Д.Сарангэрэл: Эмч нар ажил хаях тухай мэдэгдлээ Эрүүл мэндийн яаманд өгөөгүй


Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэхээр тэмцэж, энэ сарын 5-ны өдөр ажил хаяна хэмээн мэдэгдлээ. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгааг нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа. 

Тэрбээр, Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаях тухай мэдэгдлээ Эрүүл мэндийн яаманд өгөөгүй. Хийсэн ажлаа бодитоор үнэлүүлэх тухай эмч, эмнэлгийн ажилтнуудын шаардлагыг Эрүүл мэндийн яам  хүлээн зөвшөөрч байна. Яамнаас эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачааллын бодит үнэлгээг хийж дууссан.

Ирэх аравдугаар сард цалин нэмэх боломж бүрдэх байх гэж хүлээж байна. Цалин нэмүүлэх тухай эмч, мэргэжилтнүүдийн тэмцлийг УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам зэрэг бүх түвшиндээ санал нийлж байгаа. Гэвч яг одоогоор эдийн засгийн боломж хомс байна.

Нөгөө талаас хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нарт ажил хаях тухай ойлголт байж болохгүй. Тийм ч учраас эмч нар энэ асуудлаар Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандахгүй байна гэж бодож байна. Эмч нар ажил хаяж, үүнээс үүдэн хүний эрүүл мэнд хохирох эрсдэл гарахгүй гэж найдаж байна гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал: