
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Кембрижийн Их сургуулийн Кибер аюулгүй байдлын судлаач, Аюулгүй байдал судлалын доктор Б.Жавзандоржийг урьж, ярилцлаа.
“Үндэсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн аюулаас хамгаалах бус, цочролыг даах чадвар юм”
-Би Кембрижийн их сургуульд кибер аюулгүй байдлын чиглэлээр зочин судлаачаар ажиллаж байна. Одоо хийж буй судалгаа маань кибер аюулгүй байдалд гарч буй эрсдэлүүд болон улс орнуудын засаглалыг бэхжүүлэх асуудал юм. Цахим орчинд үйлдэж байгаа халдлагын ул мөрийг илрүүлэх шинэ платформын төсөл дээр ажиллаж байна. Монгол Улсын хувьд хамгийн ойрын бодит эрсдэл нь шууд цэргийн мөргөлдөөнөөс илүүтэйгээр их гүрнүүдийн зөрчил эдийн засаг, тээвэр логистик, санхүүгийн төлбөр тооцоо, эрчим хүч, мэдээллийн орчинд дамжин нөлөөлөх явдал юм.
Манай улс далайд гарцгүй, экспортын бүтэц төвлөрсөн, импортын стратегийн зарим бүтээгдэхүүн цөөн эх үүсвэртэй учраас гадаадын цочрол богино хугацаанд дотоодын үнэ, үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх эрсдэлтэй. Үүн дээр геополитикийн өрсөлдөөний улмаас гадаад бодлогын сонголтод шахалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Иймээс нэн түрүүнд эрсдэлийг бодитойгоор эрэмбэлэх шаардлагатай. Нэгдүгээрт, шатахуун, цахилгаан, хүнс, төлбөр тооцоо, хил нэвтрүүлэх хүчин чадлын тасалдлын хувилбар бүрээр бэлэн байдлын үнэлгээ хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөршүүдтэйгээ харилцах тогтвортой сувгаа хадгалах нь чухал. Гуравдугаарт, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн, тогтмол шинэчлэгддэг эрсдэлийн мэдээллийн тогтолцоотой болох шаардлагатай.Үндэсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн аюулаас хамгаалах бус, цочролыг даах чадвар юм.
“Гуравдагч хөршийн бодлого нь аль нэг хөршийг сөрөх хэрэгсэл биш, дипломат харилцааны сонголтыг өргөжүүлэх механизм юм”
-Манай улсын олон тулгуурт гадаад бодлого бол газар зүйн нөхцөлөөс урган гарсан стратегийн сонголт юм. Хоёр хөрштэйгөө найрсаг, прагматик харилцаатай байх нь өдөр тутмын эдийн засаг, хил, тээвэр, эрчим хүчний хувьд зайлшгүй шаардлагатай. Харин “гуравдагч хөрш”-ийн бодлого нь аль нэг хөршийг сөрөх хэрэгсэл биш, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, боловсрол, дипломат харилцааны сонголтыг өргөжүүлэх механизм юм.
Тэнцвэрийг зөвхөн өндөр түвшний айлчлалын тоогоор бус, бодит үр дүнгээр хэмжих хэрэгтэй. Тухайлбал, экспортын шинэ зах зээл нээгдсэн эсэх, хөрөнгө оруулалтын эх үүсвэр төрөлжсөн эсэх, олон улсын байгууллагын оролцоо үр дүнтэй байгаа эсэх зэрэг үзүүлэлт чухал.
Туйлшрал нэмэгдвэл Монгол Улсын маневрлах орон зай хумигдана. Гэхдээ олон улсын эрх зүйг баримтлах, асуудал тус бүрд үндэсний ашиг сонирхлоороо байр сууриа тодорхойлох, аливаа түншлэлд ил тод, тууштай хандах боломж хэвээр байна. Хязгаар нь газар зүй, дэд бүтэц, зах зээлийн хамаарал юм. Эдийн засгийн хамаарал бол үндэсний аюулгүй байдлын үндсэн эрсдэлийн нэг. Ялангуяа шатахууны нийлүүлэлт, цахилгаан эрчим хүчний импорт, экспортын орлогын төвлөрөл, тээврийн цөөн гарц зэрэг нь хоорондоо уялдсан эмзэг цэгүүд байна. Нэг суваг доголдоход тээвэр, хүнсний үнэ, төсвийн орлого, валютын ханшид зэрэг дарамт үүсэж болзошгүй.
Монгол Улсын бодит бэлэн байдлыг зөвхөн нөөцийн нийт хэмжээгээр бус, тасалдлын үед хэд хоног хэвийн ажиллах, орлуулах эх үүсвэрийг хэдий хугацаанд ашиглах, нэн чухал хэрэглэгчдэд хэрхэн хуваарилах зэргээр шалгах ёстой.
Эдгээр үзүүлэлтийн өнөөгийн нарийвчилсан түвшинг албан ёсны аудитгүйгээр баттай дүгнэх боломжгүй. Тиймээс стратегийн нөөцийн ил тод шалгуур, ханган нийлүүлэгчдийн төрөлжилт, дотоод үйлдвэрлэл, эрчим хүчний сүлжээний найдвартай байдал, хил, ложистикийн нөөц маршрутыг цогцоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд бидэнд судалгаа хэрэгтэй. Ажлыг эхлүүлэхдээ заавал судалгаа, тооцоололтой байж, аливаа давагдашгүй хүчин зүйлд бэлэн байх шаардлагатай.
“Сайн стратеги баталсан ч төсөв, гүйцэтгэл, хариуцлага нь уялдахгүй бол бодит үр дүн гарахгүй”
-Миний үзэж байгаагаар дотоод эрсдэлүүдийн суурь шалтгаан нь институцийн чадавх болон бодлогын залгамж чанарын сул тал юм. Авлига, хүний нөөцийн тогтворгүй байдал, байгууллагуудын уялдаагүй ажиллагаа нь тус тусдаа асуудал боловч эдгээр нь нийлээд төрийн урт хугацааны шийдвэрийг хэрэгжүүлэх чадварыг бууруулдаг. Сайн стратеги баталсан ч төсөв, гүйцэтгэл, хариуцлага нь хоорондоо уялдахгүй бол аюулгүй байдлын чиглэлээр бодит үр дүн гарахгүй. Тиймээс төрийн албаны мэргэшсэн байдлыг хамгаалах, чухал албан тушаалд хуримтлагдсан институцийн ой санамжийг хадгалах, эрсдэлийн мэдээлэл солилцох эрх зүйн тодорхой журам бий болгох шаардлагатай.
Авлигатай тэмцэх нь зөвхөн ёс зүйн асуудал биш, стратегийн худалдан авалт, дэд бүтцийн чанар, хямралын үеийн нөөцийн хуваарилалтад шууд нөлөөлдөг аюулгүй байдлын асуудал юм. Үр дүнг байгууллагын тайлангаар бус, бодит бэлэн байдлын сорил болон хөндлөнгийн үнэлгээгээр хэмжих нь зүйтэй.
Кибер орчинд төр, банк санхүү, эрчим хүч, холбооны системүүд хоорондоо харилцан хамааралтай болсон. Нэг байгууллагад гарсан халдлага нь үйлчилгээний тасалдал, мэдээлэл алдагдах, иргэдийн итгэл буурах, цаашлаад бодит дэд бүтцийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй. Хиймэл оюун ухаан нь хуурамч дуу, дүрс, итгэмээр мессеж бүтээх, залилан хийх, мэдээллийн нөлөөллийн ажиллагаа явуулах үйлдлийг хямд, хурдан, өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байна.Гэхдээ стратегийн салбаруудын хамгаалалтыг “сайн” эсвэл “муу” гэж ерөнхийлөн дүгнэхэд нийтэд нээлттэй, харьцуулж болохуйц мэдээлэл хангалтгүй. Хамгаалалтын бодит түвшнийг эмзэг байдлын үнэлгээ, нэвтрэлтийн туршилт, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, осолд хариу арга хэмжээ авах чадвар болон системийг сэргээх хугацаагаар тогтооно. Онц чухал мэдээллийн дэд бүтцэд хамгийн бага хамгаалалтын стандарт тогтоох, тогтмол аудит хийх, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг үнэлэх, мэргэшсэн боловсон хүчний бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Кибер аюулгүй байдал бол ганц программ худалдаж авах асуудал биш, харин тасралтгүй ажиллагаатай удирдлагын тогтолцоо байдаг.
“Хуурамч мэдээллийг хориглохоос илүүтэй зохион байгуулалттай нөлөөллийн сүлжээг илрүүлэх нь чухал”
-Мэдээллийн нөлөөллийн ажиллагаа нь зөвхөн худал мэдээ тараах бус, бодит мэдээллийг сонгон ашиглах, сэтгэл хөдлөлийг өдөөх, нийгмийн бүлгүүдийн хооронд үл итгэлцэл бий болгох хэлбэрээр илэрч болно. Ялангуяа онцгой байдал, сонгууль, эдийн засгийн хүндрэл зэрэг эмзэг үед ийм ажиллагааны үр нөлөө нэмэгддэг. Монгол Улсад холбогдох байгууллагуудын тодорхой чиг үүрэг, хууль эрх зүйн зохицуулалт байдаг боловч бүх түвшнийг хамарсан эрт илрүүлэлт, нотолгоонд суурилсан үнэлгээ, шуурхай харилцааны чадавх хангалттай эсэхийг нээлттэй баримтаар бүрэн тогтоох боломжгүй.Энд баримтлах гол зарчим нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахгүй байх, нөгөө талаас бусдыг гүтгэн доромжлох, төрд итгэх итгэлийг сулруулах зорилготой зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээх явдлыг зөвшөөрөхгүй байх юм. Мөн хуурамч мэдээллийг дур мэдэн хориглохоос илүүтэй эх сурвалжийг баталгаажуулах, зохион байгуулалттай нөлөөллийн сүлжээг илрүүлэх, нотолгоог олон нийтэд ойлгомжтой тайлбарлах, хараат бус хэвлэл мэдээлэл болон иргэдийн медиа боловсролыг дэмжихэд төвлөрөх ёстой. Итгэлцлийг албадлагаар бус, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь хүргэх замаар бэхжүүлнэ.
“Хууль шинэчлэх нь чухал боловч хэрэгжүүлэх байгууллага, чадварлаг боловсон хүчин, бодит нөөцгүй бол үр дүнгүй”
-Аливаа эрсдэлүүдийг бууруулахын тулд хамгийн түрүүнд хийх шаардлагатай гурван ажлыг судлаачийн хувьд санал болгоё.
Нэгдүгээрт, үндэсний эрсдэлийн нэгдсэн үнэлгээ, хямралын удирдлагын механизмыг бодит ажиллагаатай болгох хэрэгтэй. Төрийн байгууллага болон стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүд эрсдэлийн нэгдсэн зураглалтай, мэдээлэл солилцох тодорхой журамтай, хамтарсан удирдлагын тогтолцоотой байх ёстой.
Хоёрдугаарт, шатахуун, эрчим хүч, хүнс, холбоо, төлбөр тооцоо зэрэг нэн чухал үйлчилгээний тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг санхүүжилтийн хамт баталж, нөөц, орлуулах маршрут, үйл ажиллагааг сэргээх хугацааг тогтмол турших шаардлагатай.
Гуравдугаарт, аюулгүй байдал, кибер хамгаалалт, өгөгдлийн шинжилгээ, стратегийн харилцааны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх урт хугацааны хөтөлбөр хэрэгтэй. Хууль шинэчлэх нь чухал боловч хэрэгжүүлэх байгууллага, чадварлаг боловсон хүчин, бодит нөөцгүй бол үр дүнгүй. Эдгээр гурван чиглэл тус бүрд хариуцах эзэн, хэрэгжүүлэх хугацаа, үр дүнг шалгах үзүүлэлтийг тодорхой заах ёстой юм.
Ер нь манай улсын хувьд ойрын 5–10 жилд дутуу үнэлэгдэх магадлалтай сорилт бол уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, хотжилтын төвлөрөл, эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухаан болон технологийн хамаарал зэрэг асуудал нэгэн зэрэг давхцах явдал юм.
Жишээлбэл, ган, зуд нь хөдөөгийн амьжиргаанд нөлөөлж, дотоод шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр хотын дэд бүтцийн ачаалал, хүнсний нийлүүлэлтэд дарамт үүсгэж болно. Үүнтэй зэрэгцэн цахим системээс хэт хамааралтай болох тусам нэг удаагийн томоохон тасалдлын хор уршиг нэмэгдэнэ. Бодлогын түвшинд аюулгүй байдлыг салбар тус бүрээр нь тусгаарлан бус, харилцан хамааралтай систем гэж харах өөрчлөлт хэрэгтэй. Ус, эрчим хүч, хүнс, дижитал дэд бүтцийн урт хугацааны хувилбарт төлөвлөлт хийх, эрсдэлийн үнэлгээг төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэрт заавал тусгах, орон нутгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологийн зохицуулалтыг хүний эрх болон инновацтай тэнцвэржүүлэх шаардлагатай. Аюулгүй байдлын хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол хямрал нүүрлэхээс өмнөх бэлтгэл байдаг.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!