
Дэлхийд мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ үүсэж хөгжөөд 180 жил болж байна. 1846 оны аравдугаар сарын 16-нд Америкийн Бостоны Массачусета эмнэлэгт анх удаа эфирээр хүнийг мэдээгүйжүүлж хүзүү орчмын хавдрыг авсан гэдэг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. Энэ жил “Мэс заслын өмнөх, мэс заслын явцад болон дараах үед өвчтөний тусламж, үйлчилгээнд мэдээгүйжүүлгийн эмчийн оролцоо, үйл ажиллагаа” уриан дор зохион байгуулж байна.
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгаас иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ, ололт, амжилт, ач холбогдлыг таниулах зорилгоор “Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 7 хоног” аяныг зохион байгуулсан юм.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн анагаах ухааны магистр, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх зэргийн их эмч Алтайхүүгийн Эрдэнэдалайг урилаа. А.Эрдэнэдалай Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо хэмээх газарт төрж, 1977-1985 онд Алтай сумын дунд сургуулийн наймдугаар ангийг төгссөн байна. Аав Алтайхүү нь сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд авдаг байсан. Харин ээж Сээвэн нь цэцэрлэг, сургуульд ажилладаг байжээ.
Эцэг эхээс тавуулаа. Хоёр ах, нэг эгч, нэг дүүтэй. Аав ээж нь настай хүмүүс байсан болохоор бие нь өвдөхөд ах, эгч нь ирж Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Наймдугаар ангиа төгсөөд аравдугаар ангид орох эрхээ авсан учир Октябрийн районы 42 дугаар сургуулийн IX ангид оров.
Дараа жил нь конкурсдана. Гэтэл хөдөөний паспорттай болохоор улсын шалгалт өгөхөд хэцүү байсан болохоор ах, эгч нь ярьж байгаад Төв аймгийн паспорттай болсноор аравдугаар ангид сурахаар Төв аймгийг зорьжээ. Тухайн үед аравдугаар ангид орж байгаа хүүхдүүдийг 7-14 хоног янз бүрийн ажил хийлгэнэ. Эдний анги Эрдэнэ сум руу хар модны давирхай, боргоцой цуглуулахаар 14 хоног ажиллахдаа ангийнхантайгаа гайгүй сайн танилцжээ. Ингээд Төв аймгийн хоёрдугаар арван жилд сураад анагаахад сурах эрхээ авсан байна.
Гэр бүлийн хамт.
Нийтлэлийн баатраас яагаад эмч болсон талаар асуухад нэгдүгээрт, аав ээж хоёр нь настай хүн байсан. Хоёрдугаарт, нэг удаа хоол идэж байхад юм залгиж чадахгүй болсон. Тэгээд эмнэлэг рүү ороход эмнэлгийн спирт, хлорамины үнэрийг үнэртээд шүлсээ залгихад нь зүгээр болжээ. Энэ талаар сумын эмч Доржсүрэн “Мэдрэлийн гаралтай, сэтгэл санааны тавгүй байдлаас болж улаан хоолой, ходоодны амсрын булчин агшдаг.
Шинэ орчинд орохоор тавигддаг” гэж. Тэгэхэд л эмнэлэг сайхан юм байна гээд эмч болох сэдэл төрсөн. Ер нь хими, биологийн хичээлд гайгүй байсан. Конкурсийн жил химийн хичээлээр шалгалт авахгүй болоход биологоор өгөөд анагаахад орж байлаа.
Аав ээж минь миний эмч болоод ажиллаж, амьдраад явахын эхлэлийг л харсан. Мэс заслын эмч болоод нэг жил болоход аав минь бурхан болсон. Сэхээний эмч болоход ээжтэйгээ хэдэн жил хамт амьдарсан гэсэн юм. Түүний гэргийг О.Бат-Оюун гэдэг. Сувилагч мэргэжилтэй. А.Эрдэнэдалай эмчийг төгсөж ирэхэд сувилагчийн сургуулиа төгсөөд ерөнхий мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байжээ. Түүний ажил, амьдралын гараа гуравдугаар эмнэлгээс эхэлсэн сайхан дурсамжтай. Өнөөдөр хоёр сайхан хүүтэй, дөрвөн настай ач охинтой. Том хүү Төгөлдөр нь Интермед эмнэлэгт чих, хамар хоолойн мэс заслын эмчээр ажиллаж байна. Харин бага хүү Тамир Санхүү, эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Голомт банкинд Нөөцийн удирдлагын хэлтэст диллерээр ажилладаг. Гэр бүлийн хоёр нэг дор ажиллах дэмий болов уу гээд эхнэр нь Ачтан эмнэлэгт 15 жил ажиллаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллаж байгаа ажээ.
Бэлтгэл оюутан болсон нь
Нэг курсийн 12 өнөөдөр ч Улсын гуравдугаар төв эмнэлэгтээ ажиллаж байна.
Анагаахад орсон эхний жил нь бэлтгэл оюутан гээд асрагч хийлгэдэг байжээ. 1987 оны есдүгээр сарын 1-нд хичээлдээ орох гэтэл “Бэлтгэл оюутан гээд Эх нялхас руу асрагчаар нэг жил ажиллана гээд 60 оюутныг хуваарилжээ. ЭХЭМҮТ-д очиход нь чих, хамар хоолойн тасагт гурван хүүхдийн хамт хуваарилсан аж. Ингээд хойшоо энгэртэй цагаан халад өмсүүлээд нэг гарт нь шалны мод, нөгөө гарт нь хувин бариулаад сурган хүмүүжүүлэгч Эрдэнэцэцэгийг дагалдуулжээ.
Зөвхөн асрагч хийсэнгүй, оройдоо асаргааны хичээл, хэлний сонгондоо явна. Чих, хамар хоолойн тасгийн хамт олонтой нэг жил ажиллахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ, мэс засал, лорын тусламж, үйлчилгээг сурсан.
1988-1994 онд анагаахдаа сураад хүний их эмчээр төгсчээ. Төгсөхдөө улсын зургаан шалгалтыг сайн өгсөн 12 хүүхдийг гуравдугаар эмнэлэг авна гэснээр 1994 оны тавдугаар сард ажлын гараагаа эхлүүлсэн байна. А.Эрдэнэдалай эмч оюутан байхдаа төрж байгаа ээжтэй адилхан биеэ чангалаад, гараа атгаад зогсож байснаа тод санадаг гэв. Ерөнхий мэс заслын тасагт жил гаруй ажиллаад мэргэжил олгох гурван сарын курст суралцаж ерөнхий мэргэжлийн эрх авав. Тухайн үед мэс заслын эмчийн орон тоо байхгүй учраас ажиллах боломж алга.
Нэгэнт ажилд орсон юм чинь аль нэг гайгүй тасгийг өөрөө сонгоод ажиллах боломжтой гэснээр сэхээн амьдруулах тасгийг сонгожээ. Анх ажилд ороход нь “шавь сургалт” гээд зургаан сар болгоод өөр тасагт ажиллуулдаг байсан нь сэхээний тасаг таарчээ.
Сэхээний үйл ажиллагаа мэс засалтай ойрхон байсан болохоор сэхээн амьдруулах тасгийн тусламж, үйлчилгээ үндсэн мэргэжлийнхээ суурийг тавьж 32 дахь жилдээ ажиллаж байна. 32 жилийн өмнө хамгийн залуу нь байсан бол өнөөдөр ахмад нь болоод залуу үеэ сурган хүмүүжүүлж явна. Анх ажилд орсон 12 төгсөгчөөс Ц.Төмөр-Очир Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, полклиникийн эрхлэгч Бадамцэцэг мөн тасгуудын эрхлэгч, ахалж байгаа хүмүүс дандаа манай курсынхан байна хэмээн бахархан ярьж байлаа.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээгээр дагнасан 30 жил
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон.
Сэхээний тасаг анх гурван давхарт байхад мэдээгүйжүүлгийн тасаг гэж байгаагүй аж. Энэ тасагт Төрийн соёрхолт, мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч С.Эрдэнээ 1986-1993 он хүртэл тасгийн эрхлэгчээр ажиллажээ. С.Эрдэнээ эмчийг дагалдаж мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээнд оролцож, хийж байгаа зүйлээс нь дагаж суралцаад мэдээгүйжүүлгийн резидентийг эндээ тэр үеийнхээ сургалтад хамрагдаж хийсэн. С.Эрдэнээ эмчийгээ дагалдаж яваад мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээг дагнасан.
32 жилийн эхний 1.6 жилийг ерөнхий мэс засал, сэхээний тасагт ирсний дараа Мэдрэлийн мэс заслын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагтай 30 жил холбогдсон байна.
1999 онд Хагалгааны нэгдсэн тасаг байгуулаад хагалгааны хэдэн сувилагчтай, нэг мэс заслын эмч ахлаад зохион байгуулалтад орсон ч хэсэг хугацаанд завсарлажээ. Ингээд 2000 онд Хагалгааны нэгдсэн тасагт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагчийг өгөөд Жанчив эрхлэгчтэй Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасаг бий болж үйл ажиллагаа явуулж, мэдээгүйжүүлгийн найман эмч, хагалгааны 20 гаруй сувилагчтай ажиллажээ. Жанчив эмч нь Номун эмнэлгийн захирал болж явахад 2001 оноос энэ тасгийн эрхлэгчийн ажлыг авч хамт олныхоо тус дэмээр 22 жил ажиллаад тасгийн эрхлэгчийн ажлаа өгөөд зөвлөх зэрэгтэй эмчээр үйл ажиллагаанд оролцож байна. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг нь хоёр жилийн резидентийг бэлтгэдэг сургалт явуулдаг. Энэ сургалтад 20-оод жил оролцож байгаа аж. Жилд 8-12 хүүхэд сурдаг ч сүүлийн үед 6-8 хүүхэд төгсдөг болсон. Үүнээс 1-2-ыг нь үндсэн хамаарлын эмнэлгээс албан ёсны нэр дээр сургадаг. 20 жилийн хугацаанд 40-өөд хүүхдийг гарын шавь болгосон. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн ихэнх эмч энэ сургалтыг төгсөн гарчээ.
Бид алдах эрхгүй
-Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч нарын онцлог юу вэ?
-Улсын гуравдугаар төв эмнэлэг анх мэс заслын эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан. Өнөөдөр ч гэсэн энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Монгол Улсын хэмжээнд зүрх, тархины мэс засал, харвалтаар голлох тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай, чанартай үзүүлэхэд багийн тусламж, үйлчилгээ чухал. Энэ багийн нэг чухал эд эс нь Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ байдаг. Хүмүүс “Далд фронтын дайчид” ч гэдэг. Мэс заслыг эхлэхээс нь аваад үргэлжлэх, дуусах, эрчимт эмчилгээнд үйлчлэх энэ хугацааны тусламж, үйлчилгээг хариуцдаг хэсэг хүмүүс байдаг. Мэдээгүйжүүлгийн эмч олон талын үүрэг, ажиллагааг гүйцэтгэдэг. Төрөлжсөн мэс заслын хэсгүүдээрээ тусламж, үйлчилгээнд оролцдог.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг 16 их эмч, 17 сувилагчтай. Манай тасагт зүрх, тархины, ерөнхий мэс засал, чих, хамар хоолой, нүдний мэс засал гээд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийдэг.
Дурангийн мэс засал, амбулаторийн тусламж гэсэн долоон төрлийн тусламж, үйлчилгээнд 16 эмч, 17 сувилагч чиглэл чиглэлээрээ ордог. Жилд 6000-10 мянган тусламж, үйлчилгээнд оролцдог. Мэдрэлийн мэс засал дээр төлөвлөгөөт 8-11, яаралтай 2-3 хүн, зүрхний мэс засалд 5-6, ерөнхий мэс засалд 6-8, чих, хамар хоолойн зургаан хүн гэхээр өдөрт 50-60 хагалгаа орно. Стен, судсан доторх ажилбарыг оролцуулаад нэлээн завгүй үйл ажиллагаа явагддаг. Бидний мэргэжлийн нэг онцлог нь алдах эрхгүй. Алдвал хүний амь насыг алдана. Тиймээс алдах эрх байхгүй. Эмч бүр хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг хэдий ч мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч нар өдөр бүрийн тулсан юман дээр хүний амь насыг хариуцаж байна.
Манай мэргэжлийн онцлогтой тал нь мэс заслын явцад эрүүл мэндийг нь хамгаалаад эрхтэн тогтолцооны системийг хэвийн байлгаж, ухаантай байсан ухааныг нь алдагдуулаад, зүгээр ажиллаж байсан зүрхийг нь зогсоогоод ажиллана гэдэг тэр бүр хүнд олдох ажил биш.
Жинхэнэ төрөлжсөн, нарийн мэргэжлийн хүний хийдэг ажил. Хүний амьсгалыг зогсоочихоод хиймэл амьсгал хийж чадахгүй бол 2-3 минут хөхрөөд, 5-6 минутад зүрх зогсоод аюулгүй болдог учраас маш сайн дадлагажиж туршлагажих өвөрмөц шаардлагатай мэргэжил. Тиймээс мэдрэмжтэй, дадлага туршлага, мэдлэг, чадвар хэрэгтэй. Ийм хосолсон чадвар шаарддаг мэргэжил. Нэгэнт төрөлжсөн мэргэжил эзэмшсэн бол тууштай ажиллах шаардлагатай.
-Өнөөдөр та ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Өнөөдөр би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна. 24 цагийн тусламж, үйлчилгээ гүйцэтгэж байна гэсэн үг. Мэдээгүйжүүлгийн хоёр эмч хонодог. Зүрхний мэс заслын зургаа, мэдрэлийн мэс заслын найм нийт 14 хүний эрчимт эмчилгээг хариуцна. Яаралтай ирсэн хагалгаанд орно. Үдээс өмнө төлөвлөгөөт хагалгаанд ордог. Миний хувьд одоогийн байдлаар хоёр мэс засалд ороод байна. 64 настай, эрэгтэй өнчин тархины хавдар оноштой. Баруун нүдний хараа алдагдсан.
Дурангаар хамрын хөндийгөөр өнчин тархины хавдрыг мэс заслаар авсан. Энэ хагалгаанд том бүрэлдэхүүнтэй ордог. Мэдрэлийн мэс заслын эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч, чих, хамар хоолойн эмч хамрын хөндийгөөр нь ороод суурийг нь нээж өгдөг.
Цаашаа мэдрэлийн мэс заслын эмч тухайн хагалгааг нь үргэлжлүүлж хийдэг. Өнчин тархи гэдэг хүний дотоод тэнцвэрт орчин, гармоныг хариуцдаг чухал эрхтэн. Өөрчлөлтүүд гарч болох эрсдэлтэй хагалгаа. Хагалгаа маань амжилттай болсон, хүн маань сэрсэн ухаантай, дажгүй байгаа. Хоёр дахь нь яаралтай хагалгаа орлоо. 54 настай, эрэгтэй нуруу нь өвдөөд явж чадахгүй хэвтэрт ороод маш өвчлөлтэй ирээд дөрөв, тавдугаар нугалмын дискийн эвэрхийн хагалгаа хийсэн. Бас амжилттай болсон. Сая тасаг руу нь шилжүүллээ. Өглөө дуу тавиад, хөдөлгөөн хязгаарлалттай байсан хүн хагалгаанд ороод шилжихдээ сайхан болчихсон, баярлалаа гээд явлаа.
Харвасан хүн байна. Яаралтай хагалгаа орохоор төлөвлөөд байж байна. Мэс заслын тусламж, үйлчилгээний нэг сайхан чанар нь нүдэн дээр үр дүн нь гардаг. Хагалгаа хийсний 2-5 цагийн дараа үр дүнгээ хардаг болохоор урамтай байдаг гэсэн юм.
Тэрээр 30 гаруй жил энэ системд ажиллахдаа байнга мэргэжлээрээ бахархдаг. Ер нь би гэж ярих нь багасаад бид гэж ярьдаг болсон. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг буянтай газар. Олон хүнийг эрүүл саруул болгож өвчин эмгэгээс нь салгадаг. Энэ сайхан хамт олны дунд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Олон ахмад, дунд үе, залуучуудтай ажилласан. Бие биеийнхээ тус дэмэнд явдаг гэж байлаа. Мөн“Зууны мэдээ” сониноор дамжуулаад Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа мэргэжил нэгт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч нартаа баярын мэнд дэвшүүлье. Ажил хөдөлмөрт нь амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Рагчаагийн ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!