боловч тэнд 2000-аад оны эхээр номын сан байрлаж байлаа. Гэтэл 2011 оны долдугаар сарын 11-ний шөнө буюу Улсын наадам эхэлсэн өдөр нураагаад хаячихсан байсан. Тэр байшинг 2008 онд нийслэлийн хамгаалалтад өгсөн Засгийн газрын шийдвэртэй ч нэг л шөнө хонь чоно идчихтэй адил юм болсон юм. Ингэж нураах устгах ажлыг олны сонор сэрэмж багассан үе, бас шөнө дөлөөр хийдэг хулгайн маягтай арга бий болсон. Саяхны жишээ гэхэд Байгалийн түүхийн музейн дурсгалт байшинг нураахыг залуус эсэргүүцэж байсан ч бас л шөнөөр ар талаас нь буулгасаар нэг л өдөр зөвхөн нүүрэн тал нь үлдсэн байсан. Ингээд л мөн "чонын хоол" гээч болсон доо.

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан дүнзэн байшин мөн л нэг мэдэхнээ арчигдчихсан байсан. Нийслэлийн хангарьд орны ард байдаг нэг дүнзэн байшинг хүнд битгий харуул гэсэн юм байлгүй дээрээс нь шинэ барилга өмсгөөд барьчихсан байналээ. Уг нь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын байшин юм гэдэг. Тийм дүнзэн байшингуудыг бол яаж ч сэргээж өнгө төрхөөр нь хадгалж болох л байсан. Гэтэл хадгалж хамгаалж бай гэсээр байхад нураагаад л хаячихдаг муу зан монголчуудын "хувийн өмч" юм. Ер нь хуучин барилгыг сэргээх хүчитгэх зураг төсөл хийчих архитеторчид ч ховор болж. Дээрээс нь удирддаг, зааварддаг хүмүүсийн мэдлэг чадал ч дорой. Зөвхөн мөнгө хөрөнгө байвал бүх юм бүтэх юм шиг эргүүдүү бодолтон олширсны уршгаар түүх соёлоо баллуурдсаар байна шүү дээ. Сүүлийн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан "Гоожингийн өндөр" гэж нэрлэгдэх европ хийцийн анхны хоёр давхар байшингийн тухай яриад л байна. Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг гэх ч хэн ч хайрлаж хамгаалсан шинжгүй байх юм. Уг нь барилгыг нэг жижигхэн бригад очиход бараг 5-10 хоногт сэргээчих ажил шүү дээ.

Улаанбаатарыг дэлхийд данстай орчин үеийн метрополис хот гэх болсон. Яахав хөгжил бий болсон нь үнэн. Гэхдээ зөвхөн нэг хэв загварын гозгор дөрвөлжин шилэн барилгууд жинхэнэ хөгжлийг тодорхойлохгүй ээ. 380 жилийн түүхтэй энэ хотод зуун зууны өнгө төрхийг илэрхийлсэн барилга байгууламжаа хадгалж, хамгаалж байснаар сайн сайхан харагдана аа. Эцэст нь ухааны сохор 100 жилийн амьдралаас утгыг нь таньсан нэг өдрийн амьдрал үнэтэй гэсэн үгийг бүү март гэдгийг хэлье.

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Нямбаатар: Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулна
Х.Нямбаатар: Эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулна
 
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ