fbpx Үндсэрхэг, үндэсний эх оронч үзлийн ялгаа буюу өөрсдийгөө таних нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 41 секунд

Үндсэрхэг, үндэсний эх оронч үзлийн ялгаа буюу өөрсдийгөө таних нь

Монгол үндэстэн төрт ёсны улстай болж хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдээд 4-5 мянган жил болж байна. Зарим судлаач 8-12 мянга, бүр түүнээс ч арвин түүх хэлдэг. Дэлхий дээр 7000 гаруй үндэстэн, ард түмэн байгаагаас 2020 оны байдлаар тун цөөн буюу 193 орон НҮБ-д бүртгэгдэж тусгаар тогтносон. Тэдний нэг нь тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс билээ. Газар нутаг улсын үндэс гэж эртний Хүннү гүрний үеэс өнөөг хүртэл огт өөрчлөгдөөгүй үзэл санаа байгааг судлаачид тэмдэглэсээр ирсэн. Одоо ч дэлхий нийтэд газар нутгийн маргаан тасрахгүйгээр барахгүй зөрчил, тэмцлийн шалтгаан болсоор байгаа юм. Харин Монгол Улсын хамгийн том тусгаар тогтнолын баталгаа, давуу тал бол олон улсын гэрээгээр тогтоож, НҮБ-д бүртгэгдсэн 8252 км хил. Хоёр хөрштэйгөө нэг метрийн маргаангүй. Ийм хилтэй улс орон дэлхийд ч цөөн. Ялангуяа, Зүүн хойд Азийн бүс нутагт хилийн маргаангүй цор ганц улс бол Монгол Улс гэж хэлж болно. Тиймээс ч өнөөдрийн бүрэн бүтэн улсын хил бол монголчуудын үнэт зүйл юм. Тэр дундаа манай улсын хилийн аюулгүй байдал өөрийн үндэсний түүхтэй холбогдсон маш өвөрмөц “тогтоцтой”. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын хилийн гадна монгол үндэстнүүд амьдарч байдаг буюу монголчуудын дунд Монгол Улс оршиж байна гэж ойлгож болно. Тиймээс ч улсын хилийн гадна байгаа монгол үндэстэн ард түмэн Монгол Улсад хүндэтгэлтэй хандаж байгаа цагт бидэнд ирэх эрсдэл, аюул заналд том хаалт болж байна гэж аюулгүй байдлын судлаачид тэмдэглэжээ.

Монгол Улс ирээдүйд бүрэн эрхт байдлаа хадгалъя гэвэл өнгөрснөөс өнөөдөрт ямар замыг хэрхэн туулж ирсэн болоод өнөөдрийн нөхцөл байдлаар ирээдүй тодорхойлогддог учиртай. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар Монгол Улс хамгийн удаан оршин тогтнох үндэстнүүдийн тоонд ордог. Бид ч үүнийгээ омог бардам хэлсээр байгаа. Гэхдээ ирээдүй хэрхэх нь залуу үеэс шууд шалтгаална.

Монголчууд ирээдүйд аюулгүй байдал болон бусад бүх асуудлыг ямар байхыг хүсч байна түүндээ залуу үеэ бэлтгэж сургах шаардлагатай буюу ямар ч улс үндэстний анхаарлаа сулруулж болохгүй хэсэг бол залуу үе. Тэд ямар бодол, сэтгэхүйтэй байгаагаар ирээдүй тодорхойлогдоно.

Аль ч улсын төр, засаг өөрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаараа дамжуулан газар нутаг, ард түмнээ хамгаалж байдаг. Өөрөөр хэлбэл, нийтэд “хүчний” гэж нэрлэгддэг байгууллагууд тусдаа биеэ дааж үйл ажиллагаа явуулж байгаа мэт харагдавч эцсийн дүндээ нэгэн ижил зорилго, ирээдүйн төлөө, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэж буй. Тэгвэл ийм үнэ цэнтэй тусгаар тогтнол болох газар нутаг, бүрэн эрхтэй төр, засаг, ард түмний эв нэгдлийг ирээдүйд бүрэн бүтэн авч үлдэхийн тулд яах вэ гэдгийг анзаарахаас өөр аргагүй. Ялангуяа, улс төр, геополитикийн нөхцөл байдал эмзэг болж байгаа энэ үед өнгөрсөн, өнөөдрийг бүхэлд нь өвлөн авч, ирээдүйг бүтээх залуучууд маань тусгаар тогтнолын үнэ цэн гэх ойлголтын хаана яваа, үндэсний эв нэгдлээ батлан даах ойлголт, мэдлэг, хичээл, зүтгэлийг “шинжиж” анхаарахаас аргагүй болжээ. Манай улсын залуу үеийн хүмүүжил төлөвшил нэг хэсэг орхигдсон ч эргээд сэргэж байгаа гэж хэлж болно. Тиймдээ ч үүнийг улам төгөлдөр болгож Монгол Улсын төр, засгаас онцгой анхаарах чиглэл бол хүүхэд, залуучууд юм. Тэр дунд эцэг эхээс үр хүүхдэд өвлөгддөг ухаан бол монгол үндэсний онцлогийг харуулсан үнэт зүйл. Харин энэ үнэт зүйлийг хамгаалсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай байх ёстой. Энэ үзэл баримтлалыг зөвхөн мэргэжлийн хүмүүс гэлтгүй найман наснаас 80 настай буурлууд гээд монгол хүн бүр нэг ойлголт, зорилгоор хардаг байх нь өнөөдөр хамгийн чухал гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойг угтан үндсэрхэг үзэл болон үндэсний эх оронч үзлийг хэрхэн ялгаж, таньж ойлгох талаар хөндөж байна. Тэгвэл тусгаар тогтнолын салшгүй нэг хэсэг буюу бидэнтэй хамгийн ойр жишээ бол эх оронч үзэл болон үндсэрхэг үзэл хоёрын ялгаа зааг юм. Бидний өнөөгийн нөхцөл байдал, кейсээс харвал Монгол гэж цээжээ дэлдэж байгаа бүхэн эх оронч мөн үү. Эсвэл үндсэрхэг үзэлтэн үү гэдгийг л ялгаж салгах учиртай. Бүр тодорхой хэлбэл, Монголчуудаас бусад нь хэн ч биш, Монголоос өөр хүн манай улсын газар нутаг дээр ажиллаж, амьдарч бизнес эрхэлж болохгүй гэж жагсч цуглаж, цээжээ дэлдэж яваа хүмүүс тусгаар тогтнолоо хамгаалж байна уу. Эсвэл хий дүр эсгэж, үндэстний сэтгэл санааг үймүүлж хагалан бутаргаж хэт туйлширч байгаа юу гэдгийг хүн бүхэн “таньдаг” болж хэрсүүжихгүй бол ирээдүйд угтах эрсдлийг тааж мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, эх оронч үзэл, үйлдлийг хүн бүр өөр дээрээ харж, би үндсэрхэг үзэлтэн үү, үндэсний эх оронч үзэлтэн үү гэдгээ анзаараасай. Үүний тулд аюулгүй байдлын чиглэлийн эрдэмтэн судлаач, экпертүүдийн тусгаар тогтнолын үнэ цэнэ, гарц шийдлийг хэрхэн тодорхойлж буйг хүргэж байна. Чухам эндээс л та бидний өөрийгөө таних “үйлдэл” эхлэх юм шүү.

В.Жавхланцогт: ХЭТ ТУЙЛШИРСАН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ “ҮНДЭСНИЙ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” САНААНААС ЯЛГААТАЙ

сонин mn

ДХИС-ийн Удирдлагын академийн ахлах багш, доктор, дэд профессор, хурандаа

-Өнөөдрийг хүртэл энэ олон мянган жилийн хугацаанд монголчуудын бусдаас ялгарах хэдэн хүчин зүйл бий.

Хэл, түүх соёл, газар нутаг, зан заншил, соёл урлаг, ахуй гэх мэт Монгол гэж бусад үндэстнээс ялгаж байгаа эдгээр хүчин зүйлийг бид “Үндэсний үнэт зүйлс” гэж ойлгож, тодорхойлох хэрэгтэй. Энэ л үндэсний оршин тогтнохын үндэс болно. Газар нутаг, бүрэн эрхтэй төр, засаг, ард түмэн байгаа цагт тусгаар тогтнодог.

Монголчууд үндэсний эх оронч үзэл санааны суурьтай ард түмэн. Чингис хаан, Эзэнт гүрэн, байлдан дагуулалт, үндэсний өвөрмөц ахуй гээд монгол хүний омогшил бахархлыг бий болгох хөрс маш сайн бүрдсэн. Үүн дээр зөв загвараар ажиллавал иргэд хурдтай хүлээн авч өндөр үр дүн гарна. Энэ асуудал улс төр, боловсролын тогтолцоо ч юм уу олон эрх ашгийн уулзвар дээр яригддаг учраас их эмзэг байдаг. ЕБС-д “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлийг судалж байгаа нь зөв алхам юм. Үүнийг багаас нь их ач холбогдол өгч хүүхэд багачуудыг сургаж төлөвшүүлэх хэрэгтэй, гол суурь нь болж өгнө. Өөрөөр хэлбэл, залуу үе хаана байгааг харах хэрэгтэй болж байна. Залуу үеийг зөв чиглүүлэхэд багш, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллага гээд нийгмийн цогц харилцан хамаарал бүхий тогтолцоо хамгийн чухал. Эхлээд үндэсний эх оронч үзэл гэж юу вэ гэдгээ бодох ёстой. Юм болгон эх оронч үзэл бас биш. Үндэсний эх оронч үзэл санааг зөв ойлгуулахгүй бол Монголоос бусад нь юу ч биш мэтээр санах туйлшрал бий болох аюултай. Аль ч үндэстэн эрх ашиг, төрийн хүчээрээ түрэмгийлсэн хэл, соёл, ахуйг үгүйсгэж чадахгүй. Тиймээс залуу үе зөв бодол, мэдлэг чадвар, хандлагатай байвал урт хугацаанд оршин тогтнож, аюулгүй хөгжинө. Хүний хувийн ашиг сонирхол давамгайлаад ирэхээр үндсэрхэг үзэл, хууль бус үйлдэл рүүгээ ороод байна уу гэж бодогддог. Эх оронч үзэл, үйлдлийг хүн бүр өөр дээрээ харах хэрэгтэй. Зарим хүн хэн нэгэнд багахан тусламж үзүүлсэн үйлдлээ ч юм уу эсвэл улс орон, байгаль орчин, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор тэмцэж байгаагаа бусдад харуулж, би эх оронч хүн байна шүү гээд олон түмэнд сурталчлах гэсэн хандлага ажиглагдах юм. Хэрэв бусдад харагдахыг хүсч байгаа бол хүмүүсийн үндэсний эх оронч сэтгэлгээний суурийг ашиглах эрх ашиг байна гэсэн үг. Түрүүн хэлсэн “Монголчууд бид үндэсний эх оронч үзэл санааны суурьтай ард түмэн” гэж.

Үндсэрхэг үзэл бол бид бусдаас давуу ч гэдэг юм уу надаас бусад нь, Монголоос бусад нь хэн ч биш гэсэн хэт туйлширсан хандлага. Энд яригдаж байгаа хэт туйлширсан үндсэрхэг үзэл бол “Үндэсний эх оронч үзэл” санаанаас ялгаатай юм шүү. Үндэсний эх оронч хүн байя гэвэл зөв байх хэрэгтэй. Хүнтэй зөв харьцаж, бусдад тусалж, биеэ зөв авч явахаас л эхэлнэ. Ихэнх иргэн 100 жилийн дараа Монгол Улс орших уу гэхээс илүү өнөөдрийн 1000 төгрөг маргааш хэд болох вэ гэдэгт л анхаарч байна. Хэтдээ юу болох сонин биш зөвхөн өнөөдрөө боддог байх нь өнөөдрийн хамгийн гол бодитой аюул. Ямар ч үндэстэн тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө байдаг. Харин хүчирхэгжих тусам эрх ашгийн орон зай дотроо байгаа хүч буурай нэгжүүд рүү түрэмгийлдэг нь мөнхийн үзэгдэл. Хэчнээн сайхан харилцаатай байсан ч хүч буурай улс руу эрх ашгаа тулгах нь гарцаагүй. Аюул холд ч бий, ойрд ч бий. Энэ дэлхий өөрөө аюул заналын ертөнц. Хамгийн чухал нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах асуудлыг газар нутаг, төр, засаг, ард түмэн гэсэн гурван тулгуур агуулгаар нь тэнцвэртэй байлгахад чиглэх хэрэгтэй юм. Ер нь хүний тархинд нь л хувьсгал явагдаж байж улс үндэстний хөгжил эхэлнэ, аюулгүй оршин тогтнох нөхцөл бүрдэнэ.

Н.Даваадорж: ТУСГААР ТОГТНОСОН УЛСЫН ИРГЭН БАЙХЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХҮН БҮРТ СУРТАЛЧЛАН ТАНИУЛААСАЙ

сонин mn

ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архивын орлогч дарга, дэд хурандаа, доктор

-Тусгаар тогтнолын үнэ цэнийг ярихын өмнө туурга тусгаар, эрх, эрх чөлөөтэй байхыг тэмдэглэх ёстой. Монголчууд үеийн үед тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн. Үүний дотор 1911 онд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар тусгаар тогтнолын үндэс суурь тавигдсан түүхтэй. Тэр дундаа Монгол Улс хилийн гэрээгээр төрт улс оршин буй нутаг дэвсгэрээ хөрш зэргэлдээ нутаг орноос тусгаарлаж Монгол, Хятадын хилийг 1975 НҮБ-д бүртгүүлж албан ёсоор баталгаажуулсан. Түүнчлэн 1961 онд НҮБ-д элсч тусгаар тогтносон Монгол Улс гэдгээ зарлан тунхагласанд өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн оршиж байна. Энэ үнэ цэн хямд үнээр олдоогүй. Тиймээс өвөг дээдэс, ахмад дайчдын асгарсан цус, дусалсан хөлсөөр бидэнд ирсэн тусгаар тогтнолыг хамгаалах, ирээдүй хойч үедээ зөв таньж мэдүүлэх хэрэгтэй. Тусгаар тогтнолын өдөр шинэ жилийн уур амьсгалд дарагдаад байна уу гэж боддог. Илүү өргөн цар хүрээнд улс даяар тэмдэглэн өнгөрүүлж, боловсролын шат шатны байгууллага, ажилчид гээд тусгаар тогтносон улсын иргэн байхын үнэ цэнийг хүн бүрт сурталчлан таниулаасай. Түүхэн баримтад тулгуурласан контент олныг бүтээгээсэй гэж хүсч байна.

Харин тусгаар тогтнол гэж юу вэ гэдгээ ойлгохгүй цээжээ дэлдсэн бүхнийг эх оронч мэтээр харж, тайлбарлаж байна. Үндсэрхэг үзэл, үндэсний үзэл бол огт өөр ойлголт. Үндэсний үзэл бол Монгол хэл, соёл, зан заншил, эрхэлж байгаа аж ахуй, нийгмийг залуу хойч үедээ хадгалан үлдээхийн төлөө зүтгэж байгаа жирийн монгол айлаас төр засаг хүртлээ зохих журмын нь дагуу уламжлуулж буй үйлдэл юм. Тэр ч утгаараа Монгол үндэстэн гэдгээрээ бид дэлхийд бахархдаг. Нөгөө талаас хэт үндсэрхэг үзэл яван явсаар Монгол үндэстнийг хооронд нь бусниулж, мөргөлдөөнд хүргэж болзошгүй сөрөг үр дагавартай. Үндэс угсаагаараа хэт их ялгарах нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөнд аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс хэт туйлширсан үндсэрхэг үзлийг үндэсний үзэл мэтээр ташаа ойлгож, хандаж, тайлбарлаж болохгүй. Ялангуяа, хүүхэд залуучуудад буруу ойлголт, мэдлэг өгөх вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
 
Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг үү?
Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг үү?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ