fbpx Монголын реализм
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
21 минут 15 секунд

Монголын реализм

Монголын кино урлагийн түүхийн тухай цуврал шүүмжийн нэгдүгээр хэсэг

Нурман дундаас өндийсөн үзэл

Дэлхийн II дайны дараах Итали орон. Дайны хөлд туйлдаж, хүмүүсийн амьдрал уландаа унасан, хамгийн гол нь соёл иргэншлийн эртний өлгий гэгдэх үндэстний нэр төр нь Фашист дэглэмийн улмаас нуран унасан хүнд цаг үе. Үндэсний бахархал бус үндэсний ичгүүр, үгүйрэл хоосрол зам бүхэн зорьдог гэлцдэг Ром хотыг бүрхээд байлаа. Сэргэн мандалтын эх оронд сэргэн мандалт хэрэгтэй энэ үед “Ром, нээлттэй хот” хэмээх кино гарсан юм. Нацистуудын мэдэлд орсон Ром хотод өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний тухай энэ кино их хотыг зорин толгой гудайлган алхах хүүхдүүдийн дүрслэлээр дуусна.

Нацистуудын эсрэг тэмцэгчид тамлуулж, буудуулж, ялагдсан ч Ром оршсоор байх болно, Ромд маргааш бий гэсэн санаа энэ энгүүн төгсгөлөөс уншигдана. Найруулагч Роберто Росселинигийн энэ бүтээл дэлхийн кино урлагт “Италийн неореализм” хэмээн нэрлэгддэг нэгэн үеийг эхлүүлжээ. Италийн неореалист найруулагчид дайны дараах улс орныхоо амьдралыг элдэв чимэг хачиргүйгээр, эмзэглэл, шаналалтай нь кино болгон дэлхий нийтэд цацсанаар улс орноо ичгүүрт хутгасангүй, харин ч ичгүүрээс аварсан юм.

Реализмын хэт өнцөг

Неореализмын тунхаг гэж бий. Тэд “Неореализм нь зөвхөн кино урлагт шинэ өнгө төрх бий болгох бус нийгэмд хандаж буй шинэ үзэл баримтлал. Гол зорилго нь сэтгэлийн таашаал төрүүлэх төдий бус нийгмийн бодит байдлыг ил тодоор харуулахад оршино... Бид амьдрал дундах эгэл, энгүүн дүрүүдийг зөвхөн уран сайхны аргаар үзүүлэхийг үл хүснэ. Харин ч эрин үеийнхээ нийгмийн амьдралыг шударга, ямар нэг чимэг хачиргүйгээр дүрслэн үзүүлэх болно” хэмээн тунхаглаж байв.

Энэхүү тунхагийг бичсэн Чезаре Заваттини бол неореализмын хамгийн алдартай бүтээл болох Витторио Де Сикагийн “Дугуйн хулгайч” киноны зохиолч юм. “Дугуйн хулгайч” кинонд ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн Итали орны тухай энгүүн хэлээр хүүрнэдэг. Антони Риччи хэмээх ажилгүй эрийн гэр бүл өлсгөлөнгийн аман дээр иржээ. Мань эрийн олсон ганц ажил болох киноны зарлал наах ажил нь цаанаа нэгийг өгүүлнэ. Цагаан хэрэглэлээ барьцаалж байж дугуйтай болсон Антони хотоор хөндлөн гулд явж киноны зарлал наах ажилтай. Гэтэл нэгэн гайтай өдөр дугуйг нь хулгайлчихав. Дугуйгаа алдсан эр бяцхан хүүгээ дагуулан эрэлд хатна. Эцэст нь хулгайчийг олох ч дугуйгаа авч чадсангүй. Арга тасарсан эцэг нь дугуй хулгайлахаар шийднэ. Гэвч хулгайч л биш бол яаж хулгай хийж чадах билээ. Баригдаж, олны ад шоо болж яваа эцгээ хүү нь олж харна. Урт, бүтэлгүй өдрийн төгсгөлд гэрийн зүг хүүгээ хөтлөн сажилж яваа аавын аргаа баран уйлдаг хэсэг бол дэлхийн киноны хамгийн өр өвтгөм сценүүдийн нэг мөн билээ.

Халаасандаа сохор улаан зоосгүй харьж үзсэн эцэг хүн бүрийн мэдэрдэг мухардал, шаналлыг үйлдвэрийн жирийн ажилчин Ламберто Мажорани гайхалтай илэрхийлнэ. Антонигийн эхнэрт тоглосон Лианелла Каррел, хүүд нь тоглосон Энцо Стайола цөм мэргэжлийн бус жүжигчид. Зэхмэл, хийсвэр тоглолт биш цэвэр амьдралыг харуулах үүднээс мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулах нь неореализмын бас нэг зарчим. Италийн неореализм дайны дараах Европын сэтгэлгээ, тэр дундаа кино урлагт тунхагласнаасаа ч илүү хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Францын шинэ давлагаа, Английн чөлөөт кино, Польшийн киноны дэг сургууль, Японы шинэ давлагаа гээд неореализмын үзэл санааг кино урлаг дахь бодит хандлага болгон хэрэгжүүлсэн киноны бүтэн үеийг тэд төрүүлсэн.

Монголын реализмРоберто Росселини

"Италийн неореалист найруулагчид дайны дараах улс орныхоо амьдралыг элдэв чимэг хачиргүйгээр, эмзэглэл, шаналалтай нь кино болгон дэлхий нийтэд цацсанаар улс орноо ичгүүрт хутгасангүй, харин ч ичгүүрээс аварсан юм."

Хориотой модны жимснүүд

Неореалист үзэл санааг дорно дахинд хамгийн амжилттай газардуулсан найруулагч бол Аббас Киорастами. “Найзын минь гэр хаана байна?” (1990), “Ойроос” (1990), “Интоорын амт” (1997) кинонууд нь Ираны эгэл, хөдөөх амьдралын дундаас яруу атлаа үнэн ахуйг дэлхийн кино урлагт гарган харуулж, үндэсний кино урлагаа ч дэлхийн түвшинд хүргэж чадсан юм. Киорастами агуу санаа, хүчирхэг эргэлт хайлгүй амьдралын гүн рүү дурангаа тусгадаг найруулагч. “Найзын минь гэр хаана байна?” кинон дээр найзынхаа дэвтрийг андуураад цүнхэлчихсэн хүү гэрийг нь мохтол эрээд олоогүй тухай л гарна. Хүү асуудлыг зүрхнийхээ угаас хүлээж авч шаналсан болохоор бүх даалгаврыг нь өөрөө хийсэн нь киноны төгсгөлд тодорхой болно. Яг арван жилийн дараа хийсэн “Интоорын амт” кинондоо Киорастами амиа хорлохоор шийдээд булшныхаа нүхийг ухаж өгөх хүн хайх хүний түүхийг үзүүлж дэлхийг гайхшируулан, Каннын кино наадмын “Алтан далдуу модны мөчир”-ийг хүртжээ. 1979 оны Исламын хувьсгалын дараа шашин болоод үзэл суртлын хатуу хоригт орсон Ираны киночдод сэтгэлгээний эрх чөлөө, урлан бүтээх эрх чөлөөгөө эдлэх ганц л арга үлдсэн нь реализм байв. Тэд эгэл жирийн хүмүүс тоглуулсан эгэл жирийн мэт санагдах түүхүүдийг бүтээж, түүнийгээ зураг авалт, яруу зохиол, бодол эргэцүүллийн хүч зэрэг хөдөлмөрөөрөө нөхөж чаджээ.

Найруулагч Жафар Панахи шинэ жилээр алтан загас худалдаж авахыг хүссэн ч зэхэж гарсан мөнгөө алдсан охины тухай “Цагаан бөмбөлөг” киногоороо Ираны нийгмийн баян хоосны туйлт ялгаа, түгжигдмэл, хоцрогдмол ахуйг гашуунаар үзүүлжээ. Панахи өөрөө такси барьчихаад хотоор хэсүүчлэн жирийн хүмүүстэй ярилцдаг зохиомжтой “Такси” (2015) кино л гэхэд Ираны нийгмийн хаалттай байдал, цензурыг хатуухан ёгтолж харуулсан хэрэг. Мэдээж хэрэг тэднийг улс нийгмээ муулсан, эх орныхоо сүүдрийг харуулж гаднынханд нэр олсон тухай хангалттай хараал зүхэл бий.

Монголын реализм

Утопийг унтраах жор

Иранаас онц ялгаагүй социализмын материал техникийн бааз байгуулах утопи дор, үзэл суртлын хяналттай нийгэмд амьдарч байсан монгол киночид 1980-аад оны дунд үеэс реалист хандлагатай кино ихээр хийх болсон. Тэдний хувьд социалист утопи, үндэсний түүхийн гуйвуулгад хүлээтэй өмнөх үеийн киночдын зовлон, соцреализмын системчлэх хандлагыг тойрон гарах арга нь уран бүтээлдээ реализмын тунг чадах чинээгээрээ нэмэх явдал байв. Асуудлыг бодитой хараад ирэхээр л нийгмийн сүүдэртэй талууд тодордог нь жам ёс. Наяад оны сүүл хагасын кинонууд үзэл суртлын гэхээсээ үнэн өнгө аястай, түүнийгээ дагаад өмнөх үеэсээ чанартай ч болж ирсэн нь бодит хандлагын үр нөлөө. Судлаач Д.Цолмон энэ үеийг монгол киноны тавдугаар үе гэж тодорхойлсон. Тавдугаар үе буюу 1980-аад оны дундаас 1990-ээд оны эхэн хүртэлх 10 хүрэхгүй жилд найруулагч Бэгзийн Балжинням, Халтарын Дамдин, Жамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн, Ичинхорлоогийн Нямгаваа, Гомбожавын Жигжидсүрэн, Нансалын Уранчимэг зэрэг реалист чиг хандлагатай найруулагчид ихээхэн үр бүтээлтэй ажилласан юм.

Социалист системийн мухардал өөрөө уран бүтээлчдээс эр зориг шаардахаас гадна нэг талаар үнэнийг өгүүлэх боломж олгосон ч байж мэднэ.

Дунд сургуулийн төгсөх ангийн охин хайртай хүүгээсээ жирэмсэн болж, онц сурлагатай хэрнээ сурсан сургууль мэргэжилгүй хоцорч буй тухай гунигт түүхийг найруулагч бүтэлгүй хайрын романс дор хулдан хүүрнэсэн “Би чамд хайртай” бол монголчуудын хамгийн хайртай кино байх. Цонхон цаана хүүхдээ тэврээд уйлан зогсоо Үрлээ охины маргаашийг, тэр айлд ирж буй шинэ он ямар бэрхшээл авчрахыг төсөөлөөд үзэхэд тун базаахгүй дүр зураг тодорно.

Эцэг нь орхин явж, ээж нь нас барж, дөрвөн дүүтэйгээ өнчирч хоцорсон бүсгүйн түүхийг өгүүлэх “Гарын таван хуруу” кино ч монголчуудын хайртай кино. Охиныхоо хуримыг алсаас ширтэн зогсоо Шагдар Хуримын ордон руу яваад очих нь юу л бол. Эгч нь тэднийг хэдий болтол бөөрөндөө нааж явж чадах бол. Ахан дүүсийн ирээдүйг төсөөлөхөд амаргүй л дур зураг тодорно. Зохиолч Ч.Лодойдамбын жүжигтээ “Хүн чанар” хэмээн тусдаа оруулсан асуудал дэвшүүлэгч дүрийг Б.Балжинням кино хэлээр амилуулсан билээ.

Дайны талбарт орхисон анд нөхрийнхөө бэлэвсэн гэргийд сэтгэл алдарч, дагавар хүүтэйгээ учраа олж ядан шаналж яваа эрийн түүхийг өгүүлэх “Сүүдэр” кино. Малын бэлчээрт хөгжим сонсож явдаг, мэдрэмтгий нь дэндсэн балчир хүү, гэмшил, хайр хоёртоо тэлэгдэн тарчилж яваа эр хүний хоорондын харилцаа. Бэгзийн Балжинням найруулагч бол монгол найруулагчдын дундаас дурангаараа амьдрал руу хамгийн гүн шагайсан найруулагч. Тийм ч учраас түүний кино бүхэн сэтгэлд хоногшиж, бүр “Б.Балжинням ба бусад” гэсэн албан бус эрэмбэ ч хожим үүсэхэд хүрчээ. Тэр амьдран буй нийгмийнхээ сүүдэр лүү зоригтой өнгийн харж чадсан уран бүтээлч. Ирээдүйд хэрхэх нь тодорхойгүй ч, ирмүүн зоригтой залуу үе түүний бүтээсэн уран сайхны ертөнцөд өсөж өндийсөн. Магадгүй нийгмийг хүчээр тогтоогч үзэл суртал удахгүй нуран унахад хамгийн их хохирч, сөхрөх, тэр хэрээрээ хамгийн түрүүнд эргээд хөл дээрээ босож ирэх эх орныхоо ирээдүйн баатруудын тухай Б.Балжинням кино хэлээр хүүрнэжээ.

Найруулагч Халтарын Дамдины 1988 онд хийсэн “Амьдралын нахиа” киног архидалтын хор уршгийн тухай кино гэж тодорхойлбол доромжилсон хэрэг болно. “Баяраа өөрөө л уначихсан юм билээ” гэдэг шиг Баяраа өөрөө л архинд орсон нь үнэн. Системийн худал хуурмаг үнэлэмжээс болж Баяраа ганцаардлыг мэдэрч, сархдаар түүнийгээ тайлж байгаа харагддаг. Гэхдээ арай илүү нухацтай бодвол Баяраагаас өөрийн дотоод сэтгэл, дарж номхруулж чадалгүй зоргоор нь тавьсан “эго”-доо дарлуулж яваа социализмын төгсгөл үеийн сэхээтний нийтлэг, зөрчилтэй сэтгэлзүй харагдана. Өөрийн тарьсан модоо өөрийн гараар хөлчүүрэн цавччихаад чирч яваа Баяраа бол архи гэдэг хорон идээгээр л гадагшлуулсан болохоос сэтгэлдээ хангалттай галзуурал, бухимдал тээж яваа төлөвшил муутай эрийн эмгэнэлт дүр. Энэ бол найруулагч Х.Дамдины амьдарч буй нийгмээ бодит, реалист өнцгөөр олж хараад хийсэн уран тайлал.

Найруулагч Ж.Сэлэнгэсүрэн мөн л наяад оны төгсгөлөөр “Илүү сартай зун” (1987), “Мартагдсан дууль” (1989) хэмээх хоёр чанартай реалист бүтээл туурвисан. Хөдөө тосгонд өөрийгөө олох гэж бэдэрч яваа Галаа хэмээх залуу бол монгол киноноос монголчуудын хамгийн хайртай дүр. Ээлжийн сантехникч Санги ахдаа дасчихдаг гэртээ цоожлогдон үлддэг охины дүр ч монголчуудын сэтгэлд хоногшсон.

Сэлэнгэсүрэн найруулагчийн энэ хоёр дүрд монголчууд яагаад хайртай вэ? Тэдний дүрд үнэний тун, бодит чанар арай илүү болохоор тэр юм.

Галаа бол одоо ч Монголын хөдөөд хэдэн мянгаараа байгаа ажилгүй залуусын хэв шинжит дүр. Ертөнцийн явдлыг хамж шимж яриад, хэзээ ашиглах нь мэдэхгүй англи хэлний ярианы дэвтэр өвөртөлж явдаг ерээд оны сумын төвийн мөрөөдөмтгий залуусын ердийн бодит олонлог нь Галаа билээ. Гэртээ ганцаар үлддэг Жаргалмаа охины дүр, ганц бие ээж Дуламсүрэнтэй бид өнөөдөр ч тааралдана. Бадрангуй хөдөлмөрч, хамтач хүй хамтлагийн уриан дор эрчимтэй бүтээн босгосон нийгмийн далд, нууцлаг булан руу дурангаа чиглүүлж, үнэнийг эрсний үр дүн нь эдгээр амьд дүрүүд ажгуу. “Мартагдсан дууль” мартагддаггүйн шалтгаан нь Т.Гоошийн мезансцен, Б.Шаравын аялгуунд ч буй. Гэхдээ Монголын хүүрнэл зохиолын нэрт мастер С.Пүрэвийн “засаршгүй реалист” бичлэг хамгаас их нөлөөлсөн буй за. Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн 1990-ээд онд хийсэн мөхлийн ирмэгт трилоги монгол киноны түүхэнд чухалд тооцогдох бүтээл болсон. Библийн “Содом ба Хоморра” нутгийнхны тухай домгоос үүтгэлээ авсан гэмээр “Бүлээн нурам” кино бол ертөнцөөс таслагдаж, мунхарсан Манжийн хяналт дахь Монголын нийгмийн балар бүдүүлэг янз байдлыг далдуур бэлгэдсэн бүтээл. Д.Нацагдоржийн тодорхойлсноор “Хөмөрсөн тогоо” мэт болж, хүний хөгжлөөс хоцорсныхоо гороор Монгол орон нээрээ л мөхлийн ирмэгт очсон нь үнэн.

Харин “Хүн чулууны нулимс” кино бол 1930-аад оны хэлмэгдүүлэлт (их хядлага) ийн шуурганд эрсдэж эрүүл ухаанаа алдсан Цэвэл хэмээх эмэгтэйн туулж буй амьдралаар монгол хүний ёс суртахуун, сэтгэлзүй хэрхэн айдаст идэгдэж, мөхлийн ирмэгт хүрсэн гашуун үнэнийг харуулдаг. “Амин мөр” кино бол орчин үеийн Монголын нийгэмд хийсэн сэтгэлзүйн анализ. “Бүлээн нурам” монгол үндэстний ёс зүйн уналтыг домог, туульсын өгүүлэмжээр харуулдаг бол, “Хүн чулууны нулимс” монгол хүний ёс суртахуун хэрхэн доройтсоныг реалист аргаар харуулна. Харин хувь хүнээс эхлээд улс нийгмээр ёс суртахууны хувьд доройтсоноос болж ирээдүй үе ямар тодорхойгүй, айдсын орчинд өсөж өндийж буйг “Амин мөр” кинонд найруулагч нэгтгэн зангиджээ. Орон гэрээсээ дайжин элчилгүй цөл рүү одож буй Анхаа хүүгийн дүр бол Г.Жигжидсүрэнгийн халил, өвөрмөц шийдэл огт бус, эсрэгээрээ реалист шийдэл юм. Найруулагч өмнөд болоод умард хөршийнхөө шууд оролцоотойгоор хүний ертөнцөөс таслагдаж, туршилтад орсны гайгаар ёс суртахууны ноцтой сүйрэлд орсноо ухамсарлахгүй байгаа монголчуудад Анхаа хүүгийн дүрээр асуулт тавьсан төдий. Анхаа хүү амьд гарах уу, хүүгийн зөв үү, эсвэл хойд эцэг Буянгийн зөв үү, энэ айл ер нь айл болох нь уу? Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” романаар Колумбын нийгэмд анализ хийсэн гэж үздэг. Их зохиолч романаа “шидэт реализм” гэж тодорхойлохыг ойшоодоггүй, реалист зохиол гэсэн нь бий. Г.Жигжидсүрэнгийн “Мөхлийн ирмэгт” трилог ч мөн адилхан шалтгаанаар реалист бүтээл юм.

Монголын реализм

Кино урлагийн түүхэнд дутуу үнэлэгдсэн, нэгэн чансаатай эмэгтэй найруулагч Монголд бий. Тэр бол Нансалын Уранчимэг юм. 1980-аад оны хоёрдугаар хагасаас эрчимжсэн монгол киноны реалист эрэл хайгуул чухам түүний бүтээлүүдэд төгөлдөршсөн билээ. Н.Уранчимэгийг Монголын хамгийн анхны неореалист найруулагч гэж тодорхойлоход хилсдүүлсэн болохгүй. 1987 онд найруулагч Ичинхорлоогийн Нямгаваагийн бүтээсэн “Үлгэр дууссан хойно” киноны зохиолд Н.Уранчимэгийн реалист, шүүмжлэлт өнцөг тодорхой туссан байдаг. Харин “Алаг мэлхийн хонх” богино хэмжээний бүтээл нь эмээгээ санан бэтгэрч, салалтаас болж шаналж буй балчир хүүгийн сэтгэлзүйн тухай неореалист хүүрнэл юм. Энэ бүтээлд туссан найруулагчийн эмзэглэл түүний анхны бүрэн хэмжээний бүтээл болох “Аргамжаа” (1992) кинонд цогц бөгөөд хүчтэй илрэн гарна. Монгол орныг орхин гарсан орос цэргүүдийн хаягдсан хотхон гэрээсээ дайжсан хүүхдүүдийн цуглардаг газар болсон нь тухайн үеийн бодит үнэн. Хүүхдүүдийг бие жижигтэйг ашиглан хулгайн бүлэг айлын цонхоор оруулж, тонуул хийлгэх ажээ. Киноны гол дүр Төрөөгийн найз Энхээ ээлжит нэгэн хулгайн үеэр амь үрэгдэнэ. Гэвч хулгайчид Төрөө хүүг орхисонгүй. Төрөө хүү биеэсээ уясан аргамжаанаас өөр хамгаалах юмгүй айлын цонх руу мацсан хэвээр. Хүүг амьдралтай сайнаар ч, муугаар ч холбож буй тэрхүү өнчин аргамжаанаас Төрөө мултрахыг балчир насныхаа хэр хэмжээгээр хичээн тэмцэнэ.

1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үед орон гэрээ орхин тэнүүлчилж эхэлсэн хүүхдүүдийн хувь тавиланг найруулагч Н.Уранчимэг яг л Чезаре Заваттинигийн тунхагт бичсэн шиг “эрин үеийнхээ нийгмийн амьдралыг шударга, ямар нэг чимэг хачиргүйгээр дүрслэн үзүүлсэн” нь энэ.

Н.Уранчимэг найруулагчийн хоёр дахь бүрэн хэмжээний бүтээл ч мөн л хүүхдийн тухай. Мөрийтэй тоглоомд морио алдсан эрийн хүүгийн талаар өгүүлэх реалист өгүүлэмжтэй “Тэнгэрийн амьтан” кино. Хил дамнасан наймаачдын гарт худалдагдсан морио торны цаанаас гуруйлан зогссоор хоцорч буй балчирхан хүүгийн дүр бол өнгөтэй, өөдтэй болгоноо хоёр хөрш рүүгээ 100 жилийн турш зөөж барсан монголчуудын эмгэнэлт тавилангийн реалист дүрслэл юм.

Реализмын зохист тун

Монголын кино урлагт реализм хэрхэн төлөвшсөн тухай эхлэн өгүүлэхэд ийм байна. Өгүүлэн буй энэ үе бол монгол киноны түүхийн алтан үе юм. Энэ үеэс өмнөх монгол киноны хөгжил, төлөвшил хийгээд, энэ үеэс хойш эдүгээ цаг хүртэлх монгол киноны замналын талаар реализмын шалгуураар цаашид хоёр ч шүүмж бичих төлөвлөгөө буй.

Реализм гэдэг урлагийн түүхийн нэг үе биш, сэтгэлгээний суурь хандлага юм. Нэн ялангуяа кино урлагт бодит байдлыг үзүүлэх, бодит байдлыг үнэлэх хандлага өдгөө ч хүчтэй хэвээр.

Зөгнөлт кинонд ч реалист хандлага чухал үүрэгтэй. Эцсийн эцэст ямар ч жанрын бүтээл бай, реализмын тунг хэрхэн урлан таацуулсан, бодит хандлагыг хэр оновчтой шингээж чадсан нь цаг хугацааны шалгуурыг давж үлддэг нь урлагийн бичигдээгүй хууль. Хийсвэрлэлийн үнэ цэнийг түүнээс илрэх бодит утгын далайцаар хэмжих ажгуу.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ
Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

“Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх үндэсний ялагч Б.Эрдэнэсувд

“Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх үндэсний ялагч Б.Эрдэнэсувд

Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв

Трамп гар утас, цахилгаан бараануудыг өндөр татвараас чөлөөлөв

УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү

УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үү

36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

36 настай эмэгтэй нууц амрагтайгаа нийлэн нөхрийнхөө хоол, тарианд уксус хийж хөнөөхийг завджээ

Б.Жавхлан сайдыг шалгах уу?

Б.Жавхлан сайдыг шалгах уу?

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН ХҮҮ ХУВЬДАА НҮХТИЙН АМАНД 30 ӨРӨӨТЭЙ ХАУС БАРЬЖЭЭ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Н.НАЦАГДОРЖИЙН ХҮҮ ХУВЬДАА НҮХТИЙН АМАНД 30 ӨРӨӨТЭЙ ХАУС БАРЬЖЭЭ

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)

Д.Баярхүү: Сэтгэлээ онгойтол хараацгаа! Кортизол мандтугай! (2)

Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

Н.Ганибал: АН бүрэн шинэчлэгдсэний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

“…Төгрөг нуурыг 100 хувь өгье, Ухаахудагийг ч 100 хувь өгчих”

Талийгаач гал сөнөөгчийн эхнэр Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна

Талийгаач гал сөнөөгчийн эхнэр Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм аа гэхэд ард нь үлдэж байгаа ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​