Ideree’s Home Party нэвтрүүлгийн үеэр хөтлөгч нэгэн оролцогч руу утсаар холбогдон УОК-оос ярьж байгаа мэтээр жүжиглэж, хэл яриандаа тохиромжгүй зүйрлэл хэрэглэсэн бичлэг өчигдрөөс эхлэн сошиал сүлжээнд тархсан билээ.
УОК-оос өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр энэ асуудлыг хөндөж "УОК-ын нэрийг барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зорилгоор ашигласан нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээгээр цацсан иргэдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна" хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн юм.
Тэгвэл энэ үйл явдлын тайлбарт Ideree’s Home Party нэвтрүүлгийн зохиогч, комедиан Б.Идэр-Од уучлал хүсжээ. Тэрээр "Коронавирусийн эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын онцгой комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.
Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна" гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР