
Намаржин хот, хөдөөгүй баавгайтай “хөөцөлдсөн”, хүний амь ч эрсэдсэн. Эхэндээ ч ганц, хоёроор нь бугуйлдаж бариад, хүлж тавиад, хөвч рүү хөөж дөнгөөд л байлаа. Устгаж болохгүй хуультай, тэгсэн мөртөө унтуулах ганц ч буугүй учраас өөр яах ч билээ. Хэдэн бор малчид, хөөрхий байгаль хамгаалагч нар гар мухар хэрнээ л хөвчийн хүрэнгийн эсрэг сайн ч үзэлцсэн. Гэвч хэдэн арваараа уулнаас бууж, Улаанбаатар хотоор хүртэл тэнүүлчилж эхлэх үед хаа хаа хүч хүрэхээргүй болсон. Арга буюу Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс тэрбум гаруй төгрөг гаргаж, баавгай унтуулах хийн буу, зөөвөрлөх тор, үргээх цацлага, мэдээ алдуулагч эм авахаар худалдаж авахаар болсон.
Улмаар Байгаль орчны яамнаас баавгайнд зориулж 45 сая төгрөгөөр мэдээ алдуулагч, 150 сая төгрөгөөр тор, 164 сая төгрөгөөр үргээгч цацлага, 450.4 сая төгрөгөөр хийн буу дагалдах хэрэгслийнх нь хамт худалдаж авахаар тендер зарласан. Мэдээ алдуулагч, тор авах тендерүүд нь амжилтгүй болж дахиад зарласан. Харин хийн буу, үргээгч цацлага авах тендерийн ялагчид тодорчээ.
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ НИЙЛҮҮЛЭХ "АЛТАН ДОЛГИО" ХХК-ИЙН АРД МАН-ЫНХАН БИЙ ЮУ
Байгаль орчны яамнаас зарласан баавгай унтуулах 12 ширхэг буу дагалдах хэрэгслийн хамт худалдаж авах 450.4 сая төгрөгийн тендерт “Алтан долгио” ХХК шалгарчээ. Өмнө нь “Алтан долгио” ХХК нь Төрийн банканд 32 сая төгрөгөөр хийн гар буу, 74 сая төгрөгөөр хамгаалагчийн хувцас, ЗХЖШ-т 2.1 тэрбум төгрөгөөр цэргийн тусгай хүчний хамгаалалтын хувцас нийлүүлж байсан бол, саяхан болсон “СОР-17” хурлын шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмжийг 101 сая төгрөгөөр нийлүүлжээ.
“Алтан долгио” ХХК-ийг Пагамын Рэгзэдмаа гэх эмэгтэй эзэмшдэг, захирлаар нь хүү Б.Батсүх нь ажилладаг. Харин П.Рэгзэдмаагийн нөхөр С.Батмөнх нь 2016-2022 онд нийслэлийн харьяа “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ С.Батмөнх жилдээ 2.0 тэрбумын орлоготой гэж мэдүүлдэг, нийслэлийн хамгийн баян дарга нарын нэг байв. Сонирхуулахад, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ыг С.Батмөнхтэй хамт удирдаж байсан, тус газрын дарга асан Ч.Мэндбаяр өдгөө Улаанбаатар хотын менежерээр томилогдон ажиллаж буй.
Цаашилбал, “Алтан долгио” ХХК-ийн жинхэнэ эзэн С.Батмөнхийн эхнэр П.Рэгзэдмаа, төрсөн ах С.Батмөнхийнх нь эхнэр Д.Цэзэн хоёр “Эцэх эх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин С.Батнасан нь “Эцэг эх хүү” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд С.Батмөнхийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажиллах хугацаанд халуун, хүйтэн усны шугам сүлжээ засварлах хэд хэдэн тендерт нь оролцоод амжжээ. Өөрөөр хэлбэл, С.Батмөнх, С.Батнасан гэх ах дүүс “Эцэг эх” ХХК-аар ч, “Эцэг эх хүү” ХХК-аар ч халаас нэгтэй гэсэн үг.
Тэгвэл С.Батнасан нь хоёр хүүтэй, хоёулаа МАН-ынх. Том хүү нь УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн найз, бага нь алдарт “нүүрсчин хулгайч” Т.Аюурсайханы шадар цэрэг. Харин Н.Батсүмбэрэл, Т.Аюурсайхан хоёрын тухайд, 2012 оноос Чингэлтэй дүүрэгт хамт хаанчилсан хамтрагчид гэдгийг нийтээрээ мэднэ.
Бага хүү Б.Батхуяг нь Б.Батхуяг нь 2017-2020 онд МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны Ажлын албаны даргаар ажилласан. Тухайн үед МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар Т.Аюурсайхан ажиллаж байсан. Ийнхүү Б.Батхуяг Т.Аюурсайханд гурван жил зүтгэсний хариуд 2020 оны орон нутгийн сонгуулиар Т.Аюурсайханы тойрог Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Ингээд болоогүй, Б.Батхуяг нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна, 2021 оноос Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргаар давхар ажиллаж эхэлсэн байдаг.

Тэгвэл том хүү Б.Батболд нь 2023 оноос Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Төрсөн ах дүүс Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргын суудалд ээлжилж суусан гэсэн үг. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл ажиллаж байсан. Б.Батболд нь Н.Батсүмбэрэлийн нэг оны найз. Тиймээс ч Н.Батсүмбэрэл найз Б.Батболдыгоо төрсөн дүүг нь залгамжуулан Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргын суудалд залсан байж болох. Өдгөө Б.Батболд Н.Батсүмбэрэлийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг сошиалд түгээж суудаг юм билээ. Ингээд болоогүй, Б.Батболд Ерөнхий сайд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын 10 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлтэй хамт уригдаж очсоныг доорх зургаас харж болно.

Товчхондоо, Байгаль орчны яамны баавгай унтуулах бууны 450.4 сая төгрөгийн тендерийг авсан “Алтан долгио” ХХК-ийн эзэн С.Батмөнх нь МАН-ыг засаг барьж эхэлснээс хойш буюу 2016 оноос “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажилласан, төрсөн ахынх нь хүүхдүүд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга асан, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны засаг дарга асан, Ерөнхий сайд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын гишүүн гээд МАН-ынхан байж таарч байна.
БАЯНХОНГОРЫН КОМПАНИ БААВГАЙ ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛНЭ
Байгаль орчны яамнаас зарласан баавгай үргээгч цацлага 1935 ширхэгийг худалдаж авах 164.5 сая төгрөгийн тендерт “Ээл гранд” ХХК шалгарчээ. Гайхмаар нь, “Ээл гранд” ХХК-ийг Сумъяагийн Лхасүрэн гэх залуу эзэмшдэг бөгөөд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн 48-14 тоотод бүртгэлтэй байдаг. Тиймдээ ч өмнө нь Баянхонгорын Баацагаан суманд 25 сая төгрөгөөр бохирын машин, Бөмбөгөр суманд 35 сая төгрөгөөр автомашин, 50 сая төгрөгөөр лед дэлгэц, 37 сая төгрөгөөр гудамжны камер, Эрдэнэцогт сумын сургуульд 15 сая төгрөгөөр хүнсний ногоо, 20 сая төгрөгөөр хүнсний материал, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 100 сая төгрөгөөр засвар, Баянхонгор аймгийн Политекникийн коллежид 10 сая төгрөгөөр авто засварын хичээлийн материал, 13 сая төгрөгөөр цахилгааны хичээлийн материал, 19 сая төгрөгөөр сантехникийн хичээлийн материал гэх мэтээр Баянхонгорын аймгийнхаа тендерүүдэд л ихэвчлэн оролцож байжээ. Мөн хаяа залгаа хөрш Өвөрхангай аймгийнхаа хэдэн тендерт оролцож байсан. Харин нэг л удаа яамны тендерт оролцсон нь, 2024 онд Соёлын яамнаас зарласан Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын соёлын төвүүдэд тайзны хөшиг нийлүүлэх 37 сая төгрөгийн тендерт шалгарч байжээ.
Ийнхүү Баянхонгор аймгийнхаа, хаяа залгаа Өвөрхангай аймгийн бага дүнтэй тендерүүдийг түүж, хүнсний ногоо, хяналтын камер, хичээлийн хэрэглэл, хөшиг гэх мэтхэн нийлүүлж явсан “Ээл гранд” ХХК гэнэт гарч ирээд Байгаль орчны яаманд баавгай үргээгч цацлага 164.5 сая төгрөгөөр нийлүүлхээр болсон нь анхаарал татаж байна.
| ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД |
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!