Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, түүний найз, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням болон тэдний өмгөөлөгч П.Баасанжав, Г.Должинсүрэн, Б.Мөнхбат, О.Сайнгэрэл, Ө.Оргил нарын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Ерөнхий сайд асан С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн хэмээн буруутган ялласан.
Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн 2 жил зургаан сар болгон бууруулж, харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус буурууллаа. Харин хөрөнгө хураах, торгуулийн ялыг хэвээр үлдээжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР