Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж эхэллээ.
Уг хэрэг нь анх нь Номин холдингийн захирал Ш.Баярсайхан шүүхэд гомдол гаргаснаар эхэлсэн түүхтэй. Ариг банкинд хувьцаа эзэмшдэг Б.Эрдэнэбат хууль бус ажиллагаа явуулж байгаа тухай гомдол байв. Уг гомдол эдүгээ явсаар Б.Эрдэнэбат гэр бүлийн хүний хамтаар ял авахад хүрээд буй. Өмнө нь уг хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан байдаг. Улмаар Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлээд байсан юм. Гэвч прокуророос хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Хоёр жил дамнан үргэлжилж байгаа Номин холдинг, Эрэл, Ариг гэх томоохон компани, банкны хоорондох маргаанд Улсын дээд шүүхийн шийдвэр цэг тавих учиртай.
Эх сурвалж: shuurhai.mn