fbpx С.Баяр: Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол Оюутолгой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
19 минут 16 секунд

С.Баяр: Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол Оюутолгой

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нээлттэй ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан Танаа

Эр цэргийн баярын мэнд дэвшүулж, амрыг эрье!

Нийслэлийн прокурорын газраас “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэсэн агуулга бүхий прокурорын гурван тогтоол 2020.03.05-нд надад танилцуулав. Эдгээр тогтоолыг би судлан, Улсын Ерөнхий прокурор танд санал хүсэлтээ бичиж эхлэв.Гэтэл дөрвөн өдрийн дараа буюу 2020.03.09- нд “Яллах дүгнэлтээ гардаж ав” гэж Нийслэлийн прокурорын газраас надад мэдэгдэв.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн (ЭХХШТХ) 32.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурорын шийдвэрийг эс эөөшөөрвөл тоггоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан. Миний бие “хуулинд заасан хоногт нь багтаан Ерөнхий прокурорт хандах бодолтой байна” гэж учирлан, энэ тухай албан ёсны хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өгсөн болно.

Гэвч хуулийн заалт түшиглэн гаргасан эл хүсэлтийг маань хүлээж авсангүй. Хэргийг хянаж буй прокуророос мөн өдөртөө 4/606 тоот мэдэгдэх хуудас надад хүргүүлэв. Уг мэдэгдэх хуудас нь “Хүрэлцэн ирж яллах дүгнэлтийг гардан авахгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” гэх сүрдүүлсэн агуулгатай. Миний бие тогтоосон газар, товлосон цагт нь хүрэлцэн очиж, ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал...” гэж заасны дагуу яллах Дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан болно.

Татгалзсан учир нь энгийн. Хоёр жил гаруй мөрдөж хянасан хэрэгтээ яллах дүгнэлт гаргахаас дөрвөн хоногийн өмнө “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн агуулгатай хэд хэдэн тогтоол надад танилцуулсан болоод яллагдагч миний гомдол, хүсэлтийг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлэх гэж гэнэт шуурхайлав.

Миний бие хуульд заасан эрхтэй учраас л, эсвэл “гаргахын тулд л” гомдол, хүсэлт гаргах гэсэн юм биш. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь амжиж хэрэгт хяналт тавих эрх үүрэг бүхий дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурор танд гомдол, хүсэлтээ хүргэх гэсэн юм. Тэр оролдлого маань бүтсэнгүй. Харамсалтай нь, хуулийн дагуу гаргасан хэд хэдэн гомдол, хүсэлтэд маань иймэрхүү маягаар үндэслэлгүй татгалзсан, хатуурхсан “хариу" барьсан нь цөөнгүй.

Хэргийг шалгах хугацаанд миний бие АТГ-ын мөрдөгчид хандаж дөрвөн удаа, хяналтын прокурорт дөрвөн удаа, Нийслэлийн прокурорт дөрвөн удаа, Улсын Ерөнхий прокурорт хандаж хоёр удаа нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг бүхий прокурор нь хуулиар хамгаалагдсан яллагдагчийн эрхэд хэрхэн хандаж ирсэн нь хүсэлт, гомдлыг маань хянасан байдал, өгсөн хариунаас нь тодорхой. (Миний болон өмгөөлөгчийн гаргаж байсан гомдол, хүсэлт болон тэдгээрт ирүүлж байсан хариуг тус тус хавсаргав).

 

Хууль хяналтын байгууллагад удаа дараа ийнхүү хандахдаа миний бие асуудлыг шуурхай, шударгаар, хуулийн дагуу шийдүүлэх гэсэн бодол, хүсэлтэй байв. Тийм ч учраас 2020.03.05-нд надад танилцуулсан прокурорын тогтоолд агуулагдаж буй зарим илэрхий алдаа, дутуу нягталж шалгасан зүйлд Ерөнхий прокурор таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Ингэснээр шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, улмаар асуудал улам удаашрах, эсвэл дутуу нягталсан яллах дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн алдаатай шийдвэр гарч, миний бие хилс хэргээр яллагдах болзошгүй эрсдэлийг багасгана гэж найдсан юм.

 

Миний гэх “хэргийг" танд товч сануулъя.“Ерөнхий сайд С.Баяр нь Оюу толгойн төслөөс авлига авсан”, “Энэ авлигаараа Америкт олон байшинтай болсон” гэх агуулгатай гүтгэлэг, цуурхал олон жил үргэлжилж, улмаар 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гаарсан. Тэдгээрийнх нь хариуд “Намайг мөрдөн шалгаж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад би гаргасан. Тэр хүсэлтийн маань дагуу мөрдөн шалгах ажил хийж, улмаар “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шалтгаан тогтоогдсонгүй” гэсэн хариу прокурорын байгууллагаас надад хүргүүлсэн байдаг. (Тэр хариу танай байгууллагын архивт бий).

Ийнхүү гүтгэлэг, цуурхал сонгуулийн сөрөг сурталчилгааны зориулалттай өрнөөд өндөрлөв гэж бодтол 2017 оны сонгуулийн өмнө улиг болсон мөнөөх сэдвээр гүтгэлэг цуурхал болон жагсаал цуглаан гадаад, дотоодод дахин хийж эхлэв. Өнөөдөр эргээд харахад гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж. Гүтгэлэг, цуурхал тарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш, харин эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд гүтгэлэг, цуурхал тараасан юм байна гэж надад ойлгогддог.

 

Монгол Улсын хууль, шүүхийн шударга тогтолцоонд итгэсээр ирсэн миний бие хилийн чанадад хашиж байсан Элчин сайдын албаа орхин, эх нутагтаа ирж уг асуудлыг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтын байгууллагын өмнө ёслол төгөлдөр хүрэлцэн очсон маань “худал үнэн, хар цагааныг минь ялгаад өгнө” гэж найдсаных. Үнэн, хууль хоёрт би итгэсэн. Гэтэл хэргийн гол нь энэ хоёрт байгаагүй юм байна гэдгийг улам бүр ойлгож байна. Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа.

Би бол Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга мянган хүүхэд багачуулын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин харамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна.

Оюу толгой төсөл нь өдгөө манай үндэсний эдийн засаг, бизнесийн том хөдөлгөгч хүч, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох хэмжээ, үнэ цэнийг тодорхойлогч гол хүчин зүйл, уул уурхайн шилдэг технологийг нэвтрүүлэгч болсон байна.

Гэхдээ Оюу толгой төслийн ач холбогдлын тухай үүнээс илүүг нуршиж Ерөнхий прокурор таны цагийг үрэх бодолгүй байна. Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй.

 

Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018.04.10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.

 

Дээрх гэмт хэрэгт холбогдуулж намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийн баримтыг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд буцаажээ. Ингэхээс ч өөр аргагүй биз.Хэргийн материалтай танилцахад дээрх ялыг нотлох ямар ч баримт байсангүй. Ийм баримт угаасаа байх учиргүй бөгөөд, одоо бодоход, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд л эрүүл ухаанд багтамгүй эрүүгийн ийм хэргээр намайг яллажээ. Энэ нь миний гэх “хэрэг” нь эхнээсээ л хуулийн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсны нотолгоо гэлтэй.

“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” хэмээх зүйл ангиар намайг яллан шийтгэх бололцоогүй болсон тул энэ зуур Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

 

Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

 

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

 

Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.

 

Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг" дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?

Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.

 

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх өө!

Монгол Улсын ЭХХШТХ-д заасан “Яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар прокурорын байгууллагад хүлээлгэсэн эрх, үүрэг хэзээ, яаж хэрэгжих юм бол оо?

 

Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрийг хянах, өөрчлөх эрх үүрэгтэй байдаг. Үүнийг нь бодоод миний бие энд өгүүлж буй санал бодлоо прокурорын яллах дүгнэлт гарахаас өмнө, тэр дүгнэлтийг нь илүү бодитой, үндэс нотолгоотой болгох үүднээс Ерөнхий прокурор танд хүргүүлье гэж санаж байв. Харамсалтай нь, надаас үл хамаарах шалтгаанаар энэ санаа маань бүтсэнгүй. Хоёр жил мөрдөн шалгаж, хяналт тавьсан хэргээ хуулинд заасан хоёр долоо хоног ч хүлээлгүй, арай л түүхий шүүрхийгээр нь шүүхийн байгууллагад яаран шилжүүлэх шиг боллоо. Үүний цаад учрыг олох гэж бодоод л сууж байна.Бидний өсөж хүмүүжсэн урьдын нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байв. Одоо ч гэсэн тийм. Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагг аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.

 

Гэвч амьд хүний итгэл найдлага хамгийн сүүлд арилдаг гэдэг. Прокурорын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аль ч үед, түүний дотор шүүхийн шатанд ч оролцох эрхтэй. Иймээс хэргийг үнэн бодит, бүрэн бүтэн, сайтар нягталсан нотлох баримтад тулгуурлан хуулийн дагуу шударгаар шийдэхэд прокурор хувь нэмрээ оруулна гэсэн найдлага маань арай ч тасраагүй байна. Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр явна.

 

Танд уламжлах гэж бичиж байсан албан ёсны хүсэлтээ захидал хэлбэрээр ийнхүү хүргүүлж буйг минь болгооно уу. Миний гэх “хэргийн” талаар хэт өрөөсгөл, намайг өчиггүй буруутгаж гүтгэсэн мэдээлэл олон жил өргөн фронтоор түгээгдэж ирсэн тул өдгөө болж байгаа үйл явцын талаар олон түмэнд үнэн бодитой мэдээлэл үүгээр дамжуулан хүргэх нь чухал санагдана. Иймээс эл захидлаа хэвлэлд нийтлэх бодолтой байна.

“Октябрийн баярын өмнө яаран хүлээлгэн өгсөн, дутуу барьсан объект шиг” арай болчихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Намууд ирэх лхагва гаригт мөрийн хөтөлбөрөө танилцуулна
Намууд ирэх лхагва гаригт мөрийн хөтөлбөрөө танилцуулна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​