
Урдах замаа шагайж яваа хүн уулын толгой харахгүй гэдэгчлэн МАН доторх зодоондоо улайраад Монголын эдийн засгийг, нийгмийг хэдэн хэсэг тасчиж хаяад дуусах нь. Улс төрийн гар хөл дүрэгдсэнээр хуулийн салбар болов? Уул уурхай ямар болсон? Банк санхүү яасан? Барилгын салбарт юу болж байна гээд тоочвол эсэн мэнд салбар энэ улсад үлдсэнгүй. Гагц үлдсэн хийгээд хиртээж, үгтээж үл болох хөдөө аж ахуйн салбар саяын хоёр хоногт улс төрд түншүүлэн гишгүүллээ. Гишүүн М.Мандхай тэргүүтэй Хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2008 оноос хойшх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтээр сонсгол хийлээ.
Тэрэн дээр гол ярих ёстойгоо ярьсангүй. Зүгээр л улс төр. Алсуураа намаасаа дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийг намнах гээд наахнуур нь Хөдөө аж ахуйн сайд байсан Ж.Энхбаярт зориулж энэхүү сонсголыг хийсэн гэх. Тийнхүү улс төрийн тамхины цэгээр хэдийнээс яриад л байсан. Тэр нь өчигдөр батлагдлаа. Жанцан нь, гишүүн М.Мандхай нар 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-д санал цуглуулж өгсөн Шинэ хоршоо хөдөлгөөнийг ярихаас бултлаа. Гишүүдийн ирц хүрсэнгүй гэдэг шалтгаар сонсгол саатав. Түүний талаар гишүүн М.Мандхай болохоор "Сонсголд хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад баярлалаа. Тэвчээртэйгээр хоёр цаг таван минут хүлээсэнд талархал илэрхийлье. Та бүхнээсээ хүлцэл өчье. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулиар Байнгын болон дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцно гэсэн заалт бий. Байнгын хорооны 29 гишүүнээс 12 нь ирж 41.4 хувийн ирцтэй байлаа" гэсхийгээд сонсголоо гацаах. Тэрбээр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан. Энэ мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан бэ гэдгийг улстөржүүлэхгүйгээр нээлттэй ярилцах байсан. Өнгөрсөн 157 хоногийн хугацаанд сонсгол зохион байгуулахаар 9 гишүүнтэй ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид ажилласан. Төрөөс санхүүжилт аваад сайн явж байгаа аж ахуйн нэгжүүдийг ярих байсан.
Саар явж байгаа нь ч, санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн асуудлыг ч ярих байлаа. Гэтэл ирцэндээ орохгүй байгаа гишүүд сонсголыг хойшлуулж байна. Сонсголыг эхнээс нь хойшлуулах, болиулах саналыг нэр бүхий гишүүд гаргаж байсан. Өнөөдөр ирцийг албаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүнд байна гэж хардаж байна" гэх. Матрын нулимстай сайхан жүжээ. Уулаасаа намдаа оноо санал цуглуулна гээд утга учиргүйгээр олон зуун тэрбум төгрөг зарцуулсан Шинэ хоршоо хөдөлгөөн бол маапаантайгийн цаагуур маапаантай. Гишүүн М.Мандхай өөрөө болохоор өнгөрөгч 18 жилийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийг энэ салбарт зарцуулж, үр дүнд нь сэтгэл хангалуун бус байна гэх. Гэвч 2024 оны сонгуулийн өмнө 895 тэрбум төгрөгийг Шинэ хоршоо хөдөлгөөн нэрийн дор салхинд хийсгэсэн. Салхины хажуугаар өөрснөө ч туусан байх. Үр дүн огт байхгүй гэдэг дүгнэлттэй. Эдүгээ АТГ араас нь ороход олон тул тэндээс дэгээдэх байх.
Хамаг учир жанцан нь: Монгол хүний гол хүнс мах гурилаа ногоотой нь өөрснөө гаргадаг, тарьдаг, ургуулдаг болчих зорилт тээр дээрээс тавигдаад байгаа. Уулаасаа энэ бол хүнсний аюулгүй байдал. Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал. Тэрний жанцангаар: Махаар улстөржиж болохгүй. Гурилаар улстөржих хориотой. Ногоогоор мөн л улстөржих нь аюултай. Ерөнхийлөгч: Хүнсний хувьсгал гэж бүтэн 6 жил ярьж яваа. Хүнсний хувьсгалыг дан гагц яриад хийчихгүй, хөдөө аж ахуйн салбарынхан л хийнэ. Гэсэн нь: Гишүүн М.Мандхайгийн сонсголоор хөдөө аж ахуйн салбарын хэдэн голлох аж ахуйн нэгж дандаа хулгайч нар болоод явчихав. Хөдөө аж ахуйн салбар гэдэг малчид тариаланчдаас гадна технологи, төлөвлөлт хийдэг мэргэжлийн хүмүүс, мэргэшсэн баг ажилладаг. Насны амьдралаа энэхүү салбарт зориулсан хүмүүс байх. Гэтэл нь: Гишүүн М.Мандхай гэх аялал жуулчлалын мэргэжилтэй бүсгүй 2024 онд гишүүн болж, 2026 онд энэхүү Байнгын хорооны дарга болонгуутаа хөдөө аж ахуйн салбарын сонсголыг хийхээр зориг шулуудсан. Түүнийгээ хийх нь хийлээ. Тэгээд хүссэндээ хүрч Ж.Энхбаярыг булж чадсан эсэх нь тодорхойгүй. Үнэндээ МАН-ынхан юугаа булаалдаад, яагаад зодолдоод байгааг бултаараа харж, мэдэж байгаа. УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг нь 30, 38-аараа хуваагдсан байдалтай. Яс юман дээр 30, 38 биш болсон л сонсогдох болсон. Ийнхүү хуваагдсан МАН-ынхан нэг талд Ерөнхийлөгч, түүний ойр хүрээний хэд, нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, тэд нарын үе тэнгийнхэн гэх хуваагдалтай. Тэгээд сонсголоор зодолдоод суудаг болж. Хоёр жилийн өмнө байх, нүүрсний сонсголоор Гашуунсухайтын төмөр замын хулгайг орхиж байгаад Д.Амарбаясгалан ба Бор тээг гэх зохиолтойгоор дуусгасан. Түүнийгээ эдүгээг хүртэл ярих. Харин саяын энэхүү сонсголоор Ж.Энхбаярыгаа ч намнасан юмгүй хөдөө аж ахуйн салбарыг л самрах маягтай юм болгож орхиж. Малчид тариаланчид ууртай л хоцорсон сонсогдох. Гэтэл Дундговийн Дэрэнгийн Цэндийн Чимэддоржийн шүлэглэснээр: Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй гэдэг дээ, цаад хэд чинь. Мэдэх үү, тэрийг. Ерөөс гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан. Шог байна...
Ө.Батбилэг Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!