fbpx Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
18 минут 56 секунд

Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байгаа. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед ТӨК-уудад их хэмжээний хөрөнгө эргэлддэг талаар ч яригдаж байна. Яагаад Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан бэ?

-Бид жил бүр Засгийн газраас өргөн барьсан улсын төсвийг УИХ-аар хэлэлцдэг. Тухайлбал, 2026 оны төсөв 32 их наяд төгрөг байсан бол 2027 оны төсвийг 42 их наяд төгрөгөөр өргөн барьж байна. Засгийн газраас өргөн барьж байгаа төсвийн 75-80 орчим хувь нь урсгал зардал байдаг. Үүнд багш нарын цалин, халамж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал зэрэг багтана. Харин 15-20 орчим хувь нь хөрөнгө оруулалтын зардал байдаг.

Жилд 3.5-4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг УИХ, Засгийн газар, хэвлэл мэдээлэл, орон нутаг гээд бүгд тойрч ярьдаг. Энэ хөрөнгөөр 100 сургууль, 90 цэцэрлэг, 50 дотуур байр, ахмадын хөгжлийн төв зэрэг нэн шаардлагатай бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх асуудал яригдана.

УИХ-ын гишүүд ч тойрогтоо ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг ярьж, төсвөө булаацалддаг. Гэтэл бид төсвөөс гадуурх буюу төрийн өмчит компаниуд дээр байгаа мөнгөний асуудлыг бараг ярьдаггүй. ТӨК-иудад хэчнээн төгрөгийн хөрөнгө эргэлдэж байна, тэдний урсгал болон хөрөнгө оруулалтын зардал хэд байна, юунд зарцуулж байна гэдгийг төдийлөн хэлэлцдэггүй. Намайг энэ асуудлыг хөндсөний дараахан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ТӨК-уудын захирлуудын гарын үсгээр жилд 20 орчим их наяд төгрөг захиран зарцуулагддаг талаар мэдээлсэн. Тэгэхээр төрийн өмчит компаниудын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын зардалд ашиглаж байгаа юм бол сүүлийн 10 жилийн хугацаанд эдгээр компанийн хөрөнгө оруулалт, урсгал зардал хэчнээн төгрөг байсан, ямар үр дүн гарсан, ямар зардал гаргасныг ил тод болгох шаардлагатай. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулж, энэ асуудлаар сонсгол хийе гэсэн санал гаргаж байгаа юм.Бидэнд байгаа мэдээллүүдийг нэгтгэж үзэхэд 2016-2026 оны хооронд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагууд нийт 131 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Энэ бол зөвхөн худалдан авалтын дүн бөгөөд хөрөнгө оруулалтын зардал үүнд багтаагүй.

Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани 8.4 их наяд төгрөгөөр төрөл бүрийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэр ч мөн тодорхой хэмжээний хөрөнгөөр төрөл бүрийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Эдгээр нь дээр дурдсан худалдан авалтын дүнд ороогүй.

Тиймээс миний санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны гол зорилго нь төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтыг хянан шалгах юм. Хэрэв зөвхөн худалдан авалтаар хязгаарлахгүйгээр компаниудын урсгал зардал, төсөв, хөрөнгө оруулалтын зарцуулалтыг бүхэлд нь авч үзвэл дээрх тоо цаашид өснө.Энэ бүхнийг нэг удаа ил тод болгож, сонсгол хийж, иргэд олон нийтэд бодит мэдээллийг нь хүргэе гэж байгаа юм. Тэгэхгүй бол төрийн өмчит компаниудын мөнгөний зарцуулалтыг тойрсон хардлага байнга үргэлжилсээр байна.

-Засгийн газраас ТӨК-уудад захиран зарцуулагддаг байсан хөрөнгийг төсөвт татаж, 2027 оны төсөвт тусгасан учраас төсөв томорч орж ирсэн гэсэн агуулгатай тайлбарыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өгч байсан. Тэгэхээр 2027 оны төсөв дээр үнэхээр ийм өөрчлөлт орсон гэсэн үг үү?

-Үгүй. Тэр бол зөвхөн ТӨК-уудын ногдол ашгийг урьдчилан тооцож байгаа асуудал. Миний тавьж байгаа асуудал бол үүнээс арай өөр. ТӨК-уудын зардал ямар байна, хөрөнгийн зарцуулалт нь ямар үр дүнтэй байна гэдгийг давхар ярих хэрэгтэй.

Жишээлбэл, төрийн өмчит компаниуд янз бүрийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг. Тэр зарцуулалт нь төрд төвлөрүүлэх ногдол ашгаас хасагдаад явж байгаа тохиолдол бий.

Тиймээс зөвхөн ногдол ашгийг нь ярихаас гадна өмнө нь ямар төсөл, арга хэмжээнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан, үр дүн нь юу байсан бэ гэдгийг давхар сонсъё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг нээлттэй, ил тод ярья гэсэн санаа.

-Хянан шалгах түр хороо байгуулах ажил одоо ямар шатандаа явж байна вэ. Цаашдын процесс нь хэрхэн үргэлжлэх вэ?

-Ямар ч байсан Хянан шалгах түр хороо байгуулах саналаа гаргаад явж байна. Маргааш /өнөөдөр/ УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тов тогтоолгох хүсэлтээ өгөхөөр төлөвлөж байгаа. Тов тогтоолгоод УИХ-аар хэлэлцүүлэх процесс руу орно.Хуулиараа Хянан шалгах түр хороо зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хэлэлцүүлгийн товоос шалтгаална. Амжвал намрын чуулганаар, амжихгүй бол хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

-Та энэ санаачилгыг гаргахдаа тодорхой хэмжээний судалгаа хийж эхэлсэн байх. Эхний судалгаагаар ямар дүр зураг, баримтууд харагдаж байна вэ. Цааш нь нягтлах шаардлагатай ямар асуудлууд байна вэ?

-Ер нь ТӨК болон орон нутгийн өмчит компаниудаар дамжуулан тодорхой хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлдэг байж болзошгүй гэж би хардаж байгаа. Тиймээс үүнийг нээлттэй болгож, нягталж үзэх шаардлагатай гэж үзсэн.Өнгөрсөн 10 жилийг харахад өнөөдрийн сайд, дарга нарын тодорхой хэсэг нь энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүмүүс.

Тэдний ажлын үр дүнг иргэдийн худалдан авах чадвар, инфляц, хүнсний үнийн өсөлт зэрэг өнөөгийн нөхцөл байдалтай холбон харах ёстой. Тиймээс энэ асуудлуудыг нэг удаа нээлттэй гаргаж тавиад, бодит мэдээлэлд үндэслэн ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

Нөгөө талаас сайдын албан тушаалын төлөө улс төрчид яагаад ингэж их өрсөлддөг вэ гэдэг асуудал бий. Миний харж байгаагаар яамдын харьяанд байгаа ТӨК-ууд, тэдгээрийн хөрөнгө мөнгө, удирдлага, томилгоо болон хөрөнгө захиран зарцуулах эрх үүнтэй холбоотой байж болох юм.Жишээлбэл, бид Төрийн өмчийн хороо гэж байгууллагын талаар ярьдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооны харьяанд үндсэндээ 17-18 компани, мөн “Монгол кино нэгтгэл” зэрэг компани үлдсэн байдаг. Харин хөрөнгө мөнгө ихээр эргэлддэг, томилгоо их хийгддэг төрийн өмчит компаниудын олонх нь яамдын харьяанд байна.Тиймээс яагаад ийм бүтэц бий болсон, ТӨК-иудын хөрөнгө мөнгийг хэн, ямар шийдвэрээр, юунд зарцуулж ирсэн, тэр зарцуулалт нь ямар үр дүнтэй байсан бэ гэдгийг Хянан шалгах түр хорооны хүрээнд нээлттэй авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа.

-ТӨК-уудад мэдээлэл авахаар хандаж байгаа юу. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд мэдээлэл авахад хүндрэлтэй зүйл байна уу?

-Нэг их хүндрэлтэй биш. ТӨК-уудад хандаж, шаардлагатай мэдээллүүдээ авч байгаа.Гол нь Хянан шалгах түр хороо байгуулагдсанаар мэдээллийг илүү өргөн хүрээнд авч, олон нийтэд нээлттэй болгох боломжтой.Нээлттэй мэдээлэл байгаа ч хаалттай мэдээлэл бас олон бий. Тухайлбал, зарим гэрээ, өртөг зардлын мэдээлэл байхгүй. Мөн хэчнээн төсөл, хөтөлбөрийг ямар хэмжээний хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн нь тодорхойгүй тохиолдлууд байна.Бидний сая ярьсан тоо гэхэд зөвхөн худалдан авалтын дүн. Үүнд хөрөнгө оруулалтын зардал ороогүй, урсгал зардал ороогүй, бусад зардал ч багтаагүй. Тиймээс ТӨК-уудын нийт хөрөнгө, зардал, зарцуулалтын бодит дүр зургийг гаргахын тулд эдгээр мэдээллийг цогцоор нь авч үзэх шаардлагатай.

-Хянан шалгах хугацааг сүүлийн 10 жилээр тогтоож байгаа нь ямар учиртай вэ. Магадгүй АН засаглаж байсан үеийг багтаасангүй юу. Яагаад заавал сүүлийн 10 жил гэж сонгосон юм бэ?

-Үгүй ээ, тийм агуулга байхгүй. Сүүлийн 10 жил гэдэг нь МАН засагласнаас хойших, үнэмлэхүй олонхоор засагласан хугацааг хамруулж байгаа юм. Өнөөдөр үүсээд байгаа асуудлуудыг гэнэт нэг өглөө бий болчихсон мэтээр ярьж болохгүй. Энэ хугацаанд төр, засгийн өндөр албан тушаалд ажилласан хүмүүс ээлжлэн сайд, даргын албыг хашиж ирсэн. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдал нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой гэж би үзэж байгаа.Тийм учраас ТӨК-уудын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сүүлийн 10 жилийн хугацаагаар авч үзэж, шалгах санал гаргаж байгаа юм.

-Өмнө нь хэд хэдэн асуудлаар сонсгол зохион байгуулсан. Зарим нь тодорхой үр дүнд хүрсэн бол зарим нь нийгэмд маргаан, талцал дагуулсан. Таны санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны хувьд ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ. ТӨК-уудад байгаа хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь гол зорилго юм уу?

-Энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. УИХ-аар батлагдаж байгуулагдсан Хянан шалгах түр хороо Оюу толгойн асуудлаар байгуулагдсан. Би өөрөө тус түр хороонд гишүүний хувиар ажилласан. Харин өмнө зохион байгуулсан зарим сонсгол нь байнгын хорооны хүрээнд хийсэн ерөнхий хяналтын сонсголууд. Хянан шалгах түр хороо болон ерөнхий хяналтын сонсгол хоёр ялгаатай. Миний санаачилж байгаа Хянан шалгах түр хорооны зорилго нь зөвхөн ТӨК-иудын мөнгийг улсын төсөвт татах тухай асуудал биш.

Нэгэнт 2027 оноос ТӨК-иудын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдгээр компанид юу болсон, хөрөнгө мөнгөө хэрхэн зарцуулсан, ямар үр дүнд хүрснийг нээлттэй ярья гэж байгаа юм.

Хянан шалгах түр хороо ажлаа дуусгасны дараа үр дүнгээр нь УИХ-ын тогтоол гарна. Тэр хүрээнд ямар компаниудыг татан буулгах шаардлагатай вэ, алийг нь нэгтгэх вэ, чиг үүрэг нь давхардсан ямар компаниуд байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, ТӨК-иудын өнгөрсөн хугацааны төсөв, хөрөнгө, зарцуулалтыг ил тод болгож, үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид бүтцийн ямар өөрчлөлт хийх шаардлагатайг тодорхойлох нь гол зорилго.

-Төрийн өмчит компанийн засаглалтай холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн. Зарим компаниудыг нэгтгэх, татан буулгах зэрэг өөрчлөлт хийж байгаа талаар Засгийн газраас мэдээлж байна. Та энэ шинэчлэлийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Үр дүнд хүрээсэй гэж хүсэж байна. Гэхдээ өмнөх туршлагаа бас харах хэрэгтэй. Жишээлбэл, “Эрчист Монгол” гэдэг компанийг хэд хэдэн компанийг нэгтгэж байгуулсан. Далан хэдэн хүний орон тоотой, хамгийн багадаа таван сая төгрөгийн цалинтай бүтэц бий болгож, найман тэрбум орчим төгрөг зарцуулсан атлаа 2.7 тэрбум төгрөгийн өртэй болж, эцэст нь буцаад татан буугдаж байна. Энэ мэт жишээнээс харахад төрийн өмчит компаниудад Засгийн газраас хийж ирсэн менежмент бүр үр дүнтэй байгаагүй гэж би үздэг.

Өмнө нь ч олон компанийг нэгтгэж, бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилж ирсэн. Гэхдээ нэр, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөөс илүү бодит менежмент нь ямар үр дүнд хүрэв гэдгийг ярих хэрэгтэй.

Тухайлбал, нэгдлийн түвшинд ашигтай ажиллаж байгаа цөөн хэдэн ТӨК-тай менежментийн гэрээ байгуулж, тэдгээрээс менежментийн төлбөр авч байгаа атлаа ашиггүй ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг сайжруулахад бодитоор ямар менежмент хийж байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв төрийн өмчит компаниудыг нэгдсэн менежментээр хангах зорилготой бүтэц юм бол ашиггүй ажиллаж байгаа компаниудын засаглал, үр ашгийг сайжруулахад чиглэж ажиллах ёстой. Гэтэл ашигтай ажиллаж байгаа компаниудаас менежментийн төлбөр авч, тэр нь өөрөө дахин урсгал зардал болж байгаа бол үр дүнг нь зайлшгүй нягтлах шаардлагатай.Тиймээс Хянан шалгах түр хороогоор зөвхөн ТӨК-уудын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг бус, ийм менежментийн бүтэц, төлбөр, түүний бодит үр дүнг ч хамтад нь авч үзье гэж байгаа юм.

-Оюу толгойн сонсгол тодорхой үр дүнд хүрч, УИХ-аас тогтоол баталсан. Та тухайн Хянан шалгах түр хороонд ажилласан. Тэр туршлагадаа тулгуурлаад ТӨК-уудын асуудлаарх сонсголыг мөн бодит үр дүнд хүргэх зорилго бий юу?

-Надад тийм хүсэл байгаа. Нэгэнт ийм том сэдэв барьж авч байгаа учраас үүнийхээ ард гарахын төлөө ажиллана. Одоогоор аудитын дүгнэлтүүд болон холбогдох материалуудыг авч судлаад, манай ажлын албаныхан ажиллаж байна.

-ТӨК-уудын асуудлыг хөндөхөөр тодорхой хэмжээний эсэргүүцэл, дайралт ирдэг талаар ярьдаг. Томоохон ТӨК-уудын ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс байдаг гэсэн хардлага ч бий. Түр хороо байгуулагдаад ажиллавал ийм зүйлтэй тулгарахад бэлтгэлтэй байна уу?

-Үүнийг зөвхөн хардлага гэж хэлэхэд хэцүү. ТӨК-уудын удирдлагуудын мэдээллийг цахим хуудсуудаас нь харахад улс төрийн намтай холбоотой, өмнө нь УИХ-ын гишүүн, сайд байсан, сонгуульд нэр дэвшсэн, эсвэл намын удирдах болон залуучуудын байгууллагад ажиллаж байсан хүмүүс олон бий.

Энэ мэдээллүүд нээлттэй байгаа. Харин үүнийг хүмүүс нэг их асуудал гэж харахаа больж, “угаасаа ийм байдаг” гэсэн ойлголтод дасчихсан мэт санагддаг.

Миний харж байгаагаар өнөөдрийн байдлаар ТӨК-ийн удирдлагад анкетаа өгөөд, жинхэнэ өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад орж, журмын дагуу томилогдсон хүн байна уу гэдэг өөрөө анхаарах асуудал. Сонгон шалгаруулалт зарласан тохиолдлууд байгаа ч тухайн шалгаруулалт бодитоор нээлттэй, өрсөлдөөнтэй байсан уу гэдгийг бас нягтлах шаардлагатай.

-Менежментийн хувьд харьцангуй сайн, үр ашигтай ажиллаж байгаа ТӨК байна уу?

-Бараг байхгүй дээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” хоёр ашигтай ажиллаж байгаа нь борлуулалтын хэмжээ ихтэй холбоотой байх. Нэг нь зэсийн баяжмал, нөгөө нь нүүрсээ их хэмжээгээр экспортолж байна. Гэхдээ энд бас эрсдэлийн асуудал бий. Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ унавал яах вэ. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарах эрсдэлийг хэрхэн тооцож, удирдаж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдрийн ашигтай ажиллагааг зөвхөн менежментийн үр дүн гэж үзэх үү, эсвэл бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээтэй холбоотой юу гэдгийг ялгаж харах шаардлагатай.

-Олон улсын жишгээр төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн шийддэг вэ. Манайд ТӨК-уудыг нээлттэй компани болгох талаар олон жил ярьсан ч бодит ажил болдоггүй. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Манайх ТӨК-уудыг нээлттэй болгоно гэж олон жил ярьсан. Гэхдээ хэрэгжүүлж чаддаггүй. Миний хувьд үүний нэг гол шалтгаан нь улс төрийн томилгоо гэж харж байгаа. ТӨК-уудын удирдлагын томилгоо улс төрөөс хараат хэвээр байгаа нөхцөлд засаглал, менежментийн бодит шинэчлэл хийхэд хүндрэлтэй байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​