ҮСХ-ноос АТГ-ын ажилтан албан хаагчдад зориулан гэмт хэрэг, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэдээлэл өгөх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Статистикийн тухай хуулиар яам тамгын газар, агентлагууд нь статистикийн нэгжтэй байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл тэр нэгж нь тус байгууллагуудад байдаггүй. Хэн нэгэн тамгын газрын ажилтанд хавсарган хариуцуулчихдаг. Нөгөө хүн нь мэргэжлийн бус учраас статистикийн талаар ойлголт тааруу байдаг. Мөн дээрээс нь тухайн ажлыг хийж буй хүн ямар нэгэн шалтгаанаар солигдох тохиолдол элбэг байдаг. Энэ нь статистикийн мэдээллийн чанарт маш их сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хамтын ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулах үүднээс яам, тамгын газар, агентлагууд болон бусад салбарынханд ч манайхаас сургалт зохион байгуулдаг. Өнөөдрийн сургалтаар хэрэгтэй мэдээллээ авна гэдэгт итгэлтэй байна. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээгээд холбогдох мэдээллийг өгч, ҮСХ-ноос гаргаж буй цахим болон хэвлэмэл ном, товхимлыг танилцуулсан.
Үргэлжлүүлэн “Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамаарал, түүнийг тооцох”, “Гэмт хэргийн статистикийн өнөөгийн байдал, түүнийг тооцох арга зүй”, “Статистикийн мэдээллийн үйлчилгээний төрөл” зэрэг сэдвээр ҮСХ-ны статистикч Г.Батбуян, Ц.Дулмаа, О.Норовсамбуу нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.