fbpx “Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
16 минут 55 секунд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Манай Монголын баяр наадам сайхан болж байна. Өвөр Монгол ахан дүүс олноор ирсэн бололтой, Телевизээр тэдний ярилцлагууд гарах. Зарим нь өөрийн эрхгүй нулмис асгаруулахыг харахад өр өвдмөөр. Их гүрнүүдийн геополитикийн том тоглоомын золиос болсон бидний “үсэрсэн цус, тасарсан мах” болох Өвөр Монгол ахан дүүс Монгол ёс заншлаа хадгалах гэж хичээхийн дээдээр хичээхийг харахад сэтгэлд өег, бас бахархам санагдана.

Өнөөгийн Өвөр Монголын нутаг дэвсгэрийн төв хэсэгт 1939-1945 онд Мэнжян (Mengjiang) Монгол бичгээр (ᠮᠡᠩᠵᠢᠩ), англи (инглиш) хэлээр Mongolian Border Land гэж бичигддэг, (“Монголын хил (хязгаар) нутаг”) гэж гүжирдээд орчуулчихмаар нэр бүхий нэгэн улс Японы Эзэнт Гүрний дэмжлэгээр байгуулагдан оршин тогтнож байжээ. Японоор Канжи 蒙疆 гэдэг юм байна.

Мэнжян Улс нь манай Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудтай хойгуураа, урдуураа Хятадтай, бусад талаараа Манж-Го улстай хиллэдэг, 500 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй (Испани улстай тэнцэнэ) 5,5 сая хүн амтай, нийслэл нь Хаалган хот.

Үндэсний бичиг үсэгтэй, албан ёсны монгол хэлтэй! (Мөн япон, хятад хэлтэй). Нүүрс олборлож Японд гаргадаг, мэдээж мал аж ахуйтай. Энэ улс 6 жил орших тогтнох үедээ өөрийн сүлд, далбаа, төрийн дуулал, одон медаль, тамга тэмдэг... тэр ч байтугай Насан-Очир хэмээх Өвөр монгол генерал кмандалсан 10-20 мянган цэрэг бүхий армитай, Ер нь улс оронд юу л байх ёстой, тэр бүр нь байсан ийм нэгэн улс байжээ.

сонин mn

сонин mn

Япон улс нь Монгол болон Хойд Хятадад нөлөөгөө тэлэхийг эрмэлзэж 1931 онд Манжуурыг, дараа нь 1933 онд Чахарыг эзэлж Чингэс Хааны алтан ургийн хунтайж Дэмчигдонруб (Дэ ван)-гийн удирдлага дор өөрсдийгөө “Тусгаар тогтносон Монголын цэргийн засгийн газар” гэж нэрлэсэн засаг захиргааг 1936 онд байгуулж “өгчээ”. Зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр нэг шат ахиж 1939 онд “Өвөр Монголын Нэгдсэн Өөртөө Засах Орон” (ӨМНӨЗО)-ын Засгийн Газар болгон эрхийг өргөтгөн энэхүү Мэнжян гэдэг улсыг удирдуулах болжээ. Тэргүүн нь мөнөөх Хунтайж Дэмчигдонруб болой. Дахин нэг шат ахивал жинхэнээсээ тусгаар тогтносон Өвөр Монгол уу ???

Япон, манай БНМАУ нь алсдаа Зөвлөлт Холбоот Улсын (коммунизмын аюул?) гарын доор улс болох нь нэн тодорхой болчихсон цаг үе болохоор түүний нөлөөг Өвөр Монгол, цаашилвал Хятад, Зүүн Хойд Азийн бүс нутагт нэвтрүүлэхгүй байх зорилготой байгуулсан нэг ёсны буфер буюу бамбай улс байгуулсан хэрэг.

Үүнийг бас Японы байгуулсан “Тоглоомын улс” ч гэж нэрлэдэг юм байна. Оросууд дамшиглаж тэгж нэрлээ биз, бодвол. Нөгөө тал зөрүүлээд манай Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ыг ч бас “Зөвлөлтийн (өнөөгийн Орос) “Тоглоомын улс” гэдэг нэр “хайрласан” байдаг.

ӨМНӨЗО-ны Засгийн газар нь тэр цагт Хятадад засаглаж байсан Ван Жинвэйн удирдлага доор байна. Инээдтэй нь Ван Жинвэйн Бүгд Найрамдах Хятад Улс нь өөрөө “Тоглоомын улс” юм. Марзан байгаа биз ?

сонин mn

Зураг дээр Мэнжян улсыг 1939.09.01-нд тунхаглан зарлаж байна. Энэ өдөр хорвоогийн нөгөө буланд Хитлерийн Герман Польш Улсад халдан довтолж Дэлхийн 2-р дайн (Д2Д) эхэлж байжээ. Манай Монголын Халхын голын орчимд болсон дайн (зарим нь мөргөлдөөн, тулалдаан ч гэж маргалдан нэрлэдэг байлдааны операц) зогсож Зөвлөлтийн Улаан Арми Молотов-Риббентропын нууц хуйвалдаанаар өөртөө ноогдсон Польшийн зүүн хэсгийг авахаар гэдрэг татагдан морджээ.

Одоо маркийнхаа тухай өгүүлье.

Мэнжян Улс шуудангийн марктай, түүнийгээ дэлхийгээр нэг тараасан улс орон байжээ. ХХ зуунд хаа сайгүй колонийн систем нуран унаж даян дэлхийн геополитикт нэн хүчтэй өөрчлөлтүүд шил дараалан гарч байсныг бүгд мэднэ. Тухайн үед 60-аад орон тусгаар тогтносон улс гэдэг статустай байсан бол одоо энэ тоо 200 шахам болжээ. Тусгаар тогтносон улс бүр өөрийн шуудангийн маркаа нэн яаран хэвлүүлдэг нэг тийм -бичигдээгүй хууль” одоо ч үйлчилсээр.

Эдгээр маркууд дээр энэ шинэ улсын тэргүүн Дэ Ван, хийморь, үйлдвэр, мал аж ахуй, сүм хийд, уурхайчид, түүнчлэн Сун Ятсин нарыг дүрсэлсэн байна. Мөн “Монгол Улагалагч Засаг” (Монгол Улаач Засаг), “Чихар Чихулган” (Цахар Чуулган), “Монгол-ун Өбэсүбэн Засаху Улус“ (Монголын Өөрөө Засах Улс), “Монгол-ун Засаг-ун Ордон” (Монголын Засгийн Ордон) гэх мэтээр бичсэнийг молхи би монгол бичигт тааруухан учир Америкийн Конгрессийн Номын сангийн ажилтан, доктор Саруул-Эрдэнэ дүүтэй холбогдон туслахыг хүссэн юм. Тэрбээр намайг өвөр монгол анд Байгалтай мөн холбож өглөө. Тэд надад дээрхи бичвэрүүдийг тайлан уншиж тайлбарлаж өгсөн билээ. Тухайлбал Улаан морьтой марк дээр “Улагалагч Засаг” гэж бичсэн байх нь тун сонирхолтой тул учрыг асуувал, энэ нь “Улаач” гэдэг үг болж таарав. Өгөөдөй Хаантан их гүрнийг эзэгнэн суух цагт хаа холын газраас газарт хааны элч хоромхон зуур өртөөлөн нисэх мэт довтолгон мэдээлэл хүргэдэг, солилцдог байсныг бүгд мэднэ. Хааны элчийг өртөөнөөс өртөөний хооронд хамгаалан дараагийн өртөөнд хүргэж өгдөг хүнийг “Улаач” гэдэг байж. Тэгэхээр энэ их гүн утгатай, тухайлбал эрт цагаас сахин ирсэн их хэргийг өнөө цагт улаачлан хүргэж буй хэмээсэн утгатай үг юм байна.

“Чихар Чихулган” хэмээх хоёр марк нь Минжиан Улсад нэгдсэн Цахар Чуулган тусдаа хэвлүүлсэн маркууд шиг байна. “Уурхайчин” марк нь Японы Квантуны Армийн нисэх хүчин Пэрл Харборт Америкийн Далайн Цэргийн флотыг бут цохисны 2 жилийн ойд зориулж 1943 онд гаргасан юм байна. Бусад маркуудыг тус улс байгуулагдсны 5 жилийн ойд зориулж 1944 онд Японд хэвлүүлсэн гэж Wikipedia тайлбар тольд тэмдэглэжээ.

сонин mn

Өөр нэг нэн сонирхолтой нэгэн марк бол энэ Чингэс хааны марк юм. Энэ маркийг нэгэн Өвөр монгол зураач зурсан гэдэг дам мэдээ сонсогддог. Хаана, хэзээ, хэдэн ширхэг хэвлэсэн болон чухам яагаад албан ёсоор хэвлэгдээгүй зэрэг нь тодорхойгүй. Энэ маркийг 1940-өөд онд Японд, эсхүл Хаалга хотод хотод хэвлэсэн байж магадгүй гэж өвөр монгол анд Ж.Ф.Оверлин Их Сургууль (J.F. Oberlin University, TOBA Baikal, Ph.D. Proeessor)-ийн порфессор, доктор Байгал хэлэв.

Энэ марк дээрхи монгол бичвэрийг Байгал, мөн Саруул багш хоёр зэрэгцэн тайлж өглөө. Энэ монгол бичвэр нь “Монголын Холбон Нийлэлдэх Өөсөөн Засах Засгийн Ордон Улагауулах Хуудас” гэсэн үг ажээ Мөн дээрхи “Монголын Өөрөө Засах Улс” гэсэн бичвэрийг “Монгол-ун Өбэсүбэн Засаху Улус” хэмээх Саруул багш крилл бичгээр галиглан буулгажээ.

Манай өвөрлөгч ахан дүүс монгол бичгээ авч үлдсэн тул бидний Монголчуудын “Өөрөө” гэдэг үгийг “Өбэсүбэн”, “Өөрсдөө” гэхийг “Өөсөөн” гэж бичдэг аж. Над шиг түүх соёлоосоо тасарсан харанхуй этгээд бол тайлж уншиж дийлэхгүйг нуух юун. Би монгол бичгээ бараг мэдэхгүйтэй нэгэн адил манай Байгал анд бас крилл-монгол үсэг мэдэхгүй аж. Ингээд хоёр монгол хүн латин үсгээр харилцаж ойлголцож байна. Бид ийм л болчихлоо. Одоо Өвөр Монголд монгол бичгийг Хятадын Коммунист засаг хавчин гадуурхаж байгаа гэсэн мэдээ, мэдээлэл байгаа нь сэтгэл эмтрэм. Харин бидний монголчууд хойч үе маань монгол бичгээ авч үлдэж байгаад баярламаар.

Бидний үеийнхэнийг монгол бичгээс хүчээр салгачихсны гай энэ шүү. Марк дээрхи ханз бичгийг Дашдоржийн Баярхүү анд “Монгол Хязгаарын Өөрөө Засах Холбоот Засгийн Газрын марк” гэж тайлж өгөв. Энэ марк нь олноор хэвлэгдээгүй болохоор бүр ч ховор эд.

сонин mn

Бас нэг сонирхолтой марк бол Хятадын удирдагч Сун Ятсиний хөрөг бүхий марк юм.

Дэ Ван бол эх болсон Монголтойгоо нэгдэх санаатай байсан нь бүхэнд илэрхий. Гэтэл Сун Ятсин бол Монголыг бүхэлд нь Хятадын нэг бүлд багтаан авч үздэг улс төрч байсан. Энэ хоёр удирдагийн санаа бодол тас зөрүүтэй байдаг. Гэтэл Дэ Вангийн Засгийн Газар энэ “эсэргүүн”-ий маркийн хэвлэж байдаг. Марк бол олон үүргийнхээ зэрэгцээ аль ч улс оронд улс төрийн “тоглоом”-ын нэг чухал зэвсэг юм. Хөрөг зурагтай ямар ч марк нь өөрөө “улс төр” гээч л дээ.

Тэр утгаараа бол энэ марк Мянжаны марк байх учиргүй. Гэвч нэг зүйлийг эргүүлэн санавал өөр, аргагүй л байж. Учир нь Мянжян маань Ван Жинвэйн Хятад удирдлага доор байсан шүү дээ. Одоо эдгээр маркууд их ховор! Тэр хирээрээ үнэтэй.

Мэнжян улс нь маркаас гадна манайх шиг “Төгрөг” гэж нэрлэдэг мөнгөн тэмдэгттэй байж. Түүнийгээ бас давхар “Yuan” гэж нэрлэдэг. Ер нь аливаа улсын маркийн тухай ярихаар мөнгөн тэмдэгтийн тухай яриа гарч ирээд байдаг. Энэ хоёр хоюулаа филателистуудийн гол цуглуулга болдог. Хоюулаа нууцлалтай (Security Printing) гэдэг ангилалд багтдаг болохоор тэр байх.

сонин mn

Мэнжян улс нь өнөөгийн Өвөр Монголтой харьцуулахад илүү бие даасан энэ улс байж: Үүний нэг тод жишээ нь өөрийн гэсэн цэрэг армитай байсан нь нотолгоо биш гэж үү?

Энэ зураг дээр Чингэс Хааны алтан ургийн Хунтайж Дэмчигдонруб (Дэ ван)-гийн хамт байгаа Мэнжян улсын цэрэг армийг командлаж байсан генерал Насанбаяр нь хэдийгээр Li Shoqxin нэртэй хань үндэстэн боловч өөрийгөө эртний Монгол угсааны хүн гэж тооцдог байж. Тэр үед өөрийгөө ингэж тодорхойлдог хүмүүс монгол эхнэр авдаг, үүгээрээ түүнийгээ баталгаажуулсан гэж үздэг байсан бололтой тухай Wikipedia намтар дээр нь бичсэн байх юм.

Сонирхолтой нь, Армийнх нь туг далбаа нь Японы төрийн далбааны өнгийг урвуулсан дизайнтай. Мөн Чингэс хааны хөрөг бүхий одон тэмдэгтэй байсан бололтой. Ард нь байгаа бичээсээр бол “Цэргийн гавьяа” гэсэж монгол бичгээр бичсэн байна.

сонин mn

Маршал Х.Чойбалсан, Өвөр Монголын удирдагч Дэ ван нар нэгтгэхийг хичнээн хүсэвч Сталин, Хятадын удирдагчидтай далдуур хуйвалдаснаар 1945 онд Японы эзэнт гүрэн ялагдсаны дараа тус нутаг дэвсгэр Хятадын мэдэлд эргэн орсноор Монголчуудын санаархал төгсгөл болсон билээ. Түүгээр үл барам ахан дүүсээ гээд зориод ирсэн Дэ ванг хойд, урд хөршийнхөө шахалтаар баривчлан, гэр бүлийнхэнтэй нь Хятадын талд хүлээлгэн өгсөн нь эмгэнэлтэй.

Манайхан энэ Мэнжян гэдэг энэ улсыг Манж-Го Улстай их андуурдаг. Андуурах бас нэг учир бий. Юу гэхээр хоёулаа манай төстөй нэртэй, Монголтой хиллэдэг зэргэлдээ нутаг дэвсгэр дээр хоюулаа Японы ивээл дор, хоёулаа бараг нэг цаг үед зэрэгцэн оршиж мөн хоюулаа нэгэн жилд алга болж байсанд байгаа юм

Манж-Го бол Мэнжянаас өөр их том улс. Мэнжян Улсыг Чингэс Хааны алтан ургийн Монгол хүн удирдаж байсан бол Манж-Го-г Манжийн хааны удмын Пу-И хэмээх Манж үндэстэн хүн толгойлж байсан. Энэ улс нь энгийнээр хэлбэл илүү хятаджисан тал руугаа.

сонин mn

Газрын зураг дээр бүдэг ягаан өнгөөр тэмдэглэсэн байна. (Тод ягаан нь Мэнжян). Манж Чин Гүрний залгамж Эзэн Хаан Пу-И тэргүүнтэй Манж-го улс 1932-1945 онд бидний сайн мэдэх өнөөгийн Манжуурын нутаг дэвсгэр дээр 1941 оны байдлаар 35 сая (зарим тоогоор 50 сая ) хүн амтай байсан нь өнөөгийн манай улсын амын тооноос даруй 10 дахин их гэсэн үг юм.

сонин mn

1,192,081 km2 том нутаг дэвсгэртэй байсан нь Мянжянаас 2 илүү дахин, Их Британиас 4 дахин том хэмжээ юм. 200 мянга гаруй цэрэгтэй, аж үйлдвэр, газар тариалан өндөр хөгжсөн улс байв. Өөрийн мөнгөн тэмдэгт болон шуудангийн марктай. Минжянаасаа илүү том хүчирхэг байсан болохоор сонсогдох нь их. Албан ёсны хэл нь манж, мөн япон, хятад хэл идэвхтэй хэрэглэгддэг, Монгол дөрөв дэхь хэл нь байж. Буддын шашинтай ийм нэгэн улс бас байжээ.

Хэрэв санаагаар болдогсон бол далайд гарцтай манай Монголтой амин холбоотой энэ хоёр улс байсансан бол өдийд манай улс гадаад их далайд гарахад төвөггүй байх байлаа гэж бодохоор гунигтай! Даанч нөгөө ивээн тэтгэгч Япон улс нь дайнд ялагдчихсан нь надад бол их харамсалтай санагддаг.

сонин mn

Тайлбар: Би бээр, “Монгол маркийн далд түүхээс.1924-2024” гэдэг номын форматаа томруулахгүйн тулд нилээн хассан юм. Тэгээд, энэ бүлэгт хасагдсан байсан текстүүдээ нэмж оруулаад бүтнээр нь нийтлэж байна. Номон дээрхи бичвэрээс нилээн нэмэгдсэн буй.

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.07.15

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!
Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​