fbpx Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
21 минут 14 секунд

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Чулуунхүүгийн БЯМБАХАЖИД

Урин хаврын намуухан орой Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Шаамар сумыг зорьлоо. Бидний энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа тэнгэрт жигүүртэн адил дүүлэн нисэх Монголын анхны гавьяат нисгэгч эмэгтэй, агаарын тээврийнхний бахархалт “Ажаа мама” Т.Сумъяаг урилаа. Түүнийг зорин очиход хашааны хаалга нээгдмэгц л цэлийсэн цэвэрхэн хашаа, хашаан дотор тарьсан есөн зүйлийн жимс ногоо, мод бут, тухлаад л баймаар байшин, түүний унадаг машин гээд дэндүү тохилог, сэтгэл хангалуун амьдардаг нь нүднээ ил байлаа. “Хүмүүс намайг овор багатай, хэн 80 хүрч байгаа гэх вэ” гэж инээсээр биднийг угтсан юм.

Гэнэт л нисгэгч болох хүсэл төрөн, тэр бодол минь намайг цахилгаан мэт татсан

1973 он. Ю.Цэдэнбал гуайгаас шагнал авах үе.

1968 он. Нисэх онгоцны буудал дээр хүмүүсийн нүдэнд нэгэн эмэгтэй тодоос тод ялгаран харагдана. Тэр бол Монголын анхны эмэгтэй гавьяат нисгэгч Т.Сумъяа гуай байлаа. Тэрээр амьдралынхаа 27 жилийг жигүүртэн адил агаарт нисэж өнгөрүүлсэн нэгэн. Түүний аав ээж Ховд аймгийн уугуул хүмүүс байжээ. Аав Г.Түмэнжаргал нь хоёр дайны ахмад зүтгэлтэн, ээж Ц.Цэндхүү нь нэг дайны ахмад зүтгэлтэн явсан гавьяатай хүмүүс юм. Тэрээр долоон хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн, Улаанбаатарын унаган охин. Хотын хэрсүү охин Т.Сумъяа бага насаа 13 дугаар хороолол, Американ дэнжид өнгөрүүлсэн гэдэг. Багаасаа л чадмаг, биеэ даасан, дайчин зан нь түүнийг нисгэгч болох гайхалтай замд хөтөлсөн гэлтэй. “Би санаандгүй явж байгаад л нисгэгч болчихсон” гээд сэтгэл догдлон ярих нь харцнаас нь мэдрэгдэж байлаа.

Энэ тухайгаа тэрээр “1965 онд аравдугаар анги төгссөн юм. Тухайн үед төгсөж байсан хүүхдүүдийг илгээлтээр явуулж, үйлдвэрт хуваарилдаг байлаа. Алтан медальтай, онц төгссөн хүүхдүүд л дээд сургуульд элсэж байсан. Би харин ангийнхаа дөрвөн хүүхэдтэй нэхмэлийн үйлдвэрт ажилд орсон. Тэгээд бид эхний 14 хоногт ажлаа заалгаж, сураад нэлээн идэвхтэй ажиллаж байгаад аваанзаа аваад л хаячихсан юм. Их хэнэггүй хүүхэд байлаа. Тэгж яваад нэг өдөр найзтайгаа Сүхбаатарын талбай дээр болж байсан арга хэмжээг сонирхохоор очсон юм. Тэгтэл бид хоёрын урд бидний үеийн хоёр залуу хоорондоо “Нисэхийн курс нээгдэж байгаа гэнэ. Арав төгссөн хүүхдүүдээс шалгалт авч байгаа гэсэн. Хоёулаа очих уу” гээд ярьж байхыг нь сонссон юм. Тэр хоёрыг ингэж яриад явсных нь дараа нөгөө найздаа ч хэлэлгүй араас нь дагаад явчихсан. Тэгээд нисэхийн курст очиж бүртгүүлээд, гурав хоногийн дараа физик, математикийн шалгалт өгөөд тэнцэж байлаа” гэсэн юм. Тухайн үед 30 гаруй охид нисэхийн курст бүртгүүлснээс 10-аад нь тэнцжээ. Тэдний нэг нь манай нийтлэлийн баатар юм.

Тэрээр “Хүсэж байсан нисэхийн курстээ тэнцчихээд аав ээжээсээ гуйж байж 500 төгрөг тушаагаад нисэхийн сургалтад зургаан сар сууж, онгоцны эд ангиас эхлээд нисэхийн онолын хичээлүүдийг үзэж эхэлсэн. Үүний дараагаас зургаан сарын үед нислэгт гаргасан юм” гэлээ.

Анх нисэхийн курст 10-аад охин орсон хэдий ч эхнээсээ шантарч, хаясаар хоёр охин л үлдсэний нэг нь Т.Сумъяа гуай байлаа. Нисэхийн курсийнхэн 1968 онд анхны нисэх буудал байсан газарт байрлаж, намар дадлагаа дуусгаж байжээ. Ийн дадлагын хугацаа үргэлжлэх үед Т.Сумъяа гуайтай хамт тунаж үлдсэн охин буруу буулт хийснээр онгоцоо эвдэж, нисэхийн курсээ төгсөж чадалгүй хасагджээ. Ийн тэрээр эмэгтэйгээс ганцаараа тэнцэн үлдэж, өдгөө “анхны эмэгтэй гавьяат нисгэгч” гэх эрхэм алдрыг хүртсэн юм. Тэрээр агаарын цэнхэр далайтай хувь заяагаар холбогдсон гэлтэй, дэндүү сонирхолтой түүхийн эзэн. “Тэр хоёр залуугийн ярианаас гэнэт л нисгэгч болох бодол төрөн тэр бодол минь намайг өөрийн эрхгүй цахилгаан мэт татсан” хэмээн сэтгэл дүүрэн ярих нь түүнийг энэ л сонголтдоо ганц ч удаа эргэлзэж байгаагүйг нотлох мэт байлаа.

“Нисэхийн тухай ярихаар сэтгэл хөөрдөг юм”

Гэхдээ түүний нисгэгч болох замнал тийм ч дардан байсангүй. Олон саад бэрхшээлийг даван одоо л нэг нисэхийн курсээ төгсөж, мөрөөдлөө биелүүлэх нь гэтэл “Эмэгтэй хүн нисгэгчээр авахгүй” гэх хатуу зарчим түүнийг цөхрөнгөө барахад хүргэж байсан гэдэг. “1968 оны хавар нисэхийн курсэд тэнцсэн хүүхдүүдээс ердөө 10 нь төгссөн. Тэгтэл эрэгтэйчүүдийг нь “АН-2” тээврийн онгоцны курсэд суулгаад, эмэгтэй хүн авахгүй гээд намайг оруулаагүй. Гэсэн ч бууж өгөлгүй нэг сар хүлээсэн ч авах шинжгүй байхаар нь цөхрөнгөө барсан. Тухайн үед нисэхэд л орохгүй бол бүх зүйлээ алдах гэж байгаа мэт санагдаж байсан. Нэг өдөр тэсэлгүй гэртээ ирээд аав ээждээ намайг дэмжсэнгүй, дарга нартай уулзсангүй гээд уйлж гарав аа. Тэгтэл аав ээж хоёр маань гал тогооны өрөөнд ярилцаж байснаа ээж маргааш дагуулаад явахаас гэж байна” гэлээ.

Энэ үгийг сонссон түүний нүд нь сэргэж, сургуулийн дүрэмт хувцсаа “жимбийтэл” нь индүүдэж өмсөөд ээжийгээ даган гарч одсон гэдэг.

Тэгтэл үнэхээр хувь тавилан гэлтэй түүний ээж өмнө нь Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн жанжины хувийн холбоочноор ажилладаг байжээ. Энэ тухай тэрээр “Ээж маань 1939 оны дайны үед Ж.Лхагвасүрэн жанжины хувийн холбоочин хийж байсан байгаа юм. Намайг нисэхэд орох гээд хөөцөлдөх үед Ж.Лхагвасүрэн жанжин Батлан хамгаалахын сайд байж таарсан гайхалтай завшаан тохиолдсон юм. Ингээд сайдын өрөөнд ороход жижиг аягатай кофе, тавагтай чихрээр дайлж, бид хоёрыг найрсгаар угтаж авлаа. Тэгэхэд л анх кофе ууж үзсэн байх. Сайд “Нэг охины сураг гараад байсан танай охин байх нээ” гээд л Батлан хамгаалах яамны харьяа нисэхийн холбооны 109 дүгээр анги руу холбогдож “Маргаашаас эхлэн энэ хүүхдэд долоо хоногийн дотор хичээлийг нь зааж, бэлтгэ” гэж тушаав. Энэ яриаг сонссон Т.Сумъяа охины сэтгэл онгойж, жигтэйхэн баярласан гэдэг. “Ингэж л ээжийнхээ буянаар нисэхэд орж байсан юм. Тэгээгүй бол эмэгтэй хүүхэд гээд огт халгаахгүй байдаг байлаа. Тэгээд л маргаашаас нь тэр ангид очоод нэг сар дадлага хийж, 1968 оны аравдугаар сард тушаал гарч би туслах нисгэгч болсон юм” хэмээн ярихад түүний нүд гэрэлтэж байлаа.

"Ажил уу, гэр бүл үү” гэсэн сонголттой нүүр тулав

ОХУ-ын Москва хот. 1990-ээд он. Хүүгийн хамт.

Нисгэгч болох гэж байгаа хүн агаарт заавал “маяг” буюу үзүүлбэр хийж сурах ёстой байдаг байна. Үзүүлбэр хийх үед толгой доошоо харж, хөл дээшээ хараад их хурдтай ниссэн үед салхи “нүүрний арьс хумьж” байгаа юм шиг л мэдрэмж төрдөг байлаа хэмээн тэрээр залуу нисгэгчийн дурсамжаа дэлгэсэн юм. “Эхэндээ хил тойрох, эргүүл хамгаалалтаар явж шалгалт авдаг нислэгүүдэд явдаг байлаа. Заримдаа алгын чинээ бичиг хүргэхээр өглөө үүрээр гараад шөнөдөө очно. Эсвэл замдаа хоноод өглөө нь Ховдын цэргийн ангид хүргэж өгөх гээд явдаг байлаа” гэв.

Нисгэгч бол агаарын цэнхэр огторгуйг тойрч, улс орон, тив, дэлхийг дамнан хөвөх үүлсийн дээгүүр хөлөг онгоцоо жолоодон дүүлдэг өвөрмөц онцлогтой ажил мэргэжил. Нисгэгч байна гэдэг амаргүй. Тэр тусмаа эмэгтэй нисгэгч байхын тулд маш бэрх замыг туулж, ажил мэргэжлийн мөн чанартаа үнэнч зүтгэсэн эмэгтэй бол Г.Сумъяа билээ. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй. Хүмүүний амьдралд унаж босох үе олон тохиодог.

Тухайн үед түүнийг хүүхэд төрүүлэхийг хориглодог байсан гэдэг. Гэвч эх хүн байхын жаргалыг амсахыг хэн хүсэхгүй байх билээ. 1971 онд анхны хүүгээ өлгийдөн авч баяр жаргалд умбасан гэдэг. Үүний дараа 1974 онд хоёр дахь хүүхдээ тээж байхад нь түүнийг иргэний нисэх рүү шилжүүлснээр АН-24 буюу сэнс тийрэлтэт онгоцоор нисэж эхэлсэн байдаг. Энэ онгоц нь тухайн үедээ Монголын хамгийн том онгоцонд тооцогддог байжээ. Эмэгтэй хүн нисгэгч болох боломжтойг нотолсон нь энэ байсан юм. 1970-аад онд агаарын тээвэр ид хөгжиж байсан үе гэдэг. Тэрээр агаарын алтан үед тодорч явсан нэгэн. АН-24 онгоцоо жолоодон хамгийн анхны нислэгээ Говь-Алтай аймгаас эхэлж байжээ. Түүнчлэн ажлын нормоо эрчүүдээс дутуугүй сайн биелүүлдэг байсныг хариуцсан ажилдаа тууштай, дайчин зантайг нь илтгэнэ.

Нисгэгч хүн амьдралынхаа ихэнх цагийг агаарт өнгөрүүлж, гэр бүлдээ гаргах цаг хомс байдгийг биеэрээ туулсан тэрээр хэлж байсан. “Хүүхдүүд жаахан байхад их хэцүү байсан. Орхиод явах хэцүү. Яг энэ үед л “ажлаа сонгох уу, гэр бүлээ юү” гэсэн сонголттой нүүр тулж. Ингээд гэр бүл, хувийн амьдралаа золиосолж, 27 жилийг агаарт нисэж өнгөрүүлсэн юм” хэмээн нүдэндээ нулимстай өгүүлж байлаа. Түүний нөхөр онгоцны сургагч багш, нисгэгч хүн аж. Тэрээр “Хүүхдүүддээ цаг гаргах боломжгүй. Унтаж байхад нь ирээд, унтаж байхад нь явна. Нэг үе бараг л захиагаар харилцдаг байсан. Том хүү маань багаасаа л биеэ даан, дүүгээ өсгөсөн. Хүүдээ будаатай хуурга хийхийг заагаад өгчихсөн учраас намайг эзгүйд дандаа л будаатай хуурга хийгээд тавьчихсан байдаг байсан. Долоохон настай хүү шүү дээ. Тэгээд л би “Баярлалаа, сайхан хооллолоо. Өдөр дуртай юмаа авч идээрэй” гэж бичиж үлдээдэг байлаа. Өөрийн гэр бүлийнхээ бүтэн амьдрал, хувийн аз жаргалаа орхин энэ ажлаа сонгож, амьдралынхаа 27 жилийг агаарт нисэж, агаарын тээврийн салбарт зориулсан” гэж ярихад нь өөрийн эрхгүй нулимс дусалж, сэтгэл хөдөлж байлаа.

“Нисэж байхдаа 104 үйлдлийг өөрийн мэдэлгүй хийдэг”

Түүний бахархам түүх үргэлжилсээр. Тохиолдсон бэрхшээл бүрт бууж өгөлгүй зүтгэсэн тэрээр “Хэрлэн-73” олон улсын хээрийн сургуулилтад АН-2 толгой онгоцыг жолоодсон нь Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн агаараас байлдааны даалгавар гүйцэтгэсэн нь энэ аж. Түүний энэ гавьяаг үнэлж Ю.Цэдэнбал дарга “гарын үсэгтэй цаг”-аар шагнаж байжээ. “Тухайн үед надтай хоёр эрэгтэй нисгэгч шагнуулсан. Гурван хүн шагнасны нэг нь би байсан. Тэр үед би Ю.Цэдэнбал даргыг 20-оод минут хүлээлгэчихсэн хүн дээ” гэсэн юм.

Иргэний нисэхийн “Алтан үе” буюу Монгол орны өнцөг булан бүрт онгоц хүрдэг байх үеийн нисгэгч бол Г.Сумъяа гуай. Улаанбаатараас аймаг, сум, бүр бригадын төв рүү хүртэл нисдэг байж. Тухайн үед онгоцоор бүх төрлийн тээвэрлэлтийг хийдэг байсан тул “алгын чинээ” бичиг хүргэхээс эхлээд нөөцийн мах хүртэл тээвэрлэж явжээ. Мөн дан ганц суудлын онгоц бус таван тоннын даацтай ачааны онгоц жолоодож байжээ. Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист хүрэхэд бишгүй л саад бэрхшээл, хөгжөөн хоржоонтой зүйл тохиолдох нь лавтай.

Т.Сумъяа “Нислэг хийхэд олон зүйл тохиолддог. Надад тохиолдсон нэг зүйлийг яривал би тухайн үед Завхан аймаг руу нислэг хийж байсан юм. Нисэж яваад буух зай ойртох үед “талбай дээрх шувуугаа хөөсөн үү” гээд л холбоогоор асуутал “хөөчихсөн, байхгүй” гэж хэлсэн. Онгоц буухад “гурван метр зай л үлдлээ” гэтэл тас няс гээд л явчихсан. Тэгтэл шувуу нисэж ирээд онгоцны далавчтай мөргөлдчихсөн байсан. Би тэрийг харах боломжгүй, яг урдах замаа хараад анхаарал төвлөрчихсөн явж байсан юм” гэв. Энэ мэт агаарын замд гэрэл гэгээтэй, хүнд хэцүү олон зүйл тохидог биз ээ.

Агаарын тээврийнхний “Ажаа мама”

Монгол Улсын гавьяат эмэгтэй нисгэгч болсон нь.

Энэ жил Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа билээ. Тэрээр “Нисэх хүчний 100 жилийн ойг үзэх хувьтай азтай хүн юм” хэмээн бахдан сууна. Одоогоос гурван жилийн өмнө түүнийг агаарын тээврийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын анхны гавьяат эмэгтэй нисгэгч хэмээх эрхэм цолыг олгосон байна. Өдөр шөнө, цаг наргүй ажиллаж, нисэх хүчинд эрчүүдээс дуталгүй эн зэрэгцэн зүтгэсэн түүний сонгосон зам буруу байгаагүйг туулж өнгөрүүлсэн амьдралын баялаг түүх нь гэрчилнэ.

Тэрээр “Анх нисэхэд, тэр дундаа агаарт үзүүлбэр хийхэд дотор сэрт хийж, айх мэдрэмж төрж байсан. Тэгээд л чадахгүй яадаг юм гээд л зориглоод ниссэн. Амжилттай газардчихаад “би чадчихлаа” гэж баярлаж байсан. Эрчүүдээс дутахгүй гээд их зоримог ажилладаг байлаа. Нисгэгч хүн зөвхөн онгоцоо жолоодоод л болчихдоггүй. Онгоцны тос, масло гээд бүгдийг нь өөрөө сольж, цэвэрлэдэг. Тэтгэвэрт гарсны дараа манай нисэхийнхэн “Ойрд хэдүүлээ ямар дуу цөөтэй, чимээгүй байцгаагаад байна” хэмээн ярьсан гэж байгаа юм. Тэгтэл нэг нь “Яагаав, Ажаа маама байхгүй болохоор тэгж байхгүй юу” гэсэн гэдэг. Олон эрийн дунд түүний цангинасан хоолой үгүйлэгдэхгүй байхын аргагүй.

Түүнийг ид залуухан нисгэгч байх үед манай улс зөвхөн ОХУ руу нислэг үйлддэг байжээ. Тэр үед Байгаль нуур дээгүүр нисэхээр аль нь нуур, аль нь тэнгэр гэдэг нь мэдэгдэхгүй “цэлийсэн цэнхэр” тал л харагддаг байсан гэдэг. “Дээшээ, доошоо харсан нь ялгагдахгүй. Тиймээс ер нь онгоцнуудыг далай, тэнгис дээгүүр нисэхийг хориглож, далайн эргийг бараадаж явдаг болсон” гэлээ.

Ихэнх хүнд агаарын тээврийн салбар маш онцлог агаад сонирхолтой санагддаг. Түүнийг ид нисэж явахад онгоцны багийн бүрэлдэхүүнд таван хүн багтдаг байжээ. Баг бүрэлдэхүүн онгоцны даргад захирагдаж, тушаал заавраар нь ажиллана. Багийг тэр бүр сольдоггүй аж. Нислэгт гарахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт орж, биеэ хянуулаад нислэгтээ гарна. Түүний хувьд ажил нь амь амьдралтай нь дүйцэх хэмжээний үнэ цэнтэй гэдэг нь ярианаас нь илт мэдрэгдэж байлаа.

Санаандгүй сонгосон мэргэжилдээ салахын аргагүй болтлоо хайртай тэрээр хэн хүнээс гарахгүй их зориг гаргаж, өдгөө гавьяаны амралтдаа гараад байгаа. Тэрээр “Би 49 настайдаа тэтгэвэртээ гарсан. 27 жил агаарт нисэж амьдарсан би тэтгэвэрт гарахад их хэцүү байсан. Одоо санахад их л уйлж байсан даа. Тэтгэвэрт гараад гэрт байхаар дасаж өгдөггүй. “Ингээд л нэг өдөр буучихдаг юм байна даа” гэж бодогдсон. Энд тэндгүй л явж байдаг хүн чинь гэртээ сууж чаддаггүй юм билээ” гэж байлаа.

Багын хөдөлгөөнтэй, сониуч зантай тэрээр хөдөө, гадаа явах их дуртай аж. Нэг өвөл ач охиноо сургуульд нь хүргээд явж байхдаа “Ингэж дөрвөн хананы дунд байж байхаар хөдөө гарч амьдаръя” гэх бодол түүнд төржээ. Тэгээд л хаашаа явах вэ гэж байгаад “Галт тэргэнд суугаад Сэлэнгэ орьё” гэж бодоод л шууд вокзал ороод галт тэргэнд суучихсан гэдэг. Тэгээд нэг купенд сууж явсан эмэгтэйтэй танилцаад учраа хэлжээ. Тэгтэл нөгөө эмэгтэй нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүн байж таарсан бөгөөд “Манай Шаамар сум их гоё нутаг байдаг” гэж хэлсэн байна. Ингээд нөгөө эмэгтэйтэй хамт буугаад, тэднийд хонов. Маргаашаас нь Шаамар сумын төвөөр явж, танилцаад шууд л зарах хашаа, байшин судалж эхэлж. Ингээд 4-5 хашаа байшин судалж үзээд, хот руу буцаж ламаас асуухад “Дажгүй юм байна” гэж хэлснээр хэд хоноод хэдэн хувин сав, хэрэгцээний зүйлсээ цуглуулаад Сэлэнгэ аймгийн Шаамар суманд суурьшихаар сэтгэл шулуудан зорьжээ. Гайхмаар сонин ч гэсэн түүнийг адал явдалд дуртай, эрсдлээс айдаггүй, зоригтой нэгэн гэдгийг хэлээд л өгөх шиг санагдаж байлаа.

Ингээд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 2000 онд ирж суурьшсан тэрээр тэтгэвэрт гарсан гээд зүгээр суулгүй хөдөлмөрлөсөөр л. Хашаандаа жимсний мод, ногоо тарьж, зөгий үржүүлгийн аж ахуй ч эрхэлж үзсэн хөдөлмөрч нэгэн. Хашаандаа дүүрэн ногоо тариад, портерт ачиж аваад хотод аваачиж зардаг байсан гэж ярих түүнийг хэн ч 80 настай гэж хэлэхээргүй хөнгөн шингэн байв. Өнөөдрийг хүртэл амьдралын төлөө их зүтгэсэн түний бахархам, хайрлам, гайхмаар, баялаг амьдралын түүхийг хуваалцах зуурт дэндүү гэмээр зоригтой, ажилсаг, овсгоотой сэргэлэн хүн юмаа хэмээн бахархаж, хайрлах сэтгэгдэл төрж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 93 (7590)

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ
Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ
 
Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь
Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

Н.Учрал: Х.Баттулга гуай Монголчууд Таны тохуурхал биш

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​