
Монголын ард түмнийг ковидын хүнд үед цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлж, "СААЛИЙН ҮНЭЭ" гэдгээ бодитоор баталсан “Эрдэнэт” үйлдвэр дахин улс төрчдийн гар хөл, авлигачдын халаасыг зузаатгах "шахааны талбар" болон хувирлаа.
"Сааль нь дууссан" хэмээн хувийн хэвшилд бэлэглэж байсан үйлдвэрийг төр өөртөө авснаар дахин 100 орчим жил ажиллах нөөцтэй нь тогтоогдож, улсын төсвийг нуруундаа үүрч яваа. Гэвч сайны хажуугаар садаа мундахгүй гэгчээр төрийн өмчит энэ аварга үйлдвэрийг тойрсон "урт гартнууд" өнөөдөр ч ард түмний баялгийг цөлмөсөөр байна.
НЭГЭН ЖИШЭЭ: “Бест Вестерн Тек” ХХК-ийн захирал Сайнжаргалын Анхбаяр гэгч нь 2026 оны 10 дугаар сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрээс 34 орчим тэрбум төгрөгийн тендерийг "хаман" авчээ.
Энэ бол энгийн нэгэн бизнесийн өрсөлдөөн биш, нэг компанид илт давуу байдал олгосон, хууль хяналтынхны нүдэн дээр ил цагаан хийгдэж буй "ноцтой шахаа" гэж хардаж болохоор.
С.Анхбаяр гэж хэн бэ?
Авлигын "Хэрэгтэн" хэрхэн "Тендерийн хаан" болов?
Тэрбээр зүгээр нэг бизнесмен биш. 2016 оны сонгуулийн дараа “ДЦС-IV” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хамгаалалтад байдаг, түүний "хайртай хуурай дүү", багшийнх нь хүүхэд гэдгээрээ танигдсан улс төрийн ар талтай нэгэн.
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэгэнтээ “Нямдорж өөрийн хуурай дүү С.Анхбаяр гэдэг залуугаараа дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг. 42 сая ам.долларын бараа материал шахсан баримт нь надад бий” гэж илчилж байхад Ц.Нямдорж “Миний багшийн хүүхэд, өөр холбоо байхгүй” хэмээн мэлзэж суусан.
Гэвч үнэн удалгүй ил болж, 2018 онд АТГ-аас С.Анхбаярыг их хэмжээний авлигын хэргээр баривчилсан юм. Анхан шатны шүүхээс түүнд хоёр жил хорих ял оноосон ч, 2019 онд Улсын дээд шүүх түүний хорих ялыг ердөө 27 сая төгрөгийн торгууль болгон өөрчилж, сулласан байдаг. Энэхүү шийдвэр нь түүнийг хэний хамгаалалтад байдгийг, Монголын шүүх авлигачдад хэрхэн зөөлөн ханддагийг бэлхнээ баталсан харанга байв.
Авлигачтай тэмцэх МАН-ын тунхаг хаачив?
“Эрдэнэт”-д шахаа хийсэн, “ДЦС-IV” станцын захирал байхдаа авлига авсан нь шүүхээр тогтоогдсон, төрд ажиллах эрхээ хасуулж явсан авлигачид “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндон дахин 34 тэрбум төгрөгийн тендер өгч эхэлсэн нь анхаарал татах үйлдэл юм.
“Авлигачид, хулгайчидтай тэмцэнэ, шүүрдэнэ” хэмээн сүржин мэдэгдэл хийж, Төрийн ордноос ард түмэнд жүжиг үзүүлж буй Ардын намын дарга, Засгийн газрын гишүүн Н.Учралын үг, нөгөө талд авлигачинд тэрбум тэрбумаар нь тендер хуваарилаад сууж буй Г.Ёндонгийн үйлдэл хоёр эрс зөрчилдөж байна.
Та нарын авлигын эсрэг тэмцэл чинь зөвхөн цүнх баригчдад үйлчилдэг, урт гартай томчуудын өмнө хүчин мөхөсддөг жүжиг үү? Ерөнхий сайд аа...








Эх сурвалж: Төр.мн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!