УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:10 цагт гишүүдийн 52.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байсан ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авав. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэе.
“Хөшөөтийн уурхайн 34 хувийг төр эзэмших ёстой”
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал хуулийн төсөл. Гэвч ганц хоёрхон заалтаас шалтгаалан унаж болохгүй. Тухайлбал, Гадаадын иргэнд 100 жилээр газар өгөх гэж байна гэж яриад байна. Хуулийн төсөл дээр эзэмшүүлэхгүй, зөвхөн ашиглуулах тухай заасан. Мөн үүний цаана гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг адил хэмжээнд авч үзэхээр заасан. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч ч гэсэн газрыг эзэмшихгүй ашиглах нь. Ингэж дотоодын хөрөнгө оруулагч нараа хохироож болохгүй. Хөрөнгө оруулалтын босго гэдэг дээр бас эргэлзээтэй асуудлууд их бий. Үүнийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Түүнээс биш хүч түрээд унагадаг, эсвэл хүч түрээд цаашаа явуулдаг байж болохгүй. Бид нэг Монгол Улс, ойлголцоод явмаар байна. Хоёрдугаарт, Ховдын Хөшөөтөд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна. Хөшөөтийн уурхайг яаралтай стратегийн ордод авмаар байна. Энэ уурхайн нөөцийг төсвийн хөрөнгөөр тогтоосон. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалтын компани маань Хонгконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгож ирсэн. Ингэхдээ их олон зүйл амласан. Их үүрэг хүлээсэн. Дулааны цахилгаан станц барих байв. Кокосын үйлдвэр барина. Дотоодын компаниудыг дэмжинэ гэсэн. Үүнээс ганцхан хэрэгжүүлж байгаа ажлууд нь дотоодын компаниудыг ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Гол тээврийг монголчууд тэр дундаа манай ховдчууд хийж байгаа. Цахилгаан станц барих асуудал байхгүй болсон. Баруун аймгийнхан ОХУ, Хятадаас цахилгаанаар хараат, өндөр үнэтэй тог тэндээс авч байна. Коксын үйлдвэр байхгүй. Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон жил болж байна. Тийм болохоор стратегийн ордод авъя. Монголын төр 34 хувийг эзэмшье гэсэн саналтай байна. Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрхээ Монголын ард түмэн эдлэх эрхтэй, байгалийн баялгийн тухай мэдээллийг мэдэх эрхтэй. Үндсэн хуульд заасан энэ заалтаа хэрэгжүүлмээр байна. Тэгэхгүй хардаж, сэрдээд хууль бус гэж яриад байх юм. Үүнийг нэг талд нь гаргаж шалгамаар байна. Монголын хууль хяналтын байгууллагынхан бас ажилламаар байна.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн:
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд хэлэх үг байна. Иргэдийнхээ үгийг парламентад хүргэх ёстой гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн монгол газар нутагтаа эзэн байх тухай би ярих гэж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө татах биш хөрөнгөгүй гадаад хүнд найр тавих гэж байна. Тэдэнд газраа өгөх далд санаа агуулж байгаад би харамсаж байна. Дэлхийн улс орнуудад Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, АНУ гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босготой. БНСУ 100 сая воннын босготой. Газраа ашиглуулахгүй бол, босгоо авахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн гадаадын нэг ч бизнес байхгүй. Манайд томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн шалтгаан нь юу юм. Хууль, эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой шүү дээ. Хууль байнга өөрчлөгдөж байдаг энэ эрсдэлийг тооцоод гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байгаа юм. Энэ хуульд сүүлийн 11 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт орсон байна. Үүнийг тэгвэл юу гэж ойлгох юм. Ч.Хүрэлбаатар гишүүний оруулж ирсэн энэ хууль батлагдлаа гээд бодоход жинхэнэ хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх юм уу. Эргээд нэг жилийн дараа өөрчлөгдөх хуульд хэн итгэх юм бэ. Хуульд гадаадын иргэнд газраа 100 жилээр ашиглуулахаар заажээ. Мөн Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Монгол Улсын хууль шүүх шийдэхгүй. Олон улсын арбитрын журмын дагуу шийдэхээр заасан байна. НҮБ-ын дүрмээр бол 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул иргэд гэж үздэг. Тэгэхээр энэ хуулиар бол 80 жилийн дараа бид нутгаасаа хөөгдөх, хавчигдах ийм нөхцөл байдалд хөтлөх нь. Энэ бол хоосон хардлага биш. Бодит үнэн юм шүү. Палестины түүхийг та нар хараарай. Ч.Хүрэлбаатар сайд аа, та хуулиа тат.
Ногоон автобусны түр хороо байгуулъя VS Газрын асуудлыг ч хянан шалгая
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурсан бол хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр парламент түр хороог байгуулахаар заасан. АН-ын бүлгийн гишүүд, дээр нь МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурж, 25 хүний гарын үсэгтэй ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг түр хороог байгуулсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар та ингэж хуулийг гуйвуулахаа боль. Бид дараагийн арга хэмжээг авч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно. УИХ ирэх долоо хоногт завсарлана. Үүнээс өмнө түр хороог байгуулж, хаврын чуулганы хугацаанд ногоон автобусны талаарх сонсголыг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлийг улстөржүүлж ирсэн. Ялангуяа нүүрсний сонсгол яаж АН дээр бурууг нааж, яаж МАН-аа сугалж гаргах уу гэсэн сонсгол болсон. Одоо эрх баригчидтай холбоотой асуудлыг гаргаж тавья гэхээр түр хороо байгуулахгүй аргацааж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хянан шалгалтын түр хороо байгуулах асуудлыг дүрэм журмын дагуу холбогдох байнгын хороо оруулж ирэх ёстой. Одоо нийслэлийн тээвэр, газрын асуудлаар хянан шалгах түр хороогоо байгуулж ажиллах хэрэгтэй. Нүүрсний сонсгол болсон. Санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулснаар түр хороо татан буугддаг. Түрүүнд нь байгуулагдсан түр хороо эхлээд санал дүгнэлтээ танилцуулж, дараагийн түр хороо дүгнэлтээ танилцуулах журамтай. Тийм учраас түр хороо ахалж байгаа туршлагатай гишүүд бас энэ асуудалд оролцоод Нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар түр хороо байгуулж асуудлуудыг яаралтай цэгцлэх үүрэг өгч байна.
“Жингийн цуваа явж л байдаг, жингэр банхарууд нь хуцаж л байг л дээ”
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан нэлээд том улстөржилт явагдаж байна. Монгол Улс маань хөгжмөөр байна. Ард иргэдийн амьжиргааг дээшлүүлмээр байна. Орлогыг нь нэмэгдүүлмээр байна. Монгол Улсын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол Хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх ёстой. Иргэд үүнийг л хүсч байна. Өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлж байна. Та бүхэн минь асуудлыг шинээр хараад өгөөч гэж байна. Хөгжлийн төлөө шаардлагатай алхам бүрийг хийгээд өгөөч гэж хүсч байгаа. Монголчууд бурууд нүд хурц байгаа. Ийм учраас бүгдээрээ урд өмнө гарсан бүх алдаануудаа засч сайжруулаад явах нь зүйтэй. Өнөөдөр ганцхан бирж гэдэг үг бид бүхэнд ямар их өөрчлөлт шинэчлэлийг авчирсан билээ. Биржийн хууль УИХ-д орж ирээд хоёр жил дарагдсан. Тэгээд хэлэлцсэн. Энэ хууль батлагдсаны дараа Монголын газар доорх баялгууд үнэд хүрдэг болсон. Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн. Улсын төсөв давж биелж байна. Эдийн засгийн өсөлт харагдаж байна. Ил тод байдал хангагдаж байна. Энэ ганцхан бирж гэдэг үг ямар их өөрчлөлт авчирч байгааг та бүхэн бүгд мэдэж байгаа. Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байх ёстой гэдэг шийдвэрийг бид гаргах ёстой. УИХ-ын олонхийн бүлгийнхэндээ би итгэж байна. АН, ХҮН мөн дэмжиж байна. Харин хуучнаараа байя. Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр нь хойш нь татаж ирсэн хэсэг бүлгийн гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байна. Энэ харлуулах ажиллагаандаа хэдэн тэрбум төгрөг цацаж байна. Гэхдээ нар монголчуудын сэтгэлийг харлуулж чадахгүй шүү. Монголчуудын гэрэлт ирээдүйг харлуулж чадахгүй шүү. Өнөөдөр санал хураагаад бүгдийг харцгаая. Хэн нь Монгол Улсын хөгжлийг хойш татаж байна. Хэн нь урагш түлхэх үү гэдгийг санал хураалтаас харцгаая.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хууль 2022 онд өргөн баригдаад тухайн ондоо батлагдсан шүү. Хоёр жил дарагдсан асуудал байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Манай А.Адьяасүрэн гишүүн үг хэлэх эрхтэй шүү. Та нар битгий орилж чарлаад бай. Ч.Хүрэлбаатар сайдыг үг хэлж байхад бид нар дуугүй л байгаа биз дээ. Ардчилалд суралцах хэрэгтэй шүү. Хөрөнгө оруулалтын тухай хууль олны анхааралд орж ирж байна. Энэ бол сайн. 2010, 2011 онд Монгол Улс сэргэж, эдийн засаг хоёр оронтой тоо руу орж, гадаадад хар ажил хийж байсан залуучууд эргэж ирээд гэрэл гэгээ харагдаж эхэлсэн. Дэлхий нийт Чингисийн Монгол Улс дараагийн Катар болох нь гэж яригдаж байсан. Улаанбаатар нь дараагийн Дубай болно гэгдэж байсан. Тэр хүлээлт алга болсон. Үүнээсээ сургамж авах хэрэгтэй. Ер нь аливаа улс орон, ард түмэн нэг удаа хууртаж болно. Энэ хуурталт мэдэхгүй, чадахгүйн дээр тархи угаалгаснаасаа болж байгаа. Харин хоёр дахь, гурав дахь удаагаа хууртаж болохгүй. Хэрэв хууртвал энэ ард түмний, ард түмнийг төлөөлж байгаа бидний буруу болно. Гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй байна. Энэ хэн нэгэн сайдын өргөн барьсан хууль биш гэж ойлгож байна. Засгийн газраас долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар найман жил дуншиж байж орж ирсэн хууль. Энэ хуулийн ард танай намын олонхи байгаа юм уу. үгүй юм уу. Байгаа бол "жингийн цуваа явж л байдаг, жингэр банхарууд нь хуцаж л байг" дээ. Ажлаа хийгээд хуулиа батал л даа. Удахгүй Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулганд явах гэж байна. Тэнд очоод манай улс орон нээлттэй байна гэж ам бардам хэлж чадах юм уу.
“Ерөнхийлөгчийн тухай хуульдаа оруулж өгөх ёстой юм байна”
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Аливаа улс орны эдийн засагт гурван хүчин зүйл маш чухал. Улсын төсөв, гадаадын зээл, хөрөнгө оруулалт. Үүнээс харахад Улсын төсөв маань маш их алдагдалтай, гадаадын зээл нь өрийн хязгаар давчихсан байна. Энэ үед хөрөнгө оруулалтын ямар орчинтой байх вэ гэдгийг одоо ярьж байна. Өчигдөр бид твиттерт 600 гаруй иргэнийг хамруулан хэлэлцүүлэг хийсэн. Тэнд Ерөнхий сайд асан М.Энхсайхан гуай орж ирээд нэг зүйлийг хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл нь хэзээ ч өр үүсгэдэггүй юм. Тэгэхээр өрийн дарамт байхгүй болох нь. Дараагийн нэг асуудал нь шинэ зах зээлийг бий болгодог. Ажлын байр бий болно. Дөрөвдүгээрт, шинэ технологи нөү хау орж ирнэ. Энэ мэтчилэн маш олон давуу талтай. Бид хөгжиж байгаа орон учраас гадаадын хөрөнгө оруулалт маш чухал байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг бид эцэслэх хэрэгтэй. Би АН-ыг баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас үзэл санаандаа нэгдэж энэ хуулийн төслийг дэмжээд яваасай гэж хүсч байна. Яагаад гэвэл зүүний үзэл санаа биш баруун төвийн үзэл баримтлал Монголд ус агаар шиг хэрэгтэй байна. Гадны хөрөнгө оруулагчдын хөөж, дотоодын хөрөнгө оруулагчдаа шоронд хорьдог биш, дэмждэг үзэл санаандаа хатуу зогсож өгөөч. Эрх баригчид бас ирцээ бүрдүүлээд кнопоо дараад өгөөч. Өнөөдөр энэ асуудлаа бид шийдэхгүй бол ирээдүйдээ асар их хохирлыг бий болгоно шүү. Шинэ үе чинь та нарт хариуцлага тооцно шүү. ХҮН шинэ үеийг манлайлаад гарч ирвэл бас та нарт хариуцлага тооцно гэдгээ хэлье. Дараагийн нэг асуудал нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал үнэхээр хэрэгтэй юм байна. Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүн Төрийн ордонд орж ирлээ. Нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан байдаг юм. Тэгсэн атлаа гэв гэнэт эх оронч, иргэдэд хайртай дүр үзүүлээд баатрын дүрээр гарч ирлээ. Хуулийн төслөөс шал өөр газар нутагтай агуулга ярьж, иргэдийн тархи угаалтыг хийж байна. Энэ бол худлаа мэдээлэл тарааж, монголчуудыг хагалан бутаргаж байгаа үйлдэл. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч Ерөнхийлөгчөө гэж харж хүндэтгэдэг. Өнөөдөр бусад Ерөнхийлөгч асан хүмүүс ордонд орж ирээд УИХ-ын даргатай уулзаж, хагалган бутаргах үйл ажиллагаа хийж байна уу. Үгүй биз дээ. Тэгэхээр одоо бид энэ асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуульдаа оруулж өгөх ёстой юм байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Монгол Улсад одоо үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль муу байгаагаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм биш. Монгол Улс маань зах зээлийн багтаамж багатай. Хоёр их гүрний дунд оршдог, дэд бүтэц сул хөгжсөн, авлига хээл хахуул ихтэй. Хуулийн тогтворгүй байдалтай ийм улс. Энэ мэтчилэн олон хүчин зүйлээс болж хөрөнгө оруулалт саатаж байгаа. Одоогийн хэлэлцэж байгаа хуульд энэ бүх асуудлыг эрс өөрчилж сайжруулсан зүйл байхгүй. Харин Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүснэ гэсэн болгоомжлол төрж байна. Хөрөнгө оруулалтын босго гэж байх ёстой. Багахан хөрөнгө оруулж ирээд байнга оршин суух эрх авах нь байна. Газрын тухай заалт бол өмнөх хууль дээр байсан нь үнэн. Үүнийг эзэмшүүлэх байсныг ашиглуулах болголоо гэж байна. Энэ хоёр үг бол Монгол үгийн санд хоршоо үг гэж нэрлэгддэг. Агуулга адилхан гэсэн үг. Жижиг орон өөрийн гэсэн дархлаатай байх ёстой гэж үзэж байна. Хөрөнгө оруулалт хуулийн цоорхойгүй зөв байх ёстой. Одоо манайд Оюутолгой хамгийн том хөрөнгө оруулагч байна. Гэхдээ миний хувьд РИОТИНТО-г хөрөнгө оруулагч гэж үздэггүй. Зээл зуучлагч, мөнгө хүүлэгч компани гэж хэлнэ. Монгол Улс 2048 он хүртэл ашиг авахгүй шүү дээ. Монгол Улсын төсвийн гурван хувийг ч бүрдүүлэхгүй байна. Уг нь дэлхийд тэргүүлэх маш том орд шүү дээ. Өмнө нь яг өнөөдрийнх шиг сайхан ярьж байгаад Оюутолгойг гадныханд бэлэглэсэн шүү дээ. Баялагийг борлуулсан мөнгө Монгол Улсын банкаар ч дамждаггүй. Харин хоёр жилийн өмнө Ц.Даваасүрэн гишүүн Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах УИХ-ын тогтоолын төслийг батлуулсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд түүнийг нь хүчингүй болгуулсан. Унагах, унагахдаа хууль зөрчин байж унагасан. Гишүүдийн өмнөөс кноп дарсан ш дээ, Ч.Хүрэлбаатар сайд аа. Намайг худлаа ярьж байна гэж үзвэл шүүхэд өгөөрэй. Хотгор шанагын уурхайг зарж, ах дүү нарын чинь дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн чинь үнэн ш дээ, сайд аа.
“Эрх баригч намын гишүүд хашгичиж хэрэлдээд яах вэ, завсарлага хүсч байна”
Ийнхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын бүлэг завсарлага авах санал гаргав. Завсарлага авах болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Ардчилсан нам засаг барьж байх үед орж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг ярьж байгаа үед сүржин мэдэгдлээр хандах нь буруу. Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлэхэд Ардын намын гишүүд хашгичиж гуагчих хэрэггүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд шинэчилсэн заалтуудыг яагаад оруулж ирэх болов. Энийгээ судалгаа тооцоотой хэл. Би эх орондоо хайртай, чи эх орондоо хайргүй гэдэг хандлагаар төслийг хэлэлцэх юм бол зөв хууль гарахгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуультай нийцүүлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа тул завсарлага хүсч байна” гэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль чухал төсөл. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, ажилгүйдэл бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан мэтгэлцээн өрнөж байгаа тул ажлын гурав хоногийн засварлага өглөө” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин