Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй


Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

“Маш нууц 1,2”, “Зүрхний хилэн” гээд бүтээсэн бүтээл бүрээрээ үзэгч түмнийхээ мэлмий болоод оюуныг үргэлж тэлж байдаг “Фантастик” продакшны залуус энэ намар бас нэгэн шинэхэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Тэд энэхүү бүтээлээ “37-р точка” хэмээн нэрлэжээ. Та бүхэнд тус киноны ерөнхий найруулагч, МУСТА Б.Тамиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 


-Фантастик продакшны анхны олон ангит кино тун удахгүй нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ том ажлын ард гарсан танай хамт олонд баяр хүргэе.

-Баярлалаа

-Та бүхний өмнөх уран бүтээлүүд жишээ нь “Зүрхний хилэн”, “Байтаг богд” зэрэг кинонууд Монголын кино ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нээж чадсан. Кино бүрийн илэрхийлэмж үзэгчдэд нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэж байсан шүү дээ. Тиймдээ ч тэр үү Фантастикийн дараагийн уран бүтээлд үзэгчдийн зүгээс маш их хүлээлт үүсчихсэн байна. Та бүхэн энэ удаа юуг илэрхийлж гаргахаар зорьсон бэ?

-Кино тэр чигтээ л хүний амьдралыг өгүүлэх болно. 37-р точкад амьдардаг хэсэг залуус явсаар байгаад Улаанбаатарт ирж байгаа үйл явдал гарна. Цаг хугацааны хувьд яг тэдэн он гэсэн зүйл байхгүй. Фантастикийн залуус маань киноны ихэнх үйл явдлыг ийм цаг үе байсан бол гоё байхдаа гэсэн өөрсдийнхөө төсөөллөөр сэтгэж бүтээсэн. Гэхдээ мэдээж энэ нь Монгол Улсад болж байсан тод томруун үйл явдлуудтай холбогдох болно. Тухайн үеийн атаман, хулигаануудын тухай нэг ийм гангстер киног бүтээх санаа бүүр бидний оюутан байх үеэс л үргэлж цээжинд багтаж, ярьж явсаар өдийг хүрчихсэн байна. Одоо ингээд тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу киногоо бүтээж байна даа.

Кино урлаг гэдэг өөрөө нэгдүгээрт бизнесийн салбар, хоёрдугаарт соён гэгээрүүлэх талбар юм. Энэ кинонд гарах анги бүрээс хүн хажуудаа хэн байсныг дэргэд байхгүй болох үед л ойлгодог юм байна гэдгийг, өөрөө хэн байж байгаад хэн болсноо нэг л өдөр ухаардаг юм байна, гэр бүл, нэр хүнд гэдэг чухам яг юу юм, хүн юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг ойлгох болно. Бидний бүтээсэн энэ бүтээлийг залуус маань үзээсэй гэж маш их хүсэж байна. Яагаад гэвэл хэдийгээр 30, 40-өөд жилийн өмнөх үйл явдлыг харуулж буй мэт боловч өнөө цагийн залуусын амьдрал ч бас тольны тусгал мэт киноноос маань харагдах болно.

-Фантастик продакшны залуус өмнө нь бүрэн хэмжээний кинонууд бүтээж байсан. Харин одоо олон ангит кино хийлээ. Яагаад олон ангит кино хийхээр шийдсэн бэ?

-Нэгдүгээрт энэ жил манай Фантастик продакшны 10 жилийн ой тохиож байна. Нөгөөтэйгүүр бид ярихаасаа илүү хийж, хийсэн зүйлээ үзүүлэхийг хичээдэг. Түрүүн та хэлсэн. “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг манай уран бүтээлүүд Монголын кино урлагт шинэ хуудсыг нээсэн гэж. Бид хөдөлмөрлөх ид насан дээрээ байна шүү дээ. Яг энэ үедээ л олон ангит киноны түвшинг илүү өндөрт хүргэж чадвал дэлхийн зах зээл дээр ч бай, дотоодын зах зээл дээр ч бай кино урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах байх гэж бодоод байгаа юм. Тиймээс бид нэг ангийг нь л гэхэд нэг ангит бүрэн хэмжээний киноны дайтай бүтээж, онц сонирхолтой байхаар төлөвлөж байгаа. Холливудад л ийм байдаг, бид нар яах вэ угаасаа орос школтой хүмүүс шүү дээ гээд хойшоо суугаад байж болохгүй. Бид л цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Жишээ нь сүүлийн хэдэн жил “Game Of Thrones” телевизийн цуврал дэлхийг байлдан дагууллаа. Бид ч мөн адил хөлтэй, гартай, тархитай хүмүүс шүү дээ. Яагаад бид хийж болохгүй гэж гэсэн том зорилго Фантастикийнхны хувьд байдаг. Яагаад бид өндөр түвшинд гадны зах зээлийн кинотой өрсөлдөхүйц хэмжээнд график дүрслэл хийж болохгүй гэж гэсэн хүсэл эрмэлзлүүд л биднийг дэвшил рүү хөтөлнө. Бид бүтээсэн кино бүрээсээ маш ихийг сурч, гаргасан алдаануудаа ойлгож, түүнээсээ суралцдаг. Энэ л бидэнд таалагддаг. Учир нь бид цаашид кино урлагт ажиллах залуусын замыг нь цуулж явна шүү дээ.

Ерөнхийдөө бол Монголд яагаад ийм олон ангит кино хийж болохгүй гэж хэмээн бодсоны үндсэн дээр 37-р точкаг бүтээсэн. Одоо л хийхгүй бол 40 нас гараад ирэхэд бид энэ төрлийн кино хийхэд хоцрогдох болно. Тиймээс одоо л хийх цаг мөч мөн. Мэдээж кино бүтээх хэцүү. Бид “Зүрхний хилэн”, “Байтаг богд” хоёрыг зэрэг хийж байсан. Тухайн үед их хүнд байсан. “Зүрхний хилэн”-г хийгээд гэртээ ирж хоёр хоноод л Байтаг богдруугаа орж байлаа. Тэгэхэд бодож байлаа, “Ямар их хөдөлмөрлөж байна аа” гэж. Арга ч үгүй биз өдөр шөнөгүй л зураг авалттай байсан. Тэгтэл сая 37-р точка киногоо хийж байх үед миний тэр үеийн хөдөлмөр юу ч биш байсан гэдгийг мэдэрсэн. Яагаад гэвэл бид нэг анги нь л бүрэн хэмжээний кино шиг байхаар хэмжээнд бүтээж, гэрэл, дуу, найруулга, зохиол гээд бүгдийг төгс байлгаж хийсэн учир нэг олон ангит кино гэхээсээ илүүтэй хорин бүрэн хэмжээний кино бүтээсэн гэж ойлгож болно.

37-р точкад маш том хэмжээний баг бүрэлдэхүүн ажилласан. Найруулагчийн баг гэхэд л 8 хүн, масс, туслах, гол дүрийн жүжигчдийн хувцаслалт, нүүр будаг, үс засалт гээд л зургийн талбайн зөвхөн арын албанд л гэхэд 200 гаруй хүн ажилласан байх жишээтэй. Эхлээд бид хийнэ гэж байснаа сүүлдээ айсан. Гэхдээ айгаад л зогсох юм бол бүх зүйл балрах учраас залуус маань маш сайн төлөвлөөд нэгэн зэрэг нүдээ аниад дайрсан даа. Сүүлд Дарханд зураг авахаар очиход бид киноныхоо 90 хувийг хийсэн байсан. Ердөө 10 хувь үлдсэн байсан. Тэр зургийг аваад дууслаа гэж бодох үед өөрийн эрхгүй голоос нэг зүйл гогдоод нулимс урсах гэж байсан. Хамгийн түрүүнд багийнхандаа л баярлалаа гэж хэлсэн дээ. Яагаад гэвэл хэн нь ч замын голоос эргэж буцаагүй. Эргээд харахад бүгд л кино зураг авалтын турш кинон дотроо амьдарч, үнэхээр сайхан дурсамжийг хамтдаа бүтээлцсэн байна.

-Энэхүү уран бүтээл ямар хугацаанд бүтсэн бэ?

-Өнгөрсөн оны 7-р сараас зураг авалтын бэлтгэл ажилдаа орсон. 10-р сараас эхлэн хагас жилийн турш зураг авалт үргэлжилсэн. Одоогоор монтажны ажил дуусаад, өнгө засалт, дууны ажил дээрээ явж байна. Тун удахгүй үзэгчдэд хүрэх болно. Түүнээс наана бид нээлтээ хийхээр бэлдэж байна. Уран бүтээлчдийн хувьд нээлтийн өдөр л хамгийн аз жаргалтай өдөр байдаг даа. Тамирын муухай аашилсан, бүх хүний уйлсан инээсэн гээд энэ бүхний үр дүн нээлтийн өдөр л гардаг. Гэрэл техник, зургийнхан гээд манай багийн бүх хүмүүс үнэхээр сайн ажилласан.

-Кино хэрхэн бүтсэн талаар сонирхолтой баримтуудаас уншигчдад хуваалцахгүй юу.

-Өмнө нь “18 нас” киног бүтээхэд 1000 масс цуглуулж байсан бол сая Дарханд зураг авахдаа бид нийт 1200 хүнийг нэг дор цуглуулж массын зураг авсан. Бас Монголын олон ангит киноны хэмжээнд 180 терабайт дүрс авч рекорд тогтоосон.

Хувцаснууд л гэхэд хуучны үеийн цагдаа цэргийн хувцас гээд л одоо цагт байхгүй болсон хувцаснуудыг бүгдийг нь шинээр хийлгэсэн. Тэр хувцаснуудын материал нь хүртэл олдохоо байчихсан юм байна. Тиймээс тэр үеийн цэргийн хувцасны материалыг Оросоос захиж авчруулж байлаа.

Мэдээж 70, 80-аад оны залуусын дунд хит болж байсан олон дууг тухайлбал Toto Cutugno, Boney М, QUEEN гэх мэт маш олон хамтлаг дуучдын уран бүтээлүүдийг бид албан ёсны эрхтэйгээр худалдан авч кинондоо ашигласан. Мөн Монголын маань Соёл-Эрдэнэ, Инээмсэглэл, Бадар-Ууган агсан зэрэг дуучид, уран бүтээлчдийнхээ дуунуудыг бид албан ёсны эрхтэйгээр авч ашигласан нь үзэгчдэд яг л тэр цаг үеийг үнэртүүлж, тухайн орчинд аваачих болов уу.

Бас нэг сонирхолтой зүйл бол зураг авсан ихэнх байршлууд биднийг зураг авсны дараахан нураагдаж, эсвэл засагдаж өөрчлөгдсөн байсан. Жишээ нь Мааньтын шорон л гэхэд л одоо байхгүй болчихсон, бид яг л нураахаас нь өмнө амжиж зураг авсан байсан. Тухайн үеийн олон ч обьектуудыг бид өөрсдөө зассан. Эмнэлэг, цагдаа, нийтийн байр, бүжгийн клуб, сургууль, шорон гээд л...

-“37-р точка” кино бүтээл гэдэг утгаараа юугаараа онцгойрч чадна гэж та ам бардам хэлэх вэ?

-Зүгээр л энэ кино өөрөө онцгой. Бид саяхан цуглаад эхний 10 ангийнхаа үзлэгийг хийсэн юм. Тэндээс анзаарч харсан алдаануудаа бүгд тэмдэглэхээр болсон л доо. Гэтэл үзээд дууссаны дараа бүгд кинондоо бүрэн автчихсан, хэн ч юу ч тэмдэглээгүй байсан. Уран бүтээлч хүмүүс өөрсдөө зохиолоо мартаад кинондоо тэгэж автана гэдэг чинь маш том зүйл байх. Тэр үед л би маш их олзуурхсан. Тэгэхээр энгийн үзэгчид үзээд энэ кинонд автана гэдэг бол тодорхой асуудал болов уу. Хүн хийсэн зүйлээрээ бахархах, бардамнах нь сайхан боловч цаана нь мэдээж хэрэг бидэнд тодорхой хэмжээний айдас, хүлээлт байсаар л байна. Гэхдээ ямар ч байсан миний анзаарч байгаагаар Монголд энэ хэмжээнд олон ангит кино хийгдэж байгаагүй, дахин хийтлээ ч удах байх. Зохиолын хувьд ч тэр, жүжигчдийн сонголтын хувьд ч тэр үүнийг би ам бардам хэлнэ. Зорьсон зорилгодоо хүрэх гэж бид чадах чинээгээрээ хичээсэн. Зорилгодоо яг таг хүрээгүй ч их л ойрхон унасан болов уу.

-Кино гарч эхлэх өдрийг тэсэн ядан хүлээж байна шүү. “37-р точка”-г үзэгчдэд ямар сувгуудаар хэрхэн хүргэх вэ?

-Кино маань гарахад тун богинохон хугацаа үлдсэн байна. Бид маш их хөдөлмөрлөж, хөрөнгө зарцуулж бүтээсэн уран бүтээл учраас аль болох олон үзэгчдэд хүрээсэй гэж хүсэж, олон төрлийн сонголтоор үзэх боломжийг нээж өгсөн. Тун удахгүй Скаймедиа видео санд киноны маань нэгдүгээр анги орж эхлэх болно. Үүнээс 7 хоногийн дараачаас STAR болон NTV телевизийн сувгуудаар киногоо цацаж эхэлнэ. Бид гадаадад байгаа монголчуудаа ч бас мартаагүй. SkyGo.mn болон гар утасны SkyGo аппликэйшнээр дамжуулан бидний уран бүтээлийг үзэх боломж нээлттэй. 37-р точка кино маань үндсэн үйл явдлаар нь хуваасан нийт хоёр бүлэгтэй, бүлэг бүр нь 10 ангиас бүтэж байгаа. Анги бүрийг долоо долоо хоногийн хүлээлттэйгээр үзэгчдэдээ хүргэх болно.  

Мөн бид нийт уран бүтээлчдээ цуглуулаад удахгүй хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал дээрээ хэн хэн юуг яаж хийсэн гэдгээ үзэгчдэдээ тайлагнаж, илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.