Сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх хавраас төмс тариалж эхлэхээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр цахим хуудсандаа "Ирэх хавраас монгол төмс тарихаар шийдлээ. Монгол төмс бол гайхамшигтай эрдэнэ юм" гэв. Тэгвэл энэ салбарт хөрөнгө оруулж 15 жил үйл ажиллагаагаа явуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хүнсний ногооны салбараас гарахаа мэдэгдсэн. Гацуурт компанийн мэдэгдэлд "Хүнсний ногоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд байнгын алдагдал хүлээж, улмаар цаашид үргэлжлүүлэх боломжгүй хэмжээнд хүрлээ" хэмээжээ.
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ салбарт шинэ хүн биш бөгөөд Дорнод аймагт гурвалжин будаа тариалдаг. Тэрбээр төмс, хүнсний ногоо тариалж эхэлбэл энэ нь түүний хоёрдахь хөрөнгө оруулалт болно. Аса аварга гадны улсаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний ногоо худалдан авахыг эсэргүүцдэг байр сууриа удаа дараа илэрхийлж байсан .
Гацуурт компани төмс, хүнсний ногоо тариалахаа зогсоовол манай улсын хувьд Өмнөд хөршөөсөө ногоо оруулж ирнэ гэсэн үг. Хэдийгээр жижиг тариаланчид байгаа ч тэд Гацууртын хэмжээний төмс, хүнсний ногоо тариалж, тэдний орон зай, зах зээлийг эзлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай. Засаг, төрөөс хүчтэй дэмжиж байж л 4-5 жилийн дотор үүнийг хийж чадна гэсэн үг юм. Ямартай ч Их аварга маань хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг.
Шуурхай.мн