Сүүлийн хоёр хоногт барилга дээр ажиллаж байсан дөрвөн иргэн амиа алдаж, найман иргэн хүнд гэмтэв. Хүнд гэмтсэн найман иргэний гурав нь одоо ч ухаан ороогүй хэвээр байна. Тодруулбал, барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан иргэн тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад 11 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг тавдугаар сарын 18-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гарсан. Үүнээс нэг хоногийн өмнө буюу тавдугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт баригдаж буй барилга дээр ажиллаж байсан 11 иргэн өргөгч төхөөрөмжтэйгөө унаж, осолдсон юм.
Дээрх хэргүүдэд Цагдаагийн байгууллагаас мөрдөн, шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа гэж мэдээлсэн.
Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Аж ахуйн нэгжийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгодог. Хэрэв үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан бол 4000 нэгжтэй тэмцэх мөнгөн торгууль оноодог байна. Хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулиар шийддэг.
Түүнчлэн хүний амь насанд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзсэн бол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг заалттай.
Хуульд зааснаар барилгын зураг төсөл 13 үе шатыг давж, барилга эхлэх зөвшөөрлөө авдаг. Гэтэл Монгол Улсад газрын зөвшөөрлөө аваад л барилгаа шууд барьж эхэлдэг нь нууц биш. Дээр дурдсан Ховд аймгийн барилга гэхэд барилга эхлэх зөвшөөрөлгүй байсан гэх албан бус мэдээлэл байгаа. Энэ бол барилгын салбарт хууль хэрхэн хэрэгждэгийн тод жишээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн үед энэ төрлийн осол цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Улсын хэмжээнд барилгын салбарт 2020-2024 онд нийт 180 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын:
- 39.4 хувь нь өндрөөс унах, бүдрэх, хальтрах,
- 16.6 хувь нь эд зүйлд хавчуулагдах,
- 16.1 хувь нь унаж байгаа эд зүйлд цохиулснаас болжээ.
Дээрх тоон мэдээллээс харахад барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүйгээс энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж байна.
СТАТИСТИК: СҮҮЛИЙН 6 ЖИЛД БАРИЛГЫН ОСЛООР 76 ХҮН НАС БАРАВ
Тухайлбал барилгын салбарт сүүлийн 6 жилийн хугацаанд нийт 76 хүн нас барсан гэсэн тоо байгаа юм. Гэвч энэ бол зөвхөн нийтэд ил болсон албан бус тоо гэдгийг дурдъя.
Олны анхаарлын төвд орсон барилгын ослууд ихэвчлэн гэнэтийн ослын төрөлд ордог. Үйлдвэр, барилгын ослыг жил бүр гарч байдаг учраас албаныхан үүнийг хэвийн гэж хүлээж авдаг болсон. Угтаа бол энэ төрлийн осол нэг ч гарахгүй байх ёстой. Монгол Улсад Хот байгуулалт, Барилгын тухай хууль гэж бий. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх, мөрдөх хүн алга. Хичээлээ тараад харьж явсан 12 настай бяцхан охин, 19 настай оюутан залуу, ажлаа хийж явсан 26 настай кранчин залуу барилгын компанийнхны, хяналтыхны хариуцлагагүй, хэнэггүй үйлдлийн золиос болж амиа алдсан. Цаашид хэн нэгний амь эрсдэхгүй гэх баталгаа алга. Хэрвээ хууль журмаа хэрэгжүүлэхгүй бол ийм харамсалтай тохиолдол, осол гарсаар байх болно.
ХЭРЭГЖДЭГГҮЙ ХУУЛИЙН "БАЛАГ" ДУУСАХГҮЙ
Өнгөрсөн 2024 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэр гэх эмэгтэйг томилсон тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Ингэхдээ түүнийг "Z" үеийн төлөөлөл гэдгийг онцолж, нэг хэсэгтээ л олны анхаарлыг татаж байв. Ч.Төгсдэлгэр ажлаа хүлээж авснаас хойш Хотын даргын хамтаар томоохон хурал, уулзалтад идэвхтэй оролцох болсон. Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төслүүдийн талаар танилцуулж, 20 минутын хот төлөвлөлтийн хүрээнд хийх ажлаа дурдсан. Ингэхдээ Сингапур, Канад зэрэг өндөр хөгжилтэй орны жишээг татаж, Улаанбаатар хот ямар луужин барьж хөгжих талаар ярьж байсан юм.
Үе, үеийн Ерөнхий архитектороор дандаа эрчүүд, тэр тусмаа нас тогтсон хүмүүс томилогдож байсан бол анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа Gen Z үеийн залуу бүсгүй томилогдсон нь мэдээж сонирхолтой томилгоо гэдэг нь ойлгомжтой.
Гэвч Улаанбаатар гэх том айлын Ерөнхий архитектораар томилогдсоны хувьд тэрбээр үндсэн чиг үүргээ орхигдуулалгүй хэрэгжүүлэх нь чухал байгааг сануулах нь зүйтэй болов уу. Нийслэлийн Ерөнхий архитекторын эрх, үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд дараах ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлнэ гэж заасан байдаг.
Хэрэгжүүлэх чиг үүрэг:
- Хот байгуулалтын баримт бичгийн зургийн даалгаврыг боловсруулах, гэрээ байгуулах, зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд хяналт тавих;
- Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хот байгуулалт, газрын харилцааны бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
- Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн чиглэлээр хийгдэх техник, эдийн засгийн үндэслэл, төсөл, хөтөлбөрийн ажлын даалгавар боловсруулах, санал өгөх, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг зохион байгуулах;
- Орон нутгийн зэрэглэлтэй хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах, хэрэгжилтийг хангах;
- Нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар, нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын даалгавар боловсруулах, загвар зураг батлах;
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн байршлыг тогтоох, батлуулах ажлыг зохион байгуулах;
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийн ажлын даалгавар, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах, батлуулах;
- Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл сонгон шалгаруулалт, төсөл хэрэгжүүлэх эрх олгох ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг хангуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх;
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх;
- Нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах ажилд санал өгөх;
- Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, өөрчлөх, нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах;
- Барилга байгууламжид хаяг, дугаар олгох, мэдээллийн санд бүртгэх;
- Барилга байгууламжийн тэг тэнхлэг (улаан шугам), гүйцэтгэлийн байр зүйн зургийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх;
- Инженерийн шугам сүлжээний талаарх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын даалгавар боловсруулах, батлуулах, төлөвлөлтийн трасс зөвшилцөх, мэдээллийн санд бүртгэх.
Мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд нь Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Газрын тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм” болон хот төлөвлөлт, хот байгуулалтын салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Хот байгуулалт, барилга захиалагчийн албын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна гэж заажээ.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын Ерөнхий архитектор гэдэг салбарын хяналт тавих, хэрэгжилтийг хангах чухал үүрэг бүхий албан тушаал юм.
Ч.Төгсдэлгэр ажлаа хүлээж авахдаа хэлсэн үгэндээ "төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулъя гээд ирсэн. Би иргэн хүнийхээ хувьд залуучууд ажиллаж байж өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатайгаар, хичээнгүй хийх болно. Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, байгальд ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй аюулгүй байх ёстой" гэсэн юм. Энэ үгтэй иргэд санал нэг байгаа. Ирэх зургадугаар сард л гэхэд нийслэл хотод 2000 орчим орон сууцны төслүүд хэрэгжинэ.
Тиймээс аюулгүй хотыг бий болгоход Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, хэрэгждэггүй хуулиас болж иргэдийн амь нас эрсдэж байгаа асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна.
News.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!