ЭМЯ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийснээс 552-т нь коронавирус илрээгүй. Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Сөүлийн онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй хүнээс вирус илэрсэн.
Өнөөдөр 2 хүн эдгэрч, сувиллын ажиглалтад очлоо. Ингэснээр батлагдсан тохиолдол 301, эдгэрсэн 291. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 10 эмчлүүлж байна. 9 хүний биеийн байдал хөнгөн, нэгийнх нь хүндэвтэр байгаа" хэмээлээ.