fbpx Богд хааны Монголын ирээдүйн талаар буулгасан хоёр зарлиг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
38 минут 35 секунд

Богд хааны Монголын ирээдүйн талаар буулгасан хоёр зарлиг

1911 оны Монголын үндэсний хувьсгалын түүхэн ач холбогдол: Богд хааны Монголын ирээдүйн талаар буулгасан хоёр зарлигийн тухай

1911 оны Монголын үндэсний хувьсгалын 110 жилийн ойд зориулан зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Оохнойн Батсайханы илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

1911 онд тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан Монгол Улсад бурхан шашин бие даан хөгжих үндэс суурь тавигдсан төдийгүй, эл цаг үеэс монголчууд өөрийн үндэсний соёл, уламжлал, үнэт эрхэм зүйлсээ таньж мэдэх уламжлан өвлүүлэх үндсийг тавьсан билээ.

1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ.

“Монголын цагаагчин гахай жилийн 11 дүгээр сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.

Богд хаан тэргүүтэй Монгол Улсын засгийн газрын сайд нар, ноёд, түшмэд ихэд хичээнгүйлэн сэргээн байгуулж буй Монгол улсын тусгаар тогтнол, төр улс бол хууль ёсных гэдгийг сайтар нотлохыг ихэд хичээсэн нь илэрхий байна. Өвлийн дунд сарын шиний 9-ний өдөр Монгол Улсын эзэн хааны суудалд бурханы шашны тэргүүнээ өргөмжилсөн төрийн ёслол нь олон улсын хууль ёсны дагуу, бүр нарийвчлан хэлбэл Хенри Вытоны Түмэн улсын ердийн цаазын 2 дугаар бүлэгт буй "хааны бие нь улсын дүрс лугаа ялгаваргүй" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 28), "Эзний эрхийг алдаагүй ба улс төр мөхөөгүй нь хэрэв шинээр байгуулсан улсыг олон улс харилцан хүлээж хүлээв хэмээх нь түүний өөрсдөө тогтнох ба өөрсдөө эзэрхэх улс болохыг хүлээх бөгөөд нааш цааш явуулах нь буюу их угсаанд угтан оруулах эсэхийг бүрнээ олон улсаас дуртайяа, эсхүл түүний дотоод дахь улсын цаазыг үзэх ба эсхүл тэрхүү улсын хааныг үзэж тогтоох болой" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 28), "Энэ улсын хаан эзэн бус улсад очвоос тэр улсад хамаарагдан захируулахгүй. эзэн... айл улсын хууль цаазад захирагдахгүй", "тус улсын сүр эрх мөн эзний биед хэвээр бүхий" (Мөн тэнд 68) гэсэн заалтуудыг баримталсан болох нь тодорхой байна. Хенри Вытоны Түмэн улсын ердийн цааз бичгээс монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан дэвтрүүдийг харах аваас улсын тусгаар тогтнол, эзэн хааны эрх, бие даасан байдал, суверенитеттэй холбогдол бүхий "Түмэн улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2, 3, 4 дугаар дэвтэр, "Олон улсын ердийн цааз"-ын тэргүүн, 2 дугаар дэвтэр, "Нийтийн олон улсын хууль зүйлийн бичиг"-ийн 2 дугаар дэвтэр, "Олон улсын ерийн цагт нааш, цааш явалцах хуулийн бичиг"-ийн 3 дугаар дэвтэр, "Түмэн улсын албан цааз"-ын 2 дугаар дэвтэрүүдийг сонгон авч монгол хэлээр буулгасан байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Мөн түүнчлэн Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан төрийн их ёслол, мөн өдөр Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг, Засгийн газраа эмхлэн байгуулсан шийдвэр зэрэг бүхий л үйл ажиллагаандаа олон улсын хууль эрх зүйг ягштал мөрдөхийг хичээсэн нь илт байна.

Богд гэгээнтнийг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь Монголын төрийн хаант ёсны уламжлалыг сэргээж буй хэрэг хэдий мөн боловч олон улсын хууль ёсны үүднээс авч үзвэл тусгаар тогтнож, бие даасан улсын нэгэн илэрхийлэл, шинж болох нь гарцаагүй байна.

Улсын эзэн хаан хэн байх нь чухал боловч үүнээс илүү чухал зүйл бол тусгаар тогтносон улсын нэгэн шинжийг илэрхийлсэн эзэн хаантай байх явдал гэдгийг Монголын угсаа залгамжилсан хан вангууд, ноёд, хутагт, хувилгаад, түшмэд сайтар ойлгосон байжээ. Тиймээс Бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын буулгасан зарлиг лүндэнг шагштал мөрдөж, үндэстэн улсынхаа алдагдсан эрх чөлөө, амин эрх ашгийг бүхнээс дээгүүр эрхэмлэн байж, эвлэлдэн нэгдсэн нь үр дүнд хүрч, 1911 онд монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж чадсан байна. Энэхүү түүхэн үйл явдал нь Орчин үеийн Монгол Улсын үндэс суурь учраас өнөө хэр түүхэн ач холбогдолтой хэвээр байгаа болно.

Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын 10 буюу 1911 оны 12 сарын 30-ны өдөр тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулсаны маргааш нь Богд хааны засгийн газраас Манж Чин улсын Гадаад хэргийн журган, Дотоод яам, Засаг дор тус хийх яамдад Монгол тусгаар улс болсон учирыг мэдэгдэж цахилгаан утас илгээж, түүндээ "Монголчууд хэрэв өөртөө эс тогтновоос цэрэг дайнд холбогдон хуваагдахаас хэлтэрхүйеэ бэрх. Иймийн тул түмэн зүйлийн арга үгүйгээс өдөгдөж алтан ордоны зүг хандаж тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богдыг өргөмжлөн эзэн болгож улсын цолыг Монгол хэмээн үе уламжлан умар зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлавай" (Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) 2010: 133) хэмээн мэдэгджээ.

Энд гарч буй "уул эзэн" гэсний "эзэн гэсэн үгийг" эл цахилгаан мэдээнд оруулахдаа Хенри Вытоны Түмэн улсын ердийн цаазийн (Elements of International law) "аливаа өөртөө эзэн болсон улс" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 60), "аливаа нэгэн улс өөртөө эзэн байгуулсан" (Мөн тэнд 65) гэсэн заалтуудыг үндэс болгосон байна. Мөнхүү цахилгаан утсанд буй "уул эзэн", "уул" гэсэн үгүүдийн цаад утга нь "Холбоотоны гэрээний шинжийг агуулсан" (М.Полумордвинов Түүхэн нотолгоо 2020: 39) тэртээ Өмнөд Монгол Манж гүрэнтэй байгуулсан гэрээ буюу 1936 оны 5 сарын 17-ны өдрийн Манжийн хааны зарлиг, "Халх Монгол Манж гүрний хоорондын харилцааны мөн чанарыг тодорхойлсон анхны баримт бичиг болох Манжийн хааны 1688 оны Манжийн хааны зарлиг"-т заасан ёсоор "улс түмэн бүрт тусдаа өмнө байсанаар орших байдал эргүүлэн өгч буй", "нэгэн цагт сайн дураар энэ засагт дагаар орж, өөрийн засаглах эрхээ династид буулт хийн өгсөн тэр үеийн байдалдаа эргэн" (М.Полумордвинов Түүхэн нотолгоо 2020: 43) очиж байгааг илэрхийлсэн хэрэг юм. Энэ бол Монголын тусгаар тогтносон, бие даасан байдал юм. Үүнийг сайтар ойлгосон монголчууд, тухайлбал Удай ноён өвөг дээдсээс хадгалж ирсэн тэрхүү зарлигийг өөрийн биеэр авчран, гал голомтоо сэргээн бадраасан Богд хааны засгийн газарт өргөн барьсан нь мадаггүй хэмээн үзүүштэй байна. Үүнийг нотлох баримтыг М.Полумордвиновын Түүхэн нотолгоо номоос олж болохоос гадна ОХУ-ын архиваас уг баримтын талаарх сэжүүрийг олж болох билээ. Энэ талаар молхи судлаач О.Батсайхан миний бие, доктор Кузьмин С.Л-ийн хамтаар нэгэн өгүүлэл бичиж, Восток сэтгүүлд хэвлүүлсэн болно. (Об указе императора Хунтайджи (Абахая) о восстановлении независимости монголов после падения Цинской династии, со автор С.Л.Кузьмин, Восток, журнал 2019, №5, с.200-217)

Үүгээр өдрөөр өлзий хутаг, шөнөөр өлзий хутаг, өдөр шөнийн цаг тасралтгүй бүх улсын дэлхий дахинаар амгалан, жаргалан, баясгалан гурвыг бүгдээр цэнгэлдэн эдлэх болжээ хэмээн шастирт тэмдэглэжээ.

Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагт "Түмэн улсын ердийн цааз"-д буй "Аливаа өөртөө эзэн болсон улс хуулийг тогтоон зохих нь өөрийн иргэний засацгаах хувь эрх ашиг зэргийн учир болой" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 79) хэмээсэн заалтыг баримтлан Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтэрийг зохиож батлан мөрдүүлсэн билээ. Үүнээс гадна Богд хаан монголчуудын одоо, ирээдүйг заан тольдсон олон зарлиг, лүндэн буулгаж байсаны дотор үндэсний шашин, улсын газар нутаг, хил хязгаар, монгол овогтоны талаар буулгасан зарлигууд нь өнөө хэр ач холбогдолтой билээ.

1915 онд буулгасан бурханы шашинтай холбогдол бүхий нэгэн зарлигийн талаар өгүүлье.

1915 онд Богд хаанд Монгол улсын шашин төрийг хослон баригчийн хувьд нь алтан тамга, алтан өргөмжлөлийг үйлдүүлэн өргөн барьсан байна. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан суудалд залрахад төрийн хаш, мөнгөн тамгыг өргөн барьсан бол 1915 онд Богдын ламын хувьд барих алтан тамга, алтан өргөмжлөлийг хийж өргөн барьсан билээ. Энэ нь Хиагтад болж байсан Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээнээс Монголд харштай шийдвэр гарвал түүний үр дагавараас урьдчилан хамгаалах зорилгоор ийнхүү Богдын ламын алтан тамгыг шуурхай хийж өргөн барих шаардлага гарсан болов уу. Нөгөөтэйгүүр Богд бээр энэ үе хүртэл анх 1874 онд Монголд залагдаж ирэхэд нь Манжийн хааны Бадруулт төрийн тэргүүн он Зуны тэргүүн сарын арван тавны өдөр буулгасан зарлигаар өргөн барьсан алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг барьж байсан учир түүнийг халах нь зайлшгүй хэрэг байв.

1915 онд Монгол тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш хаандаа өргөн барьсан Богд хааны Алтан тамганы үг нь “Шашныг мандуулагч амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлтгагч оройн чандмань Очирдара Жавзандамба ламын тамга” хэмээсэн үгтэй бол тамганы хамт дагалдсан алтан өргөмжлөлийн үг нь дараах болой.

Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд эзэн хааны зарлиг

“Би тэнгэрийн цагийг дагаж төр шашиныг хослон барьж, Монгол улсыг жолоодон тогтоохуй дор үнэнээр тус хийж чадагчдыг хэтэрхийеэ эрхэмлэх бөгөөд эн тэргүүн өргөмжилбөөс зохих Жавзандамба лам болбоос эртний Мин улсын цаг Их Юань улсын тайцу хааны үе, Халхын Очирбат Түшээт сайн хан Гомбодоржын гэрт хувилгаан гарч, бурханы шашиныг дэлгэрүүлэн хамаг амьтаныг гийгүүлж, Халхын олон монголчуудыг тэргүүлэн авч, манж монголыг найралдуулан гавьяа байгуулсан учирт умар зүгийн амьтаны итгэл номын Богд хэмээн алтан тамга, алтан навчит өргөмжлөлийн зэрэг зүйл бүрийн ёслолын юм шагнагдаж, Манж эзэн лугаа нэгэн суурин дор суух зэргээр маш өргөмжлөгдсөн анх төрлийн Өндөр Богдоос эхлэн төрөл тутам бэлгэ билэг лүгээ төгөлдөр судар таринийн шашиныг мандуулж, амьтаныг жаргуулсан тус эрдэм зарлигийн ач хязаалш үгүй буй.

Эдүгээ наймдугаар төрлийн Живзандамба лам ч магад гарч дээд бодь сэтгэлийг үүсгэснээс зургаан бармидыг туулгаж, хоёр зэргийн оньсыг боловсруулсан гайхамшигт зохиолыг илтэд болгож, эртний заларсан дээдсийн эши үзүүлсэн ёсоор шар шашиныг хир үгүй дэлгэрүүлж цөвүүн цагийн амьтаны элдэв зүйл зовлон хийгээд гадаад дотоодын цэрэг хямрал буурал бүхний харанхуйг арилгаж, хамаг Монгол овогтоныг сайн дор удирдан төгс зоны ид дэлгэрсэн мэт амгалан жаргалангийн цогийг эдлүүлэн чадсаны тулд үе үеийн хэрэглэсэн олон зүйл янба шашиныг мандуулах амьтаныг жаргуулагч цолын дээр аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань Очир дара хэмээн нэмэж өргөмжлөөд алтан тамга, алтан навчит өргөжлөлийг олгуулан Их Юань улсын хуучин ёсыг дагаж, аливаа яамлах төрийн хэрэг шийтгэх газар хаан би ахлах боловч Жавзандамба лам чамайг шашины эзэн охь манлай хэмээн өргөмжлөх бөгөөд энгийн өдөр номын хурлын газраа ахлуулж сүслэх хэшгийг тахиж бадруулбай. Лам чи дотно нүүртэй хэшгийг хүлээсний тулд улс төр шар шашиныг өнө бат оршуулахын хутагийг барьж төр шашин дор чухал холбогдсон айлдваас зохих хэрэг тохиолдвоос алтан тамгыг дарж шууд айлдаж явахыг үүрд дагаж шийтгэгтүн.

Лам чиний төгс хувьт шавь нар ч дээд төрөлхтөн дор шүтэж зохилдох болсон орон дор оршсон өөр өөрийн сайн ерөөл эртний буян, дөрвөн их хүрдэн лүгээ төгссөн тул харьяат олон шавь нарыг дээдийн ном дор сонсох, санах, бясалгах гурвын үүднээс эши онолын эрдмийг дээрээс дээшид арвитган дэлгэрүүлэхийн явдал дор шамдан хичээлгэж, хамаг амьтаныг харшлах шалтгаан үгүй. Сансар нирваны сайн чуулган өвсөбэн бүтэх сайн үйлсийг цаг үргэлжид зохиотугай. Олноо Өргөгдсөний тавдугаар он Хаврын сүүл сарын арван нэгэн”

Богд хааны эл зарлиг нь Сэргэн мандсан Монгол улс шашны тэргүүнээ тусгаар тогтносон, бие даасан улсын хувьд анх удаа эзэн хааны зарлигаар тохоон томилсон түүхэн шийдвэр юм. Эл зарлигаараа Богд хаан Манжийн хаанаас удаа шийтгэн үе үеийн Богдуудад олгож байсан алтан тамга, алтан өргөмжлөлийг зогсоож, үүнээс хойш Монгол улс бие даасан улсын хувьд шашны тэргүүнээ тусгаар улсын хувьд өргөмжилж, оюун санааны хувьд аливаа гадны улсын эрхшээлээс ангид байх үүд замыг нээсэн байдаг.

Богд хааны эл зарлигийг Алтан өргөмжлөлөөр хоёр удаа хийсэн нь эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа.

Эл зарлигийн эхэнд “Би тэнгэрийн цагийг дагаж төр шашиныг хослон барьж, Монгол улсыг жолоодон тогтоохуй дор үнэнээр тус хийж чадагчдыг хэтэрхийеэ эрхэмлэх бөгөөд эн тэргүүн өргөмжилбөөс зохих Жавзандамба лам болбоос эртний Мин улсын цаг Их Юань улсын тайцу хааны үе, Халхын Очирбат Түшээт сайн хан Гомбодоржын гэрт хувилгаан гарч, бурханы шашиныг дэлгэрүүлэн хамаг амьтаныг гийгүүлж” хэмээн төр, шашныг хослон барьж буй, мөн “Их Юан улсыг үндэслэгч -Эзэн Чингисийн үеийн төрийн үргэлжлэл, Халхын Анхдугаар Богд Жавзандбамба хутагт Өндөр гэгээн Занабазарын хувилгаан дүр болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ бол 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр бол эзэн Чингис хааны байгуулсан Их Монголын улсын гал голомт болохыг илэрхийлжээ.

Мөн түүнчлэн “судар таринийн шашиныг мандуулж” ирсэн уламжлалыг онцлон тэмдэглэсэн байдаг.

Зарлигт “хамаг Монгол овогтоныг сайн дор удирдан” хэмээн ар, өвөр монгол, барга, буриад, халимаг гээд бүхий л монголчуудаа Монгол Улсад хамруулж буйгаа илэрхийлжээ.

Зарлигт заасан бас нэгэн чухал заалт бол “төрийн хэрэгт хаан би ахална” хэмээсэн үг нь юм. Энэ нь төр бол шашнаас дээгүүр зиндаатай гэдгийг илэрхийлсэн хэрэг бөгөөд шашин төрөө дээдэлнэ хэмээн ойлгож болох биз ээ.

Энэхүү зарлигт “Жавзандамба лам чамайг шашины эзэн охь манлай хэмээн өргөмжлөх бөгөөд энгийн өдөр номын хурлын газраа ахлуулж сүслэх хэшгийг тахиж бадруулбай” хэмээн бурханы шашны тэргүүн болохын хувьд тодорхой зааж өгсөн байна. Ийнхүү шашны хэрэгт алтан тамга барьж шийтгэж байхыг эл зарлигаар баталгаажуулж өгсөн байдаг билээ. (О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба: амьдрал ба домог, нэмж баяжуулсан гурав дахь хэвлэл, 2014: 202)

Богд эзэн хаанаас Монголын бурханы шашины талаар буулгасан энэхүү зарлигийн агуулгыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгийн 34 дүгээр дэвтэр буюу Лам нарын хэргийн хууль дээд дэвтэрийн "Жавзандамба ламыг өргөмжлөх нь" хэмээх нэгдүгээр зүйлд бараг тэр хэвээр оруулан хуульчилсан байна. Хууль зүйлийн бичгийн эл дэвтэрт "Өндөр Богдоос эхлэн төрөл тутам сайн бэлгэ билэг лүгээ төгссөн шашныг мандуулах амьтныг жаргуулагч Жавзандамба ламд үе үеийн хэрэглэсэн олон зүйл ямба, цолын дээр аврал хамгийг айлдагч оройн чандмань очир дара хэмээн нэмэн өргөмжлөөд алтаны тамга, алтаны навчит өргөмжлөл олгуулсны тулд аливаа яамлаж төрийн хэрэг шийтгэхээс бус ном хурлын газар ба энгийн өдөр Жавзандамба ламыг хаанаас ахлуулж эрхэмлэн өргөмжлөгтүн" (Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 2018: 182) хэмээн заасан байна. Энэ бол Монголын бурханы шашины тэргүүнийг өргөмжлөх үйл явдлыг хуульчилсан хэрэг болно.

1915 онд буулгасан Богд хааны эл зарлигийг үндэслэж, хожим 2012 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай 15 тоот зарлиг буулгаж, “Монголын бурханы шашны лам хувраг, сүм хийдийн нийтийн зөвшилцлөөр Есдүгээр дүрийн Богд Жавзандамба хутагтыг Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөнийг соёрхон” батламжилсан билээ. Тиймээс Богд хааны 1915 онд буулгасан эл зарлиг өнөө хэр ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Богд хаанаас Монголын газар нутаг, хил хязгаар, монгол овогтоны хувь заяатай холбогдол бүхий буулгасан нэгэн зарлигийн талаар товч өгүүлье.

Богд хаанаас Түмэн улсын ердийн цаазын "Олон улсын хууль цаазыг өөрийнхөө газрын дотор явуулах бөгөөд түүний уул иргэн, түүнд үл захируулах нь үгүй болой. Хязгаарын дотор бүхий хүнийг түүний удтал суух ба түр суухыг өгүүлэхгүй, цөм түүний захиргаанд захируулмуй" (Хенри Вытон Түмэн улсын ердийн цааз 2006: 80) хэмээсэн заалтыг баримтлан 1914-1915 онд Хиагтад Монголын тусгаар тогтнолын хувь заяаг хэлэлцэж байсан тэр эгзэгтэй мөчид улсынхаа хил хязгаар, газар нутаг, монгол овогтоны талаар буулгасан зарлиг байдаг юм.

Эл үеийн монгол үндэстэний хувь заяа, монгол овогтоны байдал хайшаа эргэж буйг сайтар ухаарсан Богд хаантан 1914 оны 11 дүгээр сарын шинийн гуравнаа “Монгол овогтон нийтэд зориулсан ухуулах зарлиг” буулгажээ. (О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба: амьдрал ба домог, нэмж баяжуулсан гурав дахь хэвлэл, 2014: 280) Уг зарлигт өгүүлэхдээ: “Олон монгол овогтонд нийтээр нэгэн адил яаран сонсговол зохих ба нэгэн сайн чөлөөг алдвал гэмшивч бээр тус үл болох явдлыг дараа дараагаар илэрхий хэлсэн билээ. Миний бие Монгол Улсын эзэн хааны суурийг хүлээсэн нь ер тоост ертөнцийн хоосон нэрийг эрмэлзэж, олон амьтаныг гашуун зовлонд нэрвэгдүүлэхэд хүргүүлсүгэй гэсэн нь бус. Олон монгол овогтон шавь нар юугаа зовлонгоос үтэр түргэнээ ангижруулан сайн мөрт удирдсугай гэсэн нь болой. ... чин зоригийг барьж, өөрийн биесээр дагаар ирсэн нь харин газар нутаг нь алдагдах ба гэр хөрөнгө мөхөх, сарних зэрэг гашуун зовлон тохиолдсон учирт миний бие санах тутам үнэхээрийн зүрх өвдөнө... Монгол овогтон нийтээр салж сарнихад хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болно” гээд “Эдүгээ Хиагтын газар Орос, Хятад, Монгол гурван этгээд хуралдан хэлцсээр нэгэнт гурван сар илүү болсон ба Орос, Думдад хоёр улсаас бидний Монгол улсад дотоод засгийн элдэв хэргийг өөрөө эзэрхэх ба гадаад улс лугаа худалдаа нэвтрүүлэх зэргийн онц эрх олгохыг зөвшөөрсөн боловч мөнхүү эрх ашгаас булаалдан тэмцэлдэх ба зах хязгаарыг Нийслэл Хүрээ, Улиастай, Ховдын харьяат газраас хэрхэвч хэтрэхгүй хэмээн гүжирээр нотод баримтлах тул эдүгээ хүртэл хэлэлцэн тохироогүй. Үүнд энэ удаа хэлэлцэн тохирох эсэх алин боловч дотоод гадаад олон монгол овогтон нийтээр харилцан салж сарнихад хүрэхвий хэмээн зориг мохож хэрхэвч үл болмой. Үлгэрлэвээс эртнээс нааш аливаа хэргийг үүсгэхэд хялбар, төгсгөхөд бэрх хэмээсэн мэт. Ялангуяа тулгар төрийг бүтээн байгуулах нь нэн хялбар бус. Тийн гэвч үнэнхүү зориг буй ба бодлого буй аваас ер үл болох хэрэг нэгээхэн ч үгүй. Тэр ч байтугай одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадвал нэгэн үндэс, нэгэн шашинт олон монгол хэзээ ч болов хамтдаж үл болох зүйлгүй дээр миний бие олон монгол овогтон юугаан алагчлан үзэх явдалгүй тул энэ удаагийн сайн цагийг хэдийгээр халтирахад хүргүүлсэн боловч олон монгол овогтон хэрэв зовлон, жаргаланг хамтатгах чин зориг буй ахул эрхгүй цаг тохиолыг олж болно. Эртхэнээс санааг нэгтгэн зоригийг шулуутгаж нам гүмээр цагийг хүлээн, тухайг үзэж нэгэн сэтгэл хамт хүчээр бүтээн төгсгөх буй за хэмээн гүнээ эрмэлзэнэ.

Миний энэхүү санааг дотоод, гадаад олон монгол овогтонд зарлан ухуулж, ...онц хүчин зүтгэгчдийг хэрхэвч гээхгүйн тул яахин хүмүүжүүлэн тохинулж, үүрд хамт аж төрөн, амьдрах аргыг эртхэнээс хэлэлцэн айлтгаж, миний нигүүлсэн үзэх таалалд нийлүүлэгтүн” (Үндэсний төв архив Ф:А3, д.1, х.н.563) хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, одоо хэрэв монгол язгууртаны нэгэн хэсэг нь гал голомтоо авч хадгалж үлдэж чадвал “хэзээ ч болов” нэгдэж болох боломж нээгдэх нь дамжиггүй хэмээн айлдсан хэрэг юм. Богд хаан монгол овогтоноо хандан 1914 онд гаргасан эл зарлигтаа: “одоо хэрэв Монгол язгууртаны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс, нэгэн шашинт олон монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсонгүй” (Үндэсний төв архив Ф:А3, д.1, х.н.563) хэмээсэн нь монгол овогтоны гал голомт аль нэгэн хэсэгтээ тухайлбал халх Монголдоо төвлөрөн тогтож үлдвээс алсдаа монгол олон овогтон нэгдэн нийлж болохыг ухуулсан хэрэг байв. Энэ бол Богд хаанаас монгол овогтоны хувь заяанд ямар их анхаарал тавьж, алс хэтийн бодлоготой хандаж байсаныг илтгэнэ.

Энэхүү Богд хааны зарлигийг Монгол Улсын Дээд Доод хуралд уншиж сонсгосон байдаг. Мөн Монгол Улсын таван яам, Шашин төрд туслах сайд, Зүүн, баруун хязгаарын сайд, хутагт гүн, Хөлөнбуйр, Нийслэл Хүрээний цэргийг захирах сайд, Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийн дарга, Хөвсгөл, Урианхайн гүн, Дарьгангын бүгдийн тэргүүн, Эрдэнэ шанзавын яам, Жирим, Зост, Зуу Од, Шилийн гол, Улаанцав, Их зуу, Хиагтын хоёр этгээд харуулыг захирах гүн, Улиастай, Хиагтын түшмэдэд буухиагаар хүргүүлсэн байдаг. (О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба: амьдрал ба домог, нэмж баяжуулсан гурав дахь хэвлэл, 2014: 281)

1926 онд эрдэмтэн Жамсрангийн Цэвээн абугай МАХН-ын их хуралд хэлсэн үгэндээ Богд хааны буулгасан эл зарлигийн үзэл санааг авч илэрхийлсэн бол тэрбээр "Ард Жамсраны Цэвээнээс 1931 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт намын төв хороонд бичсэн өргөдөл"-даа илүү тодорхой тусгасан байдаг.

Тэрбээр өргөдөлдөө: "Монгол Улс нь өөрийн тусгаар газартай байх хэрэгтэй. Үүнд Монголын газар дэлхий нь уудам их бөгөөтөл ард иргэн нь цөөн, ийм шингэн сийрэг ардтай байгаа цагт соёл боловсролыг эрчимтэй боловсноор байгуулж болшгүй хэрэг болох тул харьяат ард иргэний тоог ядваас нэгэн хувь нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд ардын төрөлхийн өсвөр дутмаг тул гаднаас нүүлгэн оруулах хэрэгтэй.

Нэгэнт монгол үндэстний улс байгуулж буй тул зүй нь Дотоод Монголоос монголчуудыг ба СССР-ээс буриад, торгууд мэтийн монгол үндэсний ардыг нүүлгэн ирүүлж, дэвсгэр газар орон юугаан дан монгол язгуурын ард олноор эзлүүлэн авч эрт цагаас инагши орос, хятадын тариачин иргэнээр нүүдэллэн эзэмшихийг тэмүүлэн бүхий түүхт замыг хөндөлдөн тулж монгол үндэстэн өөрийнхөө эзэмшсэн газартай байх хэрэгтэй болой" (Ж.Цэвээн Түүвэр зохиолууд, 1 боть, УБ., 1997, х.36) хэмээн тэмдэглээд "СССР, Хятад хоёроос баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцари улс лугаа адил буй. Хэрэв ийм болж чадваас монголын нэгэн адил хоцрогдсон газар орны амар төвшинөөр соён боловсорсон хөгжлийг бат суурьтай болгож чадна. (Ж.Цэвээн Түүвэр зохиолууд, 1 боть, УБ., 1997, х.36)

Монгол ард улсыг тойрон Монгол овогтоны нэг холбоо байгуулж болно хэмээх бөгөөд үүнд хятадын нүүдлийн иргэний далайд живж бүхий Жирим, Ёст, Зүү Үд энэ гурван зүүн чуулганы монголчууд нь өөрсдийн сайн дураар Монгол улсын газарт нүүдэллэн ирцгээж болох хэмээн санагдан бөлгөө" (Ж.Цэвээн Түүвэр зохиолууд, 1 боть, УБ., 1997, х.37) гэжээ.

Ерөнхий сайд Х.Чойбалсангийн уриалга

1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ЗХУ Японд дайн зарлав. Мөн 8 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ Японд дайн зарласан тухай Улсын Бага Хурал, засгийн газрын тунхаглал нийтлэгдэв. Цэрэг дайчдыг дайнд үдэж мордуудалдаа Х.Чойбалсан үндэс угсаа, хэл соёл, зан заншил, шашин мөргөл нэгтэй Өвөл Монголын ард түмнийг япон, хятадын дарлалаас ангижруулах нь ардын хувьсгалт цэргийн байлдааны нэг зорилт мөн гэж тэмдэглэжээ. Чойбалсан 1945 оны 8 дугаар сарын 10-нд монголын ард түмэнд хандаж радиогоор хэлсэн үгэндээ: “... бид баатар Улаан цэрэг болон нэгдсэн улс үндэстний хамт Японы фашистуудыг бүрмөсөн устгаж, японы түрэмгийлэн эзлэгч нарыг бут цохьсоны эцэст бүх монголчуудыг эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт нэгэн ах дүү улс гэр болгон нэгдүүлэх явдлыг хангах болно” хэмээсэн билээ. Үүний эрдэмтэн багш Л.Бат Очир авугай “Монгол овогтон нэгэн гэр улс болох эрмэлзлэлтэйгээ зарлан мэдэгдсэн байна” (Л.Бат-Очир Чойбалсан, намтрын нь балархайг тодруулахуй., УБ., 1998 он, 176 дахь тал) хэмээн тэмдэглээд панмонголист үзлийн өчүүхэн төдий илрэлийг хатуу зэмлэн буруушааж байсан тэр үеийн нөхцөлд энэ нь гагц Чойбалсангий толгой мэдэж хийх ажил биш нь ойлгомжтой. Тийм атал асуудлыг ингэж тавьснаар барахгүй, дэлхий дахинд зарласан нь Сталин, Чойбалсан нар харилцан зөвшилцсэнтэй холбоотой байж таарна” (Л.Бат-Очир Чойбалсан, намтрын нь балархайг тодруулахуй., УБ., 1998 он, 176 дахь тал) хэмээн бичсэн буй.

БНМАУ-тай нийлж нэгдэх гэсэн Өвөр Монголын ард түмний хөдөлгөөн Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөнөөр хязгаарлагдсан учир Чойбалсангийн дэвшүүлсэн дээрх зорилт биелээгүй юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ҮГ

2011 онд монголчууд 1911 оны Үндэсний хувьсгалын 100 жилийн ойг Монгол Улсын төрийн шийдвэрээр өндөр дээд хэмжээнд тэмдэглэж, Улсын их хурал хүндэтгэлийн чуулган хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн чуулганд “МИНИЙ МОНГОЛ МӨНХ ОРШИГ” хэмээх үгээ хэлсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна” гээд “Монголын ард түмнээс төрөөс энэ жил, энэ өдрүүдэд гүн хүндэтгэл үзүүлж, өргөн дэлгэр хэлэлцэж, улс үндэстнийхээ бахархал болгон тэмдэглэж байгаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой бол цар хүрээгээрээ ч, ач холбогдлоороо ч, өнө мөнхийн шинж чанараараа ч үеийн үед бахархан дурсагдах үнэхээр хосгүй түүхэн үйл явдал юм” хэмээн дүгнэж тэмдэглэсэн юм.

Тэрбээр хэлсэн үгийнхээ “100 жил ба Монголчууд” гэсэн бүлэгт: “Бүтэн зууны өмнө бидний өвөг дээдэс улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоохдоо олон монголчуудынхаа хүчинд түшиглэсэн байдаг. Тарж бутарсанаа цуглаад ирэхэд тосоод авсан байдаг. Ингэж өнөөгийн бидний газар нутаг бүтэн болж, олон элгэн садан эргэн цугласан. Бид монгол улсын иргэнийхээ хувьд халх дөрвөд, казах, урианхай, захчин буриад хэн ч бай бүгдээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий.

Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монголчууддаа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. -“Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж ирсэн... Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна.

Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм” хэмээсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эл үгс монгол туургатанд ямар их давалгаа болон хүрснийг хэлээд яах вэ.

Үндэсний хэмжээнд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн эрхшээлд хэдэн хэсэг хуваагдан оршиж байсан монголчуудын газар нутгийнхаа зөвхөн Ар Монголын төв Нийслэл Хүрээнд монгол үндэстэний гал голомтоо сэргээн бадрааж, хүрээлэн буй нийт монгол овогтон хийгээд тэдгээрийн оршин буй газар нутгийг бүрнээ хамруулахыг хичээж, төр улсаа Монголын төрийн уламжлал, дэлхийн төр ёсны баримтлалын дагуу, \тухайлбал Хэнри Вытоны Түмэн улсын ердийн цаазыг монгол хэлээр хөрвүүлэн ашигласан \Elements of International law\\ эмхлэн байгуулж, үндэсний үзэл, шашнаа дээдлэсэн нэгдмэл улс байгуулахыг зорьж байв. Иймээс улсын цолыг МОНГОЛ хэмээн бүхнээ илт зөвшөөрөгдөх уламжлалт нэрээ өргөмжилсөн байна. (Монголын түүхийн эх сурвалж (1911-1921) эмхтгэж, хэвлэлд бэлтгэсэн О.Батсайхан, УБ., 2013, 133 дахь тал)

Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Оохнойн Батсайхан

“Омикрон” хувилбарын улмаас дэлхий даяар 7 мянга гаруй нислэг цуцлагджээ
“Омикрон” хувилбарын улмаас дэлхий даяар 7 мянга гаруй нислэг цуцлагджээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​