fbpx Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
43 минут 25 секунд

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. Түүний бодлого АНУ-ын дотоод болон олон улсын түвшинд одоо ямар нөлөө үзүүлж байгаа талаар “ТВ9” телевиз “Доналд Трамп-100” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ээлжит хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар оролцжээ. Тэдний байр суурийг хүргэе.

“Горбачёв, Д.Трамп нар адил зүйл маш олон бий”

-Доналд Трампын 100 хоногт хэрэгжүүлсэн бодлого манай улсын гадаад худалдаа, гадаад бодлогод ямар нөлөө үзүүлсэн бэ?

сонин mn

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Трампын Засгийн газрын 100 хоногийг арай өөр өнцгөөс харвал зүгээр юм уу гэж харж байна. 1990-ээд онд ЗХУ-д өрнөж байсан өөрчлөн, байгуулалт, шинэчлэл Монголд болоод бүх дэлхийд нөлөөлсөн. Бараг тэрэнтэй адилхан нөлөөлөл үзүүлж байна. Тэр үед ЗХУ-ын даргаар Горбачёв гэж хүн ажиллаж байсан. Одоо АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп ажиллаж байна. Энэ хоёрт адилхан зүйл их олон байгаа. Горбачёв тухайн үед нуугдмал төр гэдэг үзэгдэлтэй тэмцсэн. Нуугдмал төр нь коммунист нам байсан. Үндсэн хуульдаа ЗХУ-ын коммунист нам бол нийгмийг чиглүүлэн хөгжүүлэгч хүчгүй гээд биччихсэн байсан.

Төр засгийн ажил, намын ажил тусдаа байх ёстой гэсэн ойлголт байсан боловч ЗХУ-ын Коммунист нам бол төр засгийн бүх салаа мөчрүүдэд төлөөллөөрөө дамжуулаад орчихсон байсан. Үүнээсээ салъя гэж үзсэн. Ингээд нуугдмал төрөөсөө салсан.

Одоо Трамп ч энэ үзэгдлээс салах гэж Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг байгуулж, тэрбумтан Элон Маскаар толгойлуулаад, 275 мянган хүнийг ажлаас халсан байна. Өнгөрсөн 100-хан хоногийн дотор 275 мянган хүн шүү дээ. Горбачёв дарга өөрчлөлтийг эхлэхдээ ЗХУ-ын коммунист намын гишүүн бүх хүмүүсийг халсан. Яг л өнөөдрийнх шиг олон 100 мянган хүн халагдаж байсан. Үүгээрээ их адилхан. Саяхан би Америк явсан. Тэнд зарим хүмүүстэй уулзаж байхад Сансар огторгуйн судлалын агентлагийн дарга Несен гэдэг сансрын нисгэгч би өчигдөр ажлаасаа халагдлаа гээд эхнэртэйгээ явж байх жишээтэй. Тэгээд тэр хүнтэй хамт байсан улсууд хэлж байсан. Вашингтоны гудамжинд ямар ч цус урсгаж байгаа юм алга. Гэхдээ энд ёстой аймаар юм болж байна гэж. Юу болоод байгаа юм гэсэн хэдэн мянган хүний хувь заяа шийдэгдэж байна, маш олон мянган хүн ажлаасаа халагдаж байна, ирээдүй нь ямар болох нь ойлгомжгүй байна. Гудамжинд тайван байгаа боловч жинхэнэ хувьсгал болж байна гэж хэлж байсан. Дараагийн нэг адилхан зүйл нь юу вэ гэхлээр Трамп ерөнхийлөгч НАТО-г байсан ч яах уу, байгаагүй ч яах уу. НАТО-гийн гишүүн орнууд одоо нэгдсэн бие биеэ хамгаална гэдэг үүрэг нь юу байх вэ.

Украйн Оросын асуудал дээр бол Европын Холбооны улсууд өөрсдөө учраа ол гэсэн байр суурь барьж байх жишээтэй. Тэгвэл Горбачёв Варшавын гэрээг хүчингүй болгож байсан. Мөн Горбачёв ЗХУ-ыг маш гоё орон болгоё, өөрчилье, мухардалт байдлаас нь гаргая, энэ хямралаас нь гаргая гэж байсан.

Горбачёвыг төрийн тэргүүн болохоос өмнө дандаа настай хүмүүс төрийг удирдаж байсан. Трамп ч гэсэн Байден бол Америкийг ёстой балласан. Өөрөө юу ярьж байгаагаа ч ойлгохгүй настай хүн гэж хүлээж авдаг. Үүгээрээ бас их адилхан. Цөөнхүүдийн асуудалд их хайнга хандаж ирсэн байна. Та нар анзаарсан бол Трамп ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлигийнх нь нэг бол АНУ-д энэ цагаас хойш эрэгтэй, эмэгтэй хоёр хүйс байна. Хоёрдугаарт, спортод хүйсээ сольсон хүмүүс орохыг би хориглож байна. Гуравдугаарт, Вог үзэл суртлыг би хориглож байна. Үүнийг илэрхийлсэн нуугдмал төрийг би цэвэрлэнэ гээд 275 мянган хүнийг халж байх жишээтэй. Горбачёв тухайн үедээ бол ЗХУ-ыг шинээр байгуулна, үнэхээр гоё улс болно гэж мөрөөдсөн. АНУ-ыг одоо дахиад агуу болгоно гэж бол мөрөөдөж байна. Тэгэхээр энэ хоёр хүний бодлого их төстэй юм. Горбачёвын өөрчлөлт Монголд ардчилсан хувьсгал.

Зүүн Европын орнуудад хувьсгал гарахад маш их нөлөөлсөн. Хүйтэн дайныг нь зогсоосон. Одоо Трампын хувьсгал бүх дэлхийд юу авчрах вэ гэдгийг бүгд нүдээ бүлтийлгэн харж байна. Тийм учраас өнөөдөр энэ тухай улс орнууд ярихаас өөр аргагүй сэдэв болчихлоо.

Д.Трампын өдөөсөн салхи гэх юм уу, энэ хувьсгал зөвхөн АНУ-аар биш, Европоор, Хятадаар, Оросоор, за тэгээд Украйн, Латин Америк бүх дэлхийгээр их хүчтэй нөлөөлж байна. АНУ бид нарт хол юм аа гэж хэлэхийн арга байхгүй. Яагаад гэвэл Монгол Улс хоёр том хөрштэйгөө сайхан харилцаатай, гэхдээ гуравдагч хөршийн бодлоготой орон. Тийм учраас Монгол нээлттэй болчихсон орон. Дэлхийд болж байгаа үйл явдал хүссэн хүсээгүй Монголд орж ирнэ. Салхи, шуурга гэх юм уу, бороо, цас гэх юм уу энэ үзэгдэл Монголын улс төрд, эдийн засагт ч бүхэлд нь нөлөөлнө гэдэг нь ойлгомжтой.

“Монгол Улсын гадаад харилцаа маш хол явсан”

-Алс холын АНУ-ын бодлого шийдвэр манай улсад ер нь яг ямар хамаатай юм бэ. Яагаад чухал гэж бодож байна?

сонин mn

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

-Ер нь дэлхийн нийтийн бодлогод маш том өөрчлөлт гарч байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхад хамгийн гол нь Америк Монголын харилцааг дээд түвшний болгосон. Энэ бол монголчууд бараг 300 жил мөрөөдсөн харилцаа гэж хэлж болно. Бид дэлхийн бодлого тодорхойлдог хоёр их гүрний дунд байдаг. Үүгээрээ бид их онцгой. Гэхдээ бид зүтгэж, зүтгэж харилцаа тогтоож чадсан. Дараа нь Цагаан ордны гадаа манай Ерөнхийлөгч Трамптай уулзсан. Энэ бол их эр зориг юм шүү. Хоёр талдаа дарангуйлагчтай, далайд гарцгүй манай орны хувьд их хэцүү шүү дээ. Гэтэл одоо улсын боомт маань нисэх онгоцны буудал болж байна даа. АНУ руу шууд нисдэг болчихлоо. Энэ бол амин чухал асуудал.

Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү:

сонин mn

-Мэдээж Монгол Америкийн харилцаа бол Монгол Улсын гадаад бодлогод онцгой ач холбогдолтой. 100 гаруй жилийн өмнө л мөрөөдөөд л явж байсан. Чин ван Ханддорж Т.Намнансүрэн нар л Америктай харилцаа тогтоох гэсэн оролдлогуудыг хийж, Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлчих санаатай их үзжээ.

Гадаад харилцаагаа, гадаад худалдаагаа хөгжүүлье, гуравдагч хөрштэй болъё гээд л явцгааж байсан улсууд л даа. Тэгээд л Санкт Петербургт очоод манай Ханддорж том орнуудын Элчин сайдын яамдын хаалгыг цохиод заримд нь одон тараах гээд л уутлаад л явж байсан улсууд. Тэрнээс хойш 100 гаруй жилийн хугацаа өнгөрч, өндөр үзүүлэлтэд хүрчихсэн байна.

Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшлийг нийгэм, эдийн засаг, улс төр гээд аваад үзэхэд гадаад харилцаа бол бүр урагшаа хол явсан. Түүнийг бүтээсэн улсууд өнөөдөр энд сууж байна. Монгол Америкийн харилцаа гээд л аваад үзэхэд Н.Энхбаяр даргыг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай АНУ-д айлчилж байлаа. Ингээд Монгол Америкийн хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Дараа жил нь Жорж Буш Монгол Улсад төрийн айлчлалаар ирсэн. Хөгжил ингэж явсан. Гэтэл 2016 онд Д.Трамп яллаа. 2017 онд Ерөнхийлөгч болсон, 2018 онд манай Д.Цогтбаатар гишүүн Гадаад харилцааны сайд байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д ажлын айлчлал хийгээд Дэд Ерөнхийлөгчтэй нь хэлэлцээ хийгээд 2004 оны иж бүрэн түншлэлээ өргөтгөж чадсан. Энэ бол том ололт гэж үзэж байсан. Гэтэл жил хүрээгүй Ерөнхийлөгч Х.Баттулга болон Д.Цогтбаатар дагалдаад АНУ-д айлчлалаар очсон. Цагаан ордонд мундаг том хэлэлцээ уулзалтууд болсон.

Өмнө тохиолдоогүй сонин сонин үзэгдэл. Д.Трамп өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг жил хүрээгүй байхад нь стратегийн түншлэл болгоод шат ахиулаад тавьчихсан байгаа. Байдены үед дэд ерөнхийлөгч Харрис манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж авч уулзаад гуравдагч хөршийн стратегийн түншлэл байгуулсан.

Тэгэхээр өнөөдөр жижиг Монгол гэлтгүй өнөөдөр дэлхийн бүх том гүрнүүдтэй түншлэлийн харилцаатай болчихлоо. Стратегийн түншлэлтэй улс гэхэд 10 дөхөж байна. Энэ жил гэхэд л Турктэй стратегийн түншлэлийг байгуулаад Чех, Польштой иж бүрэн түншлэлийг байгуулж, гадаад харилцаа маань урагшаа явж байна. Дэлхийн 18 улс нэмэх нь Европын Холбоо. Ингээд 19 субъекттэй түншлэлийн харилцаа хөгжүүлж байгаа жижиг Монгол. Эдийн засаг болон бусад потенциалаар бага ч гэлээ гадаад бодлогын хувьд ийм том амжилт олдсон байна. Яг энэ өнцгөөр Д.Трампыг авч үзэх ёстой. Трамп Хятадтай худалдааны маш том дайн хийчхээд байна. Оростой яах нь мэдэгдэхгүй байна. Украйнтай сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлэлцээр байгуулснаараа Украйны газрын ховор элемент рүү ороод ирж байна. Оросоос эргээд нүүр буруулчих шиг болсон. Ийм нөхцөлд Д.Трампын худалдааны дайн Монголд шууд биш гэхэд Хятадаар дамжин гарцаагүй том нөлөө үзүүлнэ. Манай нүүрсний экспорт болон бусад экспортууд байна. Тэгээд зам тээвэр, дэд бүтэц гээд Д.Трампын дэлхийг бужигнуулчхаад байгаа энэ бодлого Монголд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Ер нь АНУ ардчилсан улс мөн юм уу.

Дэлхийн ардчиллын хошуучлагч олон жил байж ирсэн тэр үүргээсээ Д.Трамп татгалзах гээд байна уу, үгүй юү гэдэг асуудал эргэлзээтэй болчихлоо. Ер нь Д.Трампын өөрийнх нь мэдэгдлүүдийг хараад байхад нийгэм улс төрийн түүхийн мэдлэг их нимгэн юм шиг байна.

Ямар орны удирдагч болчихсон юм бэ гэдгээ заримдаа мэдрээд заримдаа огт мэдрэхгүй байна. Эрх ашгийг хэтэрхий их дээдэлж байгаа учраас АНУ-д ашигтай л юм бол хийнэ. Ашиггүй бол хийхгүй гэдэг. Гэтэл АНУ-ыг хүйтэн дайны үеэс эхлээд хүлээж байсан гэдэг юм уу, Америкийн ивээн тэтгэлгийг өнөөдрийг хүртэл хүлээж байгаа улсууд буюу завсрын, шилжилтийн, хагас ардчилсан болоод ардчилсан улсуудыг яах юм бэ. Д.Трамп үүнд хариу өгч чадахгүй байгаа.

“Ойрын 30 жилд болоогүй эргэлт болж байгаа”

сонин mn

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Манай экспортод АНУ-ын эзлэх хувь хэмжээ өөрөө их жижигхэн л дээ, 1.1 хувь байна уу. Гэхдээ Д.Трампын тарифын аливаа өөрчлөлт бидэнд жижигхэн биш болчхоод байна шүү дээ. Манай ажлын байр, хүмүүсийн орлогод шууд нөлөөлөхүйц үр дагавар бол харьцангуй гайгүй. Дэлхийн худалдааны тогтолцоо бүрэн өөрчлөгдөөгүй, нөгөө хууль дүрмүүд чинь хэвэндээ үйлчилж байгаа шүү дээ.

Манайхыг хамгийн багаар нэмж байна гэдэг бол бидэнд эерэг л хандаж байна гэсэн үг. Нөгөө талаараа Н.Энхбаяр даргын хэлсэнчлэн дэлхийн олон улсын харилцааны тогтолцоог сууриар нь өөрчилсөн том үйл явдал бол 1990-ээд онд хүйтэн дайн зогссон үйл явдал л даа.

Түүнээс хойших 30 жилд АНУ-ын улс төрийн тогтолцоонд сэтгэлгээний өөрчлөлт гарч байгаагүй. Тэгэхээр одоо жинхэнээсээ доргилт өгч байгаа юм. Нөгөө талаасаа энэ хүнийг АНУ-ын ард иргэд сонгоод гаргаад ирж байна аа гэдэг нь тэнд үзэл бодол байж байгаагийн л илэрхийлэл. Тэгэхлээр ардчилал өөрөө зарчмаараа л явж байгаа байхгүй юу. Ардчилалд олон ургалч үзэл нь үндсэн зарчим шинж чанар нь байдаг. Тэгэхлээр тийм үзэл бодолтой хүмүүсийн дуу хоолой төрийн өндөрлөгт аль нэг үед гарах л ёстой байсан. Яагаад гэвэл алга болоогүй байсаар байсан. Одоо гарч ирээд жинхэнэ доргилтыг хэнд үзүүлж байгаа гэхлээр Америкийн ард түмэнд гэхээсээ илүү нөгөө төрийн тогтолцоонд яах аргагүй цохилт болж байна.

Миний санаж байгаагаар ойрын 30 жилд болоогүй 180 градусын эргэлт болж байгаа юм. Манайд Д.Трампын бодлого яаж тусах нь бид бодлогоо яаж өрөхөөс хамаарна. Том гүрнүүдийн бодлого олон жилээр өрөгдөөд ирчихсэн учраас шинэ дарга гарч ирээд яаж ч өөрчлөх гээд хэцүү байдаг.

Манайд бол залгамж чанар нь хадгалагдах боломж байгаа. Тэгэхээр бид ямар хариу барих вэ гэдэг маш чухал гэсэн үг. Би Д.Трамп ерөнхийлөгчтэй уулзаж байсан хүний хувьд миний толгойд үлдсэн нэг зүйл бий. Том Ерөнхийлөгч нар өөрийнхөө хэлж байсан аягүй нарийн ньюнстай зүйлийг мартдаггүй юм байна лээ. Тэгэхлээр Д.Трамп ерөнхийлөгч бол Монголд стратегийн түншлэлийн харилцаанд үе шатыг дэвшүүлж харилцахыг дэмжсэн хүн. Тэгэхлээр манайд эерэг хандах тэр суурь нь байгаа. Бид харин өөрийнхөө бодлогыг өөдөөс нь яаж угсарч тавих вэ гэдэг аягүй чухал асуудал гэж бодож байгаа юм.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Д.Трампаас суралцах хэд хэдэн зүйл ажиглагдаж байгаа. Тэр хүн ард түмнээр дэмжигдээд сонгогдсон бол яг хэлснээ хийдэг хүн. Би гарч ирээд дүрвэгчдийг зайлуулна гэсэн яг тэрийгээ л хийсэн. Сонгуулиар иймэрхүү юм ярьж л байдаг. Гарч ирснийхээ дараа шал өөр юм хийдэг гэсэн ойлголт түүнд байхгүй. Яг л сонгуульд хэлснээ хийж байна. Тэгээд одоо дүрвэгсдийг орж ирэхийг нь 95 хувиар буулгасан байна шүү дээ. Эхний 100 хоногийн дотор хууль бусаар орж байгаа дүрвэгсдийн тоог 95 хувиар буулгасан. Маш харгис үзэж байгаа. Хана босгож байна, цэрэг дайчилж байна. Бараг шүүхийн шийдвэргүйгээр ачаад аваачиж байна. Тэгэхлээр ардчилсан оронд улстөрч бол яг хэлснээ хийдэг л байх нь их чухал юм болов уу гэж. Бид нар өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Европынхон бүр шоконд орж байна шүү дээ.

Хоёрдугаарт, хүнд сурталтай төрийн алба түүний цаана хээл хахууль бизнесээ хумьж байгаа хэдэн мянган зөвшөөрлийг арилгана гэсэн. Тэгээд Элон Маскыг дайчлаад цахилгаан хөрөө бариад зогсож байгаа шүү дээ. Би Монголд тэгээсэй гэж бодож байгаа. Би Ерөнхийлөгч байхдаа төрийн алба бол Японы загвараар мерит зарчим дээр тулгуурлаад тогтвортой ажиллах ёстой гэж боддог байсан хүн л дээ. Гэтэл энэ нь эргээд засгийн эрхэнд гараад ирсэн намдаа юм хийлгэдэггүй төрийн алба болсон байна. Өөртөө зориулж ажилладаг, ажил олдог, дуртай юмаа хийдэг, дургүй юмаа хийдэггүй ийм үзэгдэл болчихсон байна шүү дээ.

Нэг жишээ хэлье. Англи Улсад Колоны асуудал хариуцсан яам байсан. Тэгээд колони байхгүй болчихсон байхад тэр яамаа татан буулгахаа мартчихсан. Тэгээд харсан чинь яамных нь төсөв, орон тоо нэмэгдчихсэн байдаг. Тэгэхлээр одоо бид энэ төрийн албанд үнэхээр реформ хийх хэрэгтэй.

Д.Трамп 275 мянган албан хаагчийг халж байгаатай адилхан шууд халж чадахгүй. Тэгэхдээ одоо цөөлөх хэрэгтэй. Шалгалт аваад давхардлыг нь арилгаад явах нь чухал. Ер нь Элон Макс шиг хүн хэрэгтэй. Гадаадад хамгийн сайн боловсрол эзэмшсэн залуу хүн төрийн албанд оръё гэхээр орж болохгүй шаардлагууд тавьчихдаг. Тэгэхээр бид энэ хуулиа бүр хүчингүй болгоод Д.Цогтбаатар гишүүн та нар маань цоо шинээр төрийн албыг хүнд суртал багатай нээлттэй ажилладаг төрийн алба руу оруулах хэрэгтэй. Харин ардчиллын талаар их өөр ойлголттой юм байна. Д.Трамп “Би тэр шүүхийн шийдвэрийг бас биелүүлэх үгүйг мэдэхгүй. Яагаад гэвэл олонх надад энэ эрхийг өгсөн” гэсэн байдаг. Тэгэхээр энэ дээр ардчиллын сөрөг тал гарч ирж байна. Тэгвэл энэ ардчилал чинь өөрөө бас дарангуйлагчдыг төрүүлчихдэг юм биш үү гэдэг асуудал бий. Нөгөө Гитлер чинь 1930 хэдэн онд ардчилсан сонгуулиар гарч ирээд дарангуйллаа тогтоочихсон шүү дээ. Бид энэ дээр бас болгоомжтой байх хэрэгтэй. Тэнцвэржүүлэх процессыг явуулна гээд төр засгийн эрхэнд байгаа улсуудын үзэмжээр нь ч юм уу.

Сонгуульд үүнийг оруулна, энийг оруулахгүй, энийг одоо хасна, тэрийг ингэж зохицуулна, энэ намыг ингэнэ гэж байгаа нь өөрөө бас эргэлзээ төрүүлж байна. Ардчилал гэдэг чинь ер нь юу юм бэ гэдэг асуудал ХХI зууны эхээр нэлээн будилчихлаа. Орон оронд ардчиллын тухай ойлголт нэлээн будилчихсан.

Орон орон л энэ дээр эрж хайгаад хариулт хайгаад судлаад улстөрчид маань үгээ хэлээд явж байна. Тийм учраас бид Трампын тухай ярихдаа Монголд хамаатай зүйл нь ардчилал гэж ер нь юу юм бэ. Сонгууль гэж юу юм бэ. Сонгуульд өрсөлдөгчдөө өмнө нь оруулахгүй байж болдог юм уу. Үгүй бол Трампын шаардаж байгаагаар оруулж байх ёстой юм уу. Тэгтэл ингээд нэлээн өвөрмөц хүн сонгогдчихвол яах вэ. Тэр нь хууль шүүхийн байгууллагынхаа тогтоосон шийдвэрийг даах даахгүйгээ мэдэхгүй гэж хэлбэл яах вэ гэх мэтийн олон асуулт энэ 100 хоногтой холбоотойгоор яригдаж байна. Миний хувьд авах ч юм байна ,гээх ч юм байна. Эдийн засгийн хувьд ч бид ярьж байсан. Трамп яг хэлснээрээ “Би гарч ирээд л хятадын бараанд өндөр тариф тавина” гэсэн түүндээ ч хүрсэн. Трампын өөрийнх нь хэлж байгаагаар АНУ нэг өдөрт дэлхийтэй таван миллиард ам.долларын алдагдалтай наймаа хийж байв. Тэр нь нэг жилд 600 орчим тэрбум ам.долларын алдагдалтай наймаа хийж байсан гэсэн үг. Хятадтай олон тэрбум долларын алдагдалтай наймаа хийж байна, тэгээд тэнцвэртэй наймаа л хийх гэж байгааг бас бодмоор байгаа юм. Уг нь тийм шүү дээ. Яагаад Америк Хятад хоёр тэнцвэртэй наймаа хийж болдоггүй юм. Трамп тийм л юм хүсэж байгаа юм байна шүү дээ.

АНУ гэж үнэхээр том улс, үнэхээр том эдийн засагтай. дэлхийн эдийн засгийн 25-27 хувь нь АНУ. АНУ-д бүтээгдэхүүнээ зарж чадах л юм бол тэр компани амжилттай байна. Хятад тэгж боссон. Одоо Солонгос тэгж босож байна. Европын холбоо тэгж босож байна.

Тийм учраас бид өөрсдөө тэнцвэртэй худалдаа хийх цаг ирж байна аа гэдгээ ойлгох хэрэгтэй. Монголыг хайрлаад гэх юм уу, эсвэл том өрсөлдөгч биш гэж мэдэж байгаа учраас суурь буюу 10 хувийн татвар тавилаа. Хятад бол 140 татвар тавьсан. Тэгэхээр нүүрсний үнэ унаж л таарна. Учир нь ган авахаа байна гэсэн үг. Машины үнэ ч унана. Учир нь гангийн үйлдвэр зогсохоор машины үйлдвэр нь зогсоно. Тэгэхээр Монголоос авах нөгөө коксжих нүүрс, зэс, бусад түүхий эд арай багасна. Манайх төсвөө маргалдаж байж баталсан. Орлого зарлага дээр орлогын тал дутна. Зарлага нэмэгдэнэ. Тиймээс бид төсвийнхөө алдагдлыг хэнээс яаж нөхөх вэ. Засгийн газар бондоо гаргаж өндөр хүүтэйгээр зээл авч нөхөх үү. Тэгвэл нөгөө хувийн хэвшлээ яаж дэмжих вэ гээд ийм олон асуудал гарч эхэлнэ. Тэгэхээр Д.Трампын одоогийн импортын татварын бодлого дээр “Монголд үйлдвэрлэв” гэдэг тэр технологийг бид нар эзэмшигч болъё гэж яриад байгаа. Тэрэнтэй адилхан Хятадын сайн технологитой үйлдвэрлэлийг оруулж ирээд, Монгол өөрөө тэр технологийг нь аваад? Монголд үйлдвэрлэв гэж Хятадын бараа бүтээгдэхүүнтэй хамтран ажиллаж Америкийн зах зээл дээр гаргаад үзвэл яасан юм. Үүнийг манай үйлдвэрлэгчдэд, баялаг бүтээгчид зэрэг хүмүүс нь ярьж байна лээ.

“Хятадын худалдааны дайн их осолтой дайн”

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

-Д.Трампын бидэнтэй хийсэн санамж бичиг, тухайн гэрээнийхээ төлөө Д.Трамп хэр чанга зогсож чадах вэ гэдэг асуудал бидний хувьд амин чухал. Монголчууд энэ юманд хүрэх гэж их зовсон гэдгийг зориуд хэлж байгаа юм. Би Н.Энхбаярын ярианаас Д.Трампад их талтай байгааг нь хараад зарим нэг зүйлээ санаж байна. Надад Н.Энхбаяртай улс төрийн замнал дээр зөрсөн, үзэл санаа нийлээгүй их олон юм байдаг.

Н.Энхбаярын үед гадаад бодлогод нэг чухал стратеги барьж байсан. Тэр нь аюулгүй байдлаа их хүчтэй гадаад бодлогоор л баталгаажуулах явдлыг их чухалчилж байсан. Жишээбэл, Олон улсын эрүүгийн шүүхүүдийн гэрээнд нэгдсэн явдлыг бид нар тэр үед сайн ойлгуулаагүй юм. Яагаад тэрийг ер нь сайн ойлгуулж чадаагүй юм.

Тухайн гэрээ нэлээд чухал байсан. Яагаад гэхээр магадгүй хоёр хөрш маань түүхээ харахаар бидний эсрэг ямар нэгэн хүчирхийлэл үйлдэх юм бол олон улсын Эрүүгийн шүүх дээр энэ хэрэг бүртгэгдэнэ. Олон улсын хэмжээнд хэрэг үүснэ гэдэг юм уу, тэр хоёр их гүрний хүмүүсийг тухайн үед дийлэхгүй янз бүр байж болно. Гэхдээ хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Өөрөөр хэлбэл, бидэн шиг улс оронд үнэхээр чухал байсан. Манайх жижиг улс учраас зүгээр л орж ирээд л нүдийг минь хольчихно. Тэр үед тэрийгээ яагаад ч олигтой хэлдэггүй байсан юм. Аюулгүй байдлын талаасаа маш хүчтэй алхам байсан. Жижиг гүрнийг дээрэлхэж болно. Гэхдээ хэрэг нь салахгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн улсууд үлдэнэ гээд ийм зүйлд бид нар нэгдээд л авсан. Түрүүн хэлсэнчлэн гуравдагч хөршийг энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулаад Ж.Бушийг авчраад л.Таныг ерөнхийлөгч байх үед энэ логик бол маш хатуу чигтэй явсан зүйл.

Гуравдагч хөршийн хүчтэй гадаад бодлогыг үнэхээр их хүчтэй тулгуур гэдгийг мэдээд тэр үед дээд түвшний айлчлалууд хийгдээд л явлаа шүү дээ. Үүнээс харахад монголчууд нэг эхэлсэн юман дээрээ буюу гадаад бодлого дээрээ маш тууштай, айхтар дипломат явсан. Чингисийн үеийн дипломат гэдэг нь энд л байсан байх гэмээр үнэхээр бахархмаар байсан.

ОХУ-ын Засгийн газартай эн зэрэгцээд өөрийнхөө санаа бодлыг тулгаад хэлдэг л байсан. Одоо тэгэхээр Д.Трамп огцом гадаад бодлого геополитикийн том цунами үүсгээд хаячихлаа шүү дээ. Трамп гарч ирснээс хойш дэлхийн дарангуйлагчдын найр болж байна шүү дээ. Зориг орчихлоо шүү дээ бүгдээрээ. Тэд бид нарыг хэн хэлдэг юм бэ гээд л. Ерөөсөө тэр даруйдаа л дарангуйлагч нар одоо хүчээ тогтоож эхэлж байна шүү дээ. Тэгэхээр ийм үед Трампын гарын үсэг чинь хэр найдвартай юм бэ.Энэ ер нь энэ гарын үсэгтээ энэ хүн тийм чанга байж чадах уу. Яагаад гэвэл Хятадын худалдааны дайн худалдааны дайнаар зогсохгүй ээ энэ их осолтой дайн. Ер нь Дэлхийн нэг, хоёрдугаар дайн чинь худалдааны дайны үргэлжлэл биз дээ. Бид яах вэ.Хятадууд энэ дээр нэлээн чанга үзэх байх. Яагаад гэвэл тэд Их Британитай худалдааны дайн хийж, одоо хоёр дахь том дайнд орж байна шүү дээ.

сонин mn

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Д.Трамп буудуулаад чих нь сэтэрч азаар амьд үлдсэн хүн. Тухайн үйл явдлыг өөрөө бурхны авралаар амьд үлдсэн, бурхан намайг илгээсэн, би бурхны элч гэж ойлгож өөрөө итгэдэг юм байна лээ. Тэрийг нь бид тооцож харьцах хэрэгтэй гэж санагддаг. Хоёрдугаарт, АНУ-ын гадаадад гарсан хоёр дахь том өөрчлөлт бол Америкт ашиг сонирхолтой л байвал танай Монгол, Хятад, Орос, Европын холбоо, Африк, Латин Америк ч юм уу Америктай харьцах гэж байгаа бол Америкийн Америкт та нартай харьцахад бас яагаад ашиг сонирхолтой байх ёстой юм бэ гэдэгт хариулж шаардах юм байна лээ.

Бид нар тэрийг олох ёстой. Гадаад бодлогын хүмүүс тэр дундаа манай Д.Цогтбаатар гишүүнтэй адилхан мэргэжлийн улсууд АНУ-тай харилцахдаа гадаад бодлого дээр гарч ирж байгаа тэр өөрчлөлтийг анзаарах нь чухал. Америк Монголтой харьцахад яагаад Америкт ашигтай вэ гэдгийг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Тийм учраас маш их явж, уулзаж, ажиллаж, ярих ёстой. Яг үүнийг тайлбарлах гэж Солонгосчууд, Япончууд, Хятадууд Вашингтонд очиж амьдарч байгаа. Яагаад Хятадтай харьцах ёстой юм. Яагаад Японтой, яагаад тэр Европтой, яагаад Солонгостой харьцах вэ гэдэг зүйл маш их хүчтэй юм байна лээ. Гуравдугаарт, Хятад улс өөрөө Америкаас их өөр. Саяын яригдсан асуудалтай холбогдуулаад хэлэхэд Хятад нь Трамп Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн дараа бууна гэж мэдэж байгаа. Тийм учраас Хятад улс бид нар таван мянган жилийн түүхтэй учраас нэг их хурцатгаад хэрэггүй. Дөрвөн жил болоод бид хүлээж чадна. Бид таван мянган жилийн түүхтэй улс учраас дөрөв тавхан жил юу ч биш. Нүд ирмэхийн зуур өнгөрнө гэдгийг мэдэж байна. Тийм учраас нэг их айхтар хурцдаад, учиргүй дайраад байхгүй. Хүлээцтэй гэх юм уу, тэвчээртэй бодлого барихаар байгаа. Д.Трамп ерөнхийлөгч өгсөн ярилцлагадаа “Хятадууд шал өөр юм хэлж байгаа. Одоо бид нартай хатуу тулж үзэхгүй гэж байгаа. Тэгэхдээ үүнийг удахгүй та нарт хэлнэ ээ” гэж. Хятад дөрөвхөн жилийн дотор болж байгаа үйл явц гэж бодож хэтэрхий хурцатгаж энэ харилцааг бүр ингээд засахын аргагүй эвдрэлцэл авчрахын оронд дөрвөн жилийн дараа ойлголцоод яачихна гэж бас арай тийм зөөлөн гэх юм уу бодлого санал болгоод байгаа юм болов уу. За тэгээд мэргэжлийн хүний хувьд бол Д.Цогтбаатар гишүүн Д. Баярхүү судлаач хоёр ярих байх.

Д.Трамп:Хятадад их хүндрэл учраасай гэж би бодохгүй байгаа шүү

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Стратегийн түншлэлийн харилцаагаа дэвшүүлж бид шинэ түвшинд хүргэсэн. Үүнийг хоёр талдаа зарлахад Д.Трамп Ерөнхийлөгч дэмжиж байлаа. Харин энэ байр суурь дээрээ байх уу гэж асууж байна. Би хүний өмнөөс бол хариулж мэдэхгүй. Гэхдээ хийж байгаа үйлдлүүдээр нь тухайн хүний цаанаа барьж байгаа бодлого байр суурь ямар байгаа вэ гэдгийг харж болно. Өнөөдрийн түвшинд ярихад жишээлбэл тарифыг зарим орнуудад айхтар өндөр буюу Мексик Канадад хүртэл 25 хувь тавьж байна шүү дээ. Тэгэхэд манайд хамгийн багаараа тавьж байгаа биз. Нэмэхгүй байж болохгүй учраас л нэмсэн. Хоёрдугаарт, АНУ-ын зээл тусламжийн байгууллагын бүх төсвийг бүх газар танасан. Монгол Улсынхыг өнөөдөр танаагүй учраас төсөл нь үргэлжлээд явж байгаа юм.

Н.Энхбаяр дарга Мянганы сорилтын сангийн тохироонд хүрэхэд хамгийн гол үүрэгтэй байсан. Энэхүү яриа хэлэлцээ Ж.Бушийн үед л эхэлж байсан юм шүү дээ. Тэгээд дараа нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа хоёр дахь сая 350 саяын Туул голын усны төслийн гэрээг хийж байсан.

Зээл тусламжийн бодлого дээр ч найдлага байгаа биз дээ. Тэгэхлээр би бол түрүүнд хэлсэн том ерөнхийлөгч нар ярьж байсан хэлж байснаа мартдаггүй юм байна лээ. Тэгэхлээр өөрөө дэмжиж байсан болохлоор бид нарт итгэх үндэслэл байна гэсэн үг. Нөгөө талаар бид ямар хариу үйлдэл хийх вэ гэдэг чухал алхам болоод байгаа байна. Н.Энхбаяр дарга хэлж байна лээ. Манайд шууд сөрөг нөлөө байхгүй ч гэсэн дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө бол дам утгаараа манайд харин орж ирнэ. Манайд зориулаагүй ч энэ том улсын хаялга манайх руу ороод ирэх эрсдэл байгаад байна шүү дээ. Тэгэхлээр БНХАУ-ын хувьд нэг зүйлийг бас хэлж байна шүү дээ. Тэгэхлээр Хятад бид нар бол айхгүй тарифаа тавь. Гэхдээ ярьж болж байна шүү гэдэг дохиогоо өгч байна гэж би үзэж байгаа юм. Тэр яриа хэлэлцээг Ерөнхийлөгч Д.Трамп ч гэсэн саяхан өгсөн.

Нэг ярилцлагадаа “Хятадад их хүндрэл учраасай гэж би бодохгүй байгаа шүү. Бидэнтэй яриасай гэж бодож байгаа” гээд дөнгөж саяхан ярилцлагаа өгсөн байна лээ. Тэгэхлээр би энэ хоёр талын солилцож байгаа сигналуудыг хараад байхад бас яриа хэлэлцээ явагдах байх.

Би сүүлийн үед олон улсын харилцааг ер нь ямар болж байгааг яг Трамп ерөнхийлөгчийг тангаргаа өргөх гэж байгаа үед өөрийнхөө томьёоллыг хэлсэн байгаа. Энэ реалист супер прогматик үе шат руу олон улсын харилцаа шилжиж байна шүү. Тэр зүгээр прагматик биш ер нь бол гадаад бодлого бол аягүй прагматик шүү дээ. Тэгээд энд бол супер прагматик нөхцөл байдал руу шилжиж байгаа. Дангаараа хүчтэй байлаа гээд дэлхийг би өөрчилж чадахгүй ээ гэдэг нь олон улсын харилцааны өөрийн тогтолцоо зөнгөөрөө буцаагаад миний хийж байгаа үйлдэлд хариу үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр бид төсвийг эргэж харахгүй бол хэтэрхий эерэг төсөөлөөд тавьчихсан байгаад байна шүү.Д.Трамп хэлснээ хийдэг юм байна. Тарифын хаялга чинь орж ирнэ шүү, орж ирэх юм бол манай экспортод нөлөөлнө шүү. Тэгсэн бид нар нөлөөлөхгүй юм шиг тавьчихсан байна гээд л яриад байсан. Одоо төрийн албан хаагчдын хувьд би яг санал нэг байна.

2022 оноос миний ганц ярьж байгаа юм төрийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ чинь хэрээсээ хэтэрчихсэн байна. Бүүр 70 хувь болчихсон гээд бод доо. хувийн сектор 30 хувь. Одоо эдийн засгийн тогтолцоог ч аваад үзэхэд 23 сайдтай байгаа.

АНУ-д 340 орчим сая хүнтэй улсын Засгийн газар кабинеттай буюу яамтай сайд нар нь 15 шүү дээ. Америкийн кабинет гэдэг чинь НҮБ-д сууж байгаа байнгын төлөөлөгч кабинетын гишүүн гэж ордог. Тэр хүмүүсийг нь нийлүүлээд тооцоод 23 сайдтай байхад бид өнөөдөр 23 сайдтай гэж байгаа биз. Тэгэхээр манай энэ төрийн тогтолцооны лагсайгаад суучихсан байдал жинхэнэ асуудал шүү. Бид нар гадаадынхантай эрүүл харьцахад гаднынхан бид нартай жижиг улс учраас хэнд ч хор хийхгүй улс юм чинь эрүүл харьцдаг. Гэтэл бидний гол асуудал дотоодын өөрсдийн зохион байгуулалтгүй, бодлогогүй байгаа байдал. Үүн дээр бид нар шийдлээ олж аливаа асуудалд мэргэжлийн түвшинд ханддаг байх маш чухал. Түүнээс сэтгэл хөдлөлөөр, таамгаар, эс үгүй бол хаа хамаагүй өөр хэмжээтэй орны юмыг зүгээр шууд хуулж авчраад тэнд тэгдэг юм байна лээ гээд ингээд хэрэгжүүлэх гээд байвал бид нар ерөөсөө урагшаа ахихгүй. Мэргэжлийн хандлага маш чухал.

Олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү:

-Өнгөрсөн 100 хоногийн гол үр дүн юм юу юм бэ гэдэгт Байден өөрөө дүгнэлтээ өгчихсөн. Одоо Америкийн олон сенатч конгрессын гишүүд Бүгд найрамдах намынхан ч гэсэн дүгнэлт өгөөд байна. Америкийг 100 хоногийн дотор ингэж их бужигнуулсан нь Америкийн түүхэнд ер нь гарч байгаагүй үзэгдэл гэж яриад байгаа юм. Америкийн хууль шүүхийн дээр Америкийн ерөнхийлөгч болоод Америкийн засаг захиргаа нь гарч байсан түүх байгаагүй.Дарангуйлал руу гэдэг юм уу авлига руу Америкийг чирээд оруулчихлаа гэсэн шүүмжлэл их байна. Вьетнамын дайны үед байсан түүнээс хойш нэг их байгаагүй.

Долоо хоног болгоны Вийкэнд одоо бямба ням гараг бол Америк даяар эсэргүүцлийн жагсаалын ретуал маягийн болж хувирлаа шүү дээ. Бямба ням гарагт заавал Америкийн олон хотуудад олон 100 мянган хүн Трампын эсрэг жагсаж байна.

Хятад таван мянган жилийн түүхтэй таван мянган жил тэвчсэн улс дөрвөн жилийг тэвчинэ гэж. Өөрсдийнх нь төлөө тийм. Тэгэхдээ энэ би Трампыг бол дөрвөн жил энэ үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэнэ гэдэгт бол би хувьдаа итгэл муутай байна. Трампыг импичментээрээ огцруулах саналыг олон сенатч конгрессын гишүүн тавиад байна шүү дээ. Трамп болбол өмнө нь хоёр удаа импичмент зарлуулахын даваан дээр зогсож байсан. 2017онд Төлөөлөгчдийн танхимд Трамп унасан сенатад аваад үлдсэн. 2017 оны нэгдүгээр сард дахиад л Төлөөлөгчдийн танхим дээр Трампыг унагасан сенат аваад үлдсэн.

Одоо тэгэхлээр яах вэ? Сенатын 100 сенатчийн 67 нь Трампыг унагах дээр санал нэгдчих юм бол шууд импичмент зарлаад Америкийн түүхэнд анхны Ерөнхийлөгчөөр яваад өгөх юм байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Оросын эсрэг хориг тавихаар Америкийн сенатын 72 сенатч санал нэгдэж нэг бүлэг болоод хуулийн төсөл оруулах гэж байна. Оросоос гадагшаа гаргадаг, зарж байгаа нефть уран гээд бүгд орсон байна лээ. Үүнийг л худалдаж авч байгаа юм уу худалдаж байгаа тэр бүх цэгэрвэл хориг оруулна хориг тавина гээд ингээд 72 бол хоёулаа санал нийлчихсэн байна л даа. Тэгэхээр 72-уулаа ийм асуудал дээр санал нэгддэг юм бол хууль зөрчөөд Америкийг бужигнуулаад дэлхийн түүхэнд цунами үүсгээд ингээд дэлхийн II дугаар дайнаас хойш тогтсон олон улсын дэг журмыг бужигнуулж байгаа Трампын эсрэг 72 сенатч нийлчих магадлал байна гэж би хараад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​