КИЕВ. /Reuters/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийн баг Украины зүүн өмнөд нутагт оршдог “Запорожье” атомын цахилгаан станцад пүрэв гаргаас шалгалт хийж эхлэх төлөвтэй байна.
Тодруулбал, МАГАТЭ-гийн баг станцаас 60 орчим км зайд орших Запорожье хотод лхагва гарагт очжээ. МАГАТЭ-гийн тэргүүн Рафаэль Гросси тус хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө шалгалт хэдэн хоног үргэлжилнэ гэдгийг хэлсэн байна.
Р.Гросси энэхүү шалгалтыг станцын нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх “техникийн үзлэг” гэж тодорхойлжээ. Тэрбээр мөн станцын ажилчдаас ярилцлага авах шаардлагатайг хэлээд, МАГАТЭ энд “байнгын төлөөлөл”-тэй болохыг зорьж байна гэжээ. МАГАТЭ дэх Оросын Байнгын төлөөлөгч Михаил Ульяновын хувьд Москва МАГАТЭ-гийн төлөвлөгөөг сайшааж байгааг мэдээлсэн байна.
Оросын цэргүүдийн хяналтад байгаа станцын ойр орчимд сүүлийн үед их бууны сум тусах болоод байгаа нь цөмийн сүйрэлд хүргэж болзошгүй эрсдэлийг учруулаад байгаа юм.
Харин Украин, Оросын талууд уг байгууламж руу халдаж байна хэмээн харилцан бие биеэ буруутгасаар байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Моэцамэ" агентлаг