Зүүн Өмнөд Азийн Индонез улсад 99 хүүхэд нас барсны дараа сироп болон шингэн төрлийн бүх эмийн худалдааг түр хориглох шийдвэр гаргажээ.
Хэдхэн хоногийн өмнө Баруун Африкийн Гамби улсад ханиадны сироп хэрэглэсэн 70 орчим хүүхэд нас барсан юм.
Индонезын эрх баригчид сироп төрлийн зарим эмээс бөөрний цочмог дутагдал үүсгэдэг бодис илрүүлснээ мэдээлжээ.
Харин дээрх эмүүд нь дотоодод үйлдвэрлэсэн, гадаадаас импортолсон эсэх талаар дэлгэрүүлж мэдээлээгүй байна.
Пүрэв гарагийн байдлаар тус улсад бөөрний цочмог дутагдлын 200 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь тав хүртэл насны хүүхдүүд байжээ.
Гамбид гарсан эндэгдлийн дараа энэ сарын эхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ханиадны сироптой холбоотой олон улсын анхааруулга гаргасан юм.
Энэтхэгийн компанид үйлдвэрлэсэн сиропоос “diethylene glycol”, “ethylene glycol” хэмээх бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг ДЭМБ шалгаж тогтоосон байна.
Индонезид хэрэглэсэн сиропоос ижил бодисууд илэрснийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр бас мэдээлжээ.
Гэхдээ Гамби улсад зарагдаж байсан сироп Индонезид зарагдаагүйг баталсан байна. Индонезын эрх баригчид шалгалтын үр дүн гарах хүртэл сиропын үйлдвэрлэгч, брэнд нэрийг задлалгүй нууцалж, харин ийм бүх төрлийн эмийн худалдааг түр зогсоох арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: BBC