Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж, АТГ шалгаж буй билээ.
Уг хэргийг шалгаж явцад түүнийг албадан саатуулах шаардлагатай гэж үзэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа цагдан хорих 461-р ангид нэг сар орчим хорьсон ч төд удалгүй сулласан юм.
Түүнд хилийн хориг тавиасан боловч Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаантай, Өмнөд Солонгост эмчлүүлэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн шүүх түүнд тавьсан хилийн хоригийг цуцалсан билээ.
Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 21-нд өөрийн хүсэлтээр очихоо мэдэгдсэн ч тэрээр өнөөг хүртэл Монгол улсад ирээгүй хэвээр байна. Тэрбээр БНСУ-д биш АНУ-д байгаа ба улмаар албадан Монгол улсад авчрах ажиллагаа АТГ-аас явуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг АНУ-аас албадан ирүүлэхэд тодорхой цаг хугацаа орохоос гадна эрхзүйн үндэслэлүүд нь ил тод, Америкийн хуулийн байгуулагатай ойлголцсон байх хэрэгтэй гэдгийг хэлж байна.
Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг Прокурорын газарт шилжүүлжээ.
Шуурхай.мн