Амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт УДЭТ-ыг нураах тухай албан бичиг ирсэн гэх мэдээлэл гараад буй бөгөөд үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв.
Тэрбээр “2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Тайван амгалан байж болно, УДЭТ-ыг нураахгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. 2020 онд барилга болон тоног төхөөрөмж, тайз дэлгэцийг засах хоёр тэрбум төгрөг суулгасан.
Энэ долоо хоногт Төв номын сангийн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрт ажиллана. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна ” гэв.Мөн Салбарын бусад асуудлын талаар мэдээлэл өглөө.