fbpx Шинэ жилийн гацуур
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
28 минут 9 секунд

Шинэ жилийн гацуур

/Өгүүллэг/

Хагас онгойлгосон шилэн хаалганы завсраар зузаан бор ноосон малгай дарж өмссөн толгойн орой төө доогуур цухуйв.

- Өршөөгээрэй, хүүхээ. Болор-Эрдэнэ эрхлэгчтэй... Аан, та юу? 

Цэлхийсэн зовхитой үрчгэр өвгөн халтар мяндсаар уясан навсгар хоёр боодол ном чирэн хүндээр амьсгаадсаар орж ирэхэд өрөөгөөр нь дүүрэн нүүрс ханхлаад явчих шиг болжээ. Учиргүй хир даг болчихоогүй ч гандсан хүрэм, хоншоор нь занхайсан, энд тэндээ халцарч цоохортсон нохой гутал өмссөн өвгөнийг Эрхлэгч аль газрын гаваас гараад ирэв үү гэх шиг оройноос нь ул хүртэл нүдээ дүрлийлгэн гайхан харав. Тансаг баян хотхонд нь иймэрхүү хогийн цэгийн хүн огт үзэгддэггүйсэн. 

Өвгөн бөгшүүлэн ханиалгаж өцөгнөсөөр ширээнд нь ойртож ирэхэд сэжиглэсэндээ жаал тэвдэж, буйдан тийш заагаад суу гэж хэлэх гэснээ болив. Хүүхдүүд суудаг өнгөлөг цэвэрхэн сайхан буйдан нь хайран санагджээ. 

- Өглөө Та надруу утасдсан даа, нөгөө хүүхдийн номын хүн байна аа, өвөө нь... Ринчинбумба гээд та над руу ярьсан даа... Түрүүхэн та бас надруу залгаагүй юу. Тэгээд л хэдэн номоо чирээд ирлээ. 

Цэцэрлэгийн захирал бүсгүй Шинэ жил угтан эцэг эхчүүдэд зориулсан өдөрлөгийн үеэр хүүхдийн номын худалдаа гаргавал зүгээр гэсэн зөвлөгөөний дагуу хоёр хүн лүү утасджээ. Эхнийх нь хүүхдийн ном хэвлэлээрээ тэргүүлдэг нэгэн Хэвлэлийн газрын менежер хүүхэн байв. Шавхалзсан тэр менежер даруй давхиж ирээд эрхлэгчид бамбайсан гоёмсог хавтастай ном бэлэглэж, 200 гаруй нэр төрлийн хүүхдийн ном авчран, эцэг эхчүүдэд нь сурталчилж зарахаар тохироод явжээ. Харин хоёрдахь нь утасны цаанаас дуу нь сонсогдож ядсан хүн байсан юм. "Хамгийн сайн хүүхдийн ном зардаг хүний утсыг олж өгөөч" хэмээн утга соёлын салбарт нэлээд нэр хүнд бүхий нэгэнд хандсанд өгсөн утас нь билээ. Утасны цаана ийм үзээрийн хүн байна гэж яаж ч санах вэ дээ. Арай тэр эрхэм хүндтэй хүн ийм өвгөнтийн хүний утас өгмөөргүй. Андуурчээ. Хааяа зоогийн газарт нэг иймэрхүү ном гэж хэлэхэд хачин юм барьчихаад "Ганцхан ном авчихаач" хэмээн гуйгаад хоол идүүлдэггүйчүүдийн нэг бололтой.

Нэгэнт хүрээд ирснээс хойш яахав, хөөгөөд гаргалтай нь биш, өндөр боловсрол, бас нэр төрд нь харш шүү дээ. 

- Таны ном гоё зурагтай юу?

- Байхгүй ээ, гэхдээ агуулга нь ер гологдохгүй. Бас хямдхан...

- Та нэг хоёрыг үзүүлээч...

Өвгөн ханиалгасаар хиртэй зузаан хумстай салгалсан хуруугаараа үхлүүт уясан уяаг тайлах гэж нэлээд тэвдэв. Захирал бүсгүй биеэ барин, нүүрэндээ инээмсэглэлээ барин хүлээнэ. 

Дээр үеийн тамхи ороодог сониных шиг бор цаастай, голдоо бүдүүн хадуун ганц үдээс дарсан, хавтас нь ч доторх шигээ нимгэн, өнгө үзэмж гэж ёстой авах юмгүй, ядаж байхад жирийсэн жижигхэн үсэгтэй хэд гурван номыг захирал бүсгүй нүүрэн талаас нь нэг, сөхөж нэг хараад ширээн дээрээ шидчихэв. Ийм улирсан баларсан хачин муухай юмыг хүүхдүүдэд нь зарвал, тэгээд зогсохгүй ийм зүс царайтай хүнээр ном заруулаад зогсож байвал эрхэмсэг эцэг эхчүүд дургүйцнэ дээ.

- Зураггүй юм байна шүү дээ. Ийм ном заруулахгүй ээ.

- Миний охин, ах нь зураггүй, гэхдээ үлгэрийн хувьд ер нь гайгүй байж болохоор, бас их олон үлгэртэй гэдгээ утсаар ярихдаа хэлсэн шүү дээ. Та, үлгэр нь сайн бол болно гэхээр нь...л...

Үнэхээр л өглөө тэгэж хэлсэн нь үнэн билээ. Эрхлэгч бүсгүй тээнэгэлзэв.

- Уг нь уншвал их олон үлгэртэй, Та нэгийг нь ч болов уншаад үзэхийг бодоорой гэснээ өвгөн хатингар хар гараараа нүүрээ арчаад – Сайхан зурагтай, сайн хэвлэлтэй номууд хүүхдэд хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ уншаад өгөхөд урамтай нь ч бас хэрэгтэй шүү дээ. Яг үнэндээ таван өгүүлбэртэй номыг хүүхэд хичнээн ч унших вэ дээ хэмээн аргадангуй өгүүлэв.

- За за, та номнуудаа манай туслах охинд тоолж үлдээгээд явчих гэж эрхлэгч уцаарлангуй хэлэв. “Бас бусдын номыг гоочлох санаатай. Юу бариад явж буйгаа мэддэг ч болоосой” хэмээн бодов. 

- Уг нь ах нь өөрөө зогсоод номоо тайлбарлаад зарвал арай дээр юмсан. Энэ нь ийм учиртай үлгэр юм гээд. Нийтдээ 9 төрлийн ном байгаа, ном бүрдээ 30 гаруй үлгэртэй, нийтдээ 300 орчим үлгэр бий. 

- За хэрэггүй дээ, өвөө. Манайхаас нэг хүн гаргаад заруулчихна. Та зүгээр л тоолж өгөөд явчихаж үз.

Өвгөн баахан дурамжхан аястай эргэлзсэнээ 

- За тэгвэл тэр зарсан хүнд нь бас шагнал урамшуулал өгнө шүү дээ гээд, эрхлэгчийн хариуг хүлээн жаахан зогссоноо хариу үгүйд гомдсон мэт нүүрээ нэг үрчилзүүлснээ бөгшүүлэн ханиалгасаар бөгтөгнөн гарчээ.

 

***

Маргааш нь хувийн цэцэрлэгийн эрхлэгч Болор-Эрдэнэ хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдэд баярласан талархсанаа илэрхийлэн үүдэндээ зогсож байтал өчигдрийн өвгөн ороод ирэв. Цэцэрлэгт нь Яамны томчуул, алдартай компанийн захирлууд зэрэг нэр нөлөөтэй эрхмүүдийн хүүхдүүд явах билээ. Өнөөдөр тэднээс нэг бус нь ирж өдөрлөгт оролцсон байв. Тэдгээр хүндэтгэлт хүмүүсээс санаа зовсон Эрхлэгч бүсгүй өвгөний өөдөөс тосож очоод,

- Та маргааш ирж болсонгүй юу? Утасдаж байгаад, одоо бид завгүй байгааг та харж байгаа биз дээ хэмээн намуухан боловч зуунги өгүүлсэнд өвгөн ихэд цочин эрхлэгчийн өөдөөс шалхгар зовхио өргөн харжээ. Ер бусын гүн атлаа хүүхдийнх шиг мэлтэлзсэн тунгалаг нүд хараад эрхлэгч гайхсан ч анзаарах сөгөө байсангүй.

- Маргааш ир гэж хэлээгүй дээ, хүүхээ. Тэгээд өнөөдөр л... зарагдсан бол хэдэн төгрөг нь хэрэг болоод...

- За, за та улавч углаад дээшээ хоёр давхарт гарч манай туслахаас номоо аваад яваарай. 

Өвгөн хүндээр амьсгаадсаар шат өгсөв. "Хурдлаарай" гэж араас нь хашгирмаар болсон ч амаа хамхив. 

Номууд нь өчигдрийн тавьсан тэр газраа, боодлыг нь задлаа ч үгүй байсанд өвгөн хэдэн сөрвөгөр цагаан сахалтай хошуугаа цорвойлгон зэллүүлж буй нялх тугал шиг зөөлхөн гунганав. Эрхлэгчийн туслах ч юм хэлсэнгүй. Хоёр боодол номоо чирсээр нэг давхар луу бууж ирэхэд Эрхлэгч бүсгүй дахин дахин тонголзсоор нандин тансаг хувцастай өндөр цагаан эрхмийг үдэн гаргаж байв. Өвгөнийг хараад нүүрэн дэх инээмсэглэл нь хормын зуурт арилж, 

- Та номоо тоолж авав уу? гэлээ.

- Хэд гурван ном дутуу байх шиг байна

- Таны ном нэг ч зарагдаагүй шүү дээ. Зарагдаагүй юм хойно яалаа гэж дутах юм гэлээ.

- Дэлбээ нь нээгдээгүйсэн бол цэцгийн өнгө яахин харагдах билээ. Жигүүр нь дэлгэгдээгүйсэн бол бялзуухай хэрхэн нисэх билээ.

- Юу гэнэ ээ? 

Эрхлэгч бүсгүй өвгөнийг ухаан солиотой байж магад гэсэн бодол төрж хойш нэг алхав.

- Лангуун дээр гаргаж тавиагүй хойно яаж ч зарагдах билээ л гэсэн юм аа. 

- Угаасаа ийм царайтай ном ганц ч ширхэг зарагдахгүй шүү дээ, . Манай эцэг эхчүүд ном авдаггүй биш, маш сайн авдаг. Зурагтай, сайн хэвлэлтэй номууд авдаг... Нөгөө хэвлэлийн газрынхан авчирсан хэдэн зуун номоо нэгийг ч үлдээлгүй зарсан. Баярлаад л явцгаасан даг.

Энэ сүүлчийн үгийг бүр зориуд хэлэв. Ийм хөгийн юмс авчирчихаад яаж гаргаж зарсангүй гэж хэлж чадаж байна аа. Бас загначих санаатай. 

Харин өвгөн гунигтайгаар толгойгоо сэгсрээд номоо чирсээр үүд рүү очоод хаалганы хажууд зогссон жижүүр хөгшинд,

- Машид ихээр гялайлаа. Ач, зээ нартаа уншиж өгөөрэй гээд хүрэмнийхээ халааснаас хоёр гурван салбагар ном өгч буй харагдав. Жижүүр хөгшин өвгөнийг хоёр ч удаа энэ тансаг нандин цэцэрлэгийн үүдээр хэл үггүй оруулж өгсөн юм.

Өвгөнийг гарсны дараа эрхлэгч жижүүртээ дөхөж очоод:

- Та дахиж гудамжныхныг битгий оруулж байгаарай. Хүүхдүүдэд элдвийн халдварт өвчин тарвал хэцүү шүү дээ гэж эелдгээр зөвлөв. 

Өвгөн бөгшүүлсэн хэвээр үүдний довжооноос бууж, хэд алхаад эргэж харлаа. Тансаг чамин хороололд байх өндөр үнэтэй хувийн цэцэрлэгийн загварлаг хөөрхөн дөрвөн давхар хар ногоон байшин өвгөнд элин галавын танил бавгар сахалтай, ногоон хөвдөөр хучигдсан аварга хадан цохио болон харагдахуй гараа салгалуулан өргөж жинхэнэ эр цэргийн ёсоор тавхийтэл ёсолжээ.

 

***

Нөгөөдөр нь "Хөгжилтэй бамбарууш" цэцэрлэгт Яамны нэгэн өндөр мяндагтан морилсонд Болор-Эрдэнэ эрхлэгч хөл алдан угтаж, цэцэрлэгийнхээ аль л өнгөтэй өөдтэйг үзүүлэв. Дангаасүрэн дарга хоёр гараа өвчүүндээ бариад, 

- Гайхалтай юм аа. Таны хөдөлмөр, мэдлэг, сэтгэл зүтгэлээрээ бүтээн босгосон энэ үлгэрийн ертөнцөд Финландууд ч атаархана даа. Дэлхийн түвшинд хэдийнэ хүрчихжээ. Бахархаж байна. Үнэхээр хэлэх үг алга, Монголын сургуулийн өмнөх боловсролын салбарт Та бол яах аргагүй үлгэрлэгч, манлайлагч юм аа гэсэнд,

- Их баярлалаа. Маш их баярлалаа. Улс орны маань ирээдүй шүү дээ. Цэцэрлэгийн насанд нь өсөж, өндийсөн орчин бол хүүхдийн насан туршийнх нь хамгийн чухал боловсрол, амьдрах чадварынх нь суурь шалтгаан болдог гэдгийг одоо Японы эрдэмтэд батлаад байгаа. Бид ч түүнийг туршлагаараа нотлохыг хичээн ажиллаж, зүтгэж байна л даа. Гол нь эрдэм мэдлэгтэй гэхээс илүүгээр хүнлэг, хүнийг хүндэлдэг, нэг тийм... гээд эрхлэгч бүсгүй гацсанаа, - хүмүүжил, соёлтой иргэдийн эх уурхай бол цэцэрлэг шүү дээ. Манай цэцэрлэг тийм л зорилтын төлөө бүхнээ шавхаж байна гэв.

- Ийм зүйлийг бүтээж босгож буй хүмүүсийг Төр бүхий л талаар дэмжих ёстой юм. Харамсалтай нь манай зарим популистууд өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хувьсах зардал өглөө гэж шүүмжилж байгаа. Ийм гэгээн үйлс бүтээж буй хүмүүст төр хувьсах зардлаа харамлаж болохгүй ээ. Энэ бол төрийн зүгээс та бүхэнд өгч буй бодит дэмжлэг болох ёстой. Би энэ тал дээр маш хатуу байр суурьтай байх болно гэв.

Яамны мяндагтны хамт нүдний шилтэй, занхагар толгойтой бас нэг хүн иржээ. Боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах талаар амжилт олж буй төслийн удирдагч гэнэ. Одоо бол нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн номын сангийн фондыг баяжуулах төсөл эхлүүлээд байгаа ажээ. Тэрбээр анги бүлгүүдийнх нь номын сангуудыг анхааран үзэв. Эрхлэгч тавиурт нямбайлан өрсөн саяны өдөрлөгийн үеэр нэр хүндтэй хэвлэлийн газраас авсан номоо бахдан танилцуулсан авч Төслийн удирдагч гүйлгэж хараад л өнгөрөв. 

Эцэст нь эрхлэгчийн өрөөнд орцгоолоо. Төслийн удирдагч буйдан дээр суугаад хойш налахдаа ирмэг дээр нь байсан хүүхдийн эвлүүлдэг тоглоомыг санамсаргүй буйдангийн ар руу нь унагачихав. Тоглоомыг авахдаа бас хэдэн номорхуу юм хамтад нь гаргаж ирээд, сөхөж харснаа нүдэнд нь баяр баясгалан гийгээд явчихсаныг Монголын боловсролын хөгжингүй ирээдүйн талаарх амттай сайхан яриандаа халсан Эрхлэгч бүсгүй, Дангаасүрэн дарга хоёр анзаарсангүй. 

- Болор-Эрдэнэ эрхлэгчээ, Та ч үнэхээр гайхалтай хүн юм аа. Миний хайгаад байсан номууд танай өрөөнд байж байдаг байна шүү хэмээн дуу алдахад л сая Төслийн удирдагчийг анхааран харцгаав.

- Тийм шүү, бид өчигдрийн өдөрлөгийн үеэр Хэвлэлийн газраас нь захиалж авсан юм. Үнэхээр сайхан номууд билээ. Харамсалтай нь бүлэг болгондоо авч өгч чадсангүй, санхүүгийн боломж... Км, уучлаарай, Та мэднэ дээ. Бидэнд тийм боломж тэр бүр байдаггүй гэдгийг. Эцэг эхчүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөж байгаад бүлэг бүрдээ нэг нэг бүтэн цуврал ном авчихая гэсэн ч санаснаар болсонгүй гээд Эрхлэгч өрөвдөлтэй царай гаргав.

- Тэр хэвлэлийн газрын номуудыг чинь би түрүүн харсан шүү дээ. Би тэдгээр номын тухай яриагүй, харин энэ номыг хэлж байна аа...

- Аль...

- Энэ...

Төслийн удирдагчийн гар дээр өнөөх өвгөний хэдэн навсархай муухай ном байх ажээ. Өвгөн боодлоо задалж өөрт нь ном бүрээс нэг нэгийг авч өгснийг Эрхлэгч үзээд ширээн дээрээ мартчихсаныг эрх хүүхдүүд нь аваад буйдангийн араар чулуудчихсан байжээ. Өвгөн хэдэн ном дутуу байна гээд гомдоллоод байсныг сая санасан Эрхлэгч, 

- Аан, та наад номоо хэлээд байна уу?

- Яг тийм, энэ номыг... Би энэ номыг хайгаад ер олохгүй байсан юм. Үүнийг олж, хэвлүүлээд, сургууль, цэцэрлэгүүдэд тараахсан гэж л... 

- Танд хэрэгтэй бол аваарай л даа. 

- Маш их баярлалаа. Манай төслийн зорилго ер нь л ийм юм, Үндэснийхээ уран бүтээлчдийн бичсэн хүүхдийн хамгийн шилдэг сайн бүтээлийг л олж тодруулах. Энэ Ринчинбумба гуайн үлгэр-түүхүүд бол монголын хүүхдийн зохиолын сор нь байгаа юм. 

Эрхлэгч бүсгүй төслийн удирдагчийг ихэд гайхан харав. Юу яриад буйг нь эхлээд сайн ойлгосонгүй. Өнөөх траншейнийх шиг өвгөн өөрийгөө яах аргагүй Ринчинбумба гэж байсан нь тодхон санагдав. 

- Та энэ номуудыг яаж олж авав?. 

- Аан, наад номуудыг чинь уу? .... Ринчинбумба гуай өөрөө ирээд ... манай цэцэрлэгт бэлэглэсэн юм.

- Өө тийм үү, ашгүй дээ. Бид тэр хүний сургийг гаргах гээд хайгаад байсан юм. Ринчинбумба гуай чинь Монголдоо л Андерсен байхгүй юу даа. Андерсен шүү дээ, Монголын Андерсен. Та ойлгож байна уу? гээд сэтгэл нь хөдөлсөн өнөөх эр занхагар толгойгоо сэгсчиж, - Та ч үнэхээрийн онцгой буянтай хүн юм. Бид төсөлдөө танай цэцэрлэгийг хамгийн түрүүнд багтаах учиртай боллоо доо гэв.

- Ашгүй, яасан сайн юм бэ. Би Ринчинбумба гуайн утсыг нь өгч чадна шүү. 

Ингэж хэлээд Эрхлэгч бүсгүй өнөөх өвгөний утсыг хайсан боловч олсонгүй, хэрэггүй дугаар хадгалдаггүй учир цаасны өөдсөн дээр тэмдэглэж аваад, хэрэглэснийхээ дараа базаад хогийн сав руу шидчихсэн хэрэг. Тэгээд Ринчинбумба гуайн утсыг өөрт нь өгсөн танил руугаа тусламж эрэн утасдав.

 

***

Ринчинбумба өвгөн тэр орой ханиадандаа бөглөчих шахан хэдэн номоо дааж ядан чирсээр гал хөсгүй хөлдүү гунз болсон оромжиндоо арай гэж иржээ. Тамир тэнхээ нь тасарч байлаа. Халуурсандаа бие нь дагжтал чичирнэ. 

Замдаа эмийн сангаар орж, өрхийн эмчийн бичиж өгсөн уушигны эмээ авах гэсэн авч, энэ сарынхаа үнэгүй авах эмийнхээ лимитийг дуусгачихсан гээд өгсөнгүй ажээ. 

Уг нь нэг хоёр ном зарагдсан бол эм, бас ганц шуудай түлээ ч болсон авах байв. Өдрөөс өдөрт бие нь сульдан муудах тул өвгөн номоо гадуур үүрч яваад зарж хүчрэхээ больж байлаа. Тэгээд ч одоо түүний муухан хэвлэлттэй номыг тоож авдаг хүн бараг үгүй болжээ. Өрөвдсөндөө л ганц нэгхэнийг авах агаад тэр нь тэтгэвэрийнх нь хэдтэй хамжаад торгоож болоод байдаг юм. Цахилгааныхаа төлбөрийг төлөөгүй сар орчим болсон тул хэдийнэ гэрлийг нь тасалчихсан байв. Хажуу айлын хөгшний түлээнээс хувааж түлсээр бас дуусаж буй тул өвгөн дахиж тэднийхээс түлш зээлэхийг хүссэнгүй. 

Өвгөн орон дээрээ сууж амьсгаагаа дараад, ханиалга нь түр намдах хооронд юу түлж, гал гаргахаа бодон ийш тийш эргэцүүлэн харав. Юутай ч цай чанаж уух хэрэгтэй, дээр авсан жаахан царван байгаагаа буцалгаж уувал ханиалга нь жаахан дарагдах болов уу хэмээн найдна. Саяны чирч ирсэн хэдэн номоос нь өөр түлчихээр юм ер үгүй болжээ. 

Эцэст нь өвгөн хүч шавхан зүтгэж зуухныхаа өмнө өвдөглөн суув. Тэгээд номоосоо хэдийг авч дэлгээд, хуудас бүр дээр нь үнэрлэн үнсэв. Тэдгээр үлгэр түүхүүдийг бичиж байхдаа мэдэрч байсан баяр бахдал, хөөрөл догдлолтойгоо хагацан салах ёс хийж буй нь тэр ажээ. Яг л үр хүүхдээ үнсэж буй мэт тийн хэсэг суугаад шуухитнасаар номоо базан бөөгнүүлээд гал руугаа хийв. Чүдэнз зураад эргэлзсэн мэт хэсэг суув. Чүдэнз шатан, хурууг нь түлсэнд тосгуур луугаа шидээд, гүнзгий шүүрс алдан хэсэг зууртаа тээнэгэлзэн суулаа. Халааснаасаа товчлууруудынх нь тоо хэдийнэ арилаад, дэлгэц нь хагарч, дээрх нь үзэгдэхгүй болсон Nokia 3350 утас гаргаж ирэв. Нэг дугаар цуглуулснаа залгасангүй. Гадагшаа ярих нэгжгүй болоод хэд хонож буй билээ. Олон жил хань болсон элэгдсэн муу утсаа өвгөн энхрийлэн илээд,

- Чи бид хоёр ч үнэхээр л үеэ өнгөрөөжээ хө. Бидний үе зун шиг л нисээд явчихжээ. Зун шиг. Эрвээхэй далавчаа дэвдэг шиг л.. эргэлдэн бүжиглэсээр нисээд явчихсан байна шүү дээ. Гэхдээ зунаас ондоо нь эргэж ирэхгүйгээр ... гэв. 

Ханиалга нь хөдөлж, хэсэг зуурт бөгшүүлээд бүр таг болов. Арай гэж өндийгээд, нус нулимс болон халтартсан нүүрээ нэг шударснаа чүдэнзээ ахин зурж гал руу хийлээ. Халуурсандаа юу, эсвэл даарсандаа юу дагжин чичирнэ. Ном нь дүрэлзэн аслаа. Өвгөн боодолтой номоо татан хажуудаа ойртуулаад, нэг нэгээр нь дэлгэн, нэг том илж, үнсчихээд үнгэж бөөгнүүлэн ар араас нь галруу хийж гарав. Гал дүрэлзэх бүрээр хурц жадтай хурц гялалзсан улаан хувцастай нэг нэгээсээ ялгарахын аргагүй галын журамт дайчид зуухны амнаас шуугин дүүлэн гарч ирээд мөсөн өвлийн эрэмгий догшин жижигхэн мөсөн цэргүүдтэй тулалдаж эхлэв. Өвгөн тэдний тэмцэлдээнийг харж баясан хөгжиж, улаан хувцаст цэргүүдийг уухайлан дэмжиж сууна. Боодолтой номоосоо нугалан гал руугаа хийх хэрээр улаан цэргүүд улам олноороо бужигнаад, уухайн дуу нь гэрээр нь дүүрэн хадаж байлаа. Тэдгээр улаан цэргүүдтэй хамт өвгөний хайртай дотно найзууд нь болох Шоргоолжин морьтой Шогноохой хүү дэрсээр сүлжиж уран гоёмсог урласан сүйх тэрэгтэйгээ давхин гарч ирлээ. Шоргоолжин морь нь хазаар даран нэг дугтарснаа багана өгсөөд давхиж одоход дэрсэн дугуйн хэгээс нь гялалзана. Түүнтэй хамт Арваалзай аалз, Намуунаа хэмээх зөгий, далан давхар жигүүртэй Далжгай шар батгана, Цэмцүүхэй хэмээх хөх толбот цагаан далавчит эрвээхэй ч гал дотроос дүнгэнэх нь дүнгэнэж, жингэнэх нь жингэнэж, эргэлдэх нь эргэлдсээр гарч ирээд мөсөн цэргүүдтэй хийж буй тулааны талбар руу ар араасаа шуудран орж байлаа. Ногоолзой хэмээх газрын бөөс хүртэл галын эзний хайрласан галан үзүүртэй жад гозолзуулан тэрүүхэн зуухны өр даган гүйнэ. Өвгөн өр зүрхнээс нь баяр хөөрөөр төрсөн тэдгээр баатруудаа харан урамшин баярлаж, хөөрөн догдолсондоо уухай хашгирч, ямархан нэгэн дуу аялна. 

Цахилдаг өвсний эзэн цал буурал сахалтай Чүүчгэл нэрт одой өвгөн уртаас урт ороонго өвсний үндэс чирчихсэн гарч ирэхэд нөгөө үзүүр дээр нь Нугалуурхан нэрт төөлүүр хорхой суучихсан, гарьд өвсний ишээр хийсэн бишгүүр үлээж, түүний араас Цэцүүхэй цүүрцгэнэ, Тонтоохой нэрт тонгойдог хар хорхой хоёр хушны боргоцойн ясыг Далин хальсны дал дахь дальсаар бүрж хийсэн бөмбөр нижигнүүлсээр гарч ирэв. Мөн Дэгдүүхэй нохой бөөс дээр дээр үсчин дагалаа. Өвгөнийг гал руу номоо хийх хэрээр үлгэрийн баатрууд ар араасаа эцэс төгсгөлгүй мэт цувран гараад, хүйтний эзэн Жавар өвгөний мөсөн үзүүрт жад агссан түм буман догшин цэргүүд рүү дайран орцгоогоод, өмгөр муу гэрээс нь хургасан хүйтэн жаврыг мөч хормоор хөөж эхлэв. 

Өвгөн баяр хөөрөөр бялхан байж номоо дуустал галдсанд өмгөр гэр нь халуу дүүгэн, үлгэрийн баатрууд энд тэндгүй мөсөн цэргүүдийг үлдэн хөөж чадсан ялалтын баяраа хийн шуугилдан дуулалдацгаана. Арваалзай аалз аяганы ирмэг дээр тэнцвэрээ олж зогсоод арван хөлийнхөө хоёр дээр нь босож уран гоё ламбада хийхэд, Түмбүүхэй хэмээх түндгэр бяцхан цох цоохор далавчаа дэлгээд түүний дээгүүр эргэлдэх ажээ. Босгоны эзэн Борбэлзэг хөвүүн аяган дотор өнхөрч орчихоод гарч чадахгүй сандрахад, Шоргоолжин морьтой Шогноохой хүү хялгана өвсний үзүүр сүлжиж хийсэн амгалжаа шидэн өгч байв. 

Өвгөний өвчин зовлон арилаад, Дэгдүүхэй нохой бөөснөөс ч хөнгөн шингэн болж, үсрэн босов. Тэгээд айсуй буй шинэ жилийн дуу дуулан бүжиглэхэд үлгэрийн баатрууд нь галын журамт цэргүүдтэй хамт түүнийг тойрон бүжиглэж гарлаа. Өвгөн бүжиглэсээр, бүжиглэсээр тамирдан ядрах хэрээр тэрбээр анхилам үнэртэй шилмүүс сагсалзуулсан шинэ жилийн гацуурхан болон хувирахуйяа, өнөөх үлгэрийн баатрууд нэг нэг чимэглэл болон өвгөний тал бүрээс дүүжлэгдэн, аз жаргалтайгаар гэрэлтэн гялталзаж гарав.

 

***

Өрхийн хэсгийн сувилагч Дуламжав дуудлага аваад яаран гүйв. Түүний хариуцсан хэсэгт хэдэн ядарсан хөгшин байх ба тэдний нэг Ринчинбумба гуайд дуудлага иржээ. Тэрбээр онцгой өвөрмөц хүн санагддаг юм. Бусад хөгшчүүл шигээ уцаарлах, бухимдах, зовлон тоочиж гомдоллох, өвчин хэлэх гэх мэт зүйл огт үзүүлдэггүй, үргэлжийн хошигнож, хүүхэд мэт хөгжилтэй инээж явдаг Ринчинбумба гуай харин зүрхний шигдээсээр хэдэнтээ явчихаа шахсан нь хачирхалтай. Сүүлийн үед уушиг нь үрэвсээд болохоо байгаад байжээ. Намар аргалж байгаад арай гэж дүүргийн эмнэлэгт хэд хоног хэвтүүлээд авчээ. Гэвч гүйцэд эдгэсэнгүй. Цас орж хүйтрэх үеэр өнөөх уушигны өвчин нь сэдэрч хүндэрсэн ч коридор нь хүртэл битүү болчихсон Дүүргийн эмнэлэгт дахин хэвтүүлж чадсангүй. 

Хэд хоногийн өмнө нэг эргэж очиход түлш нь дуусчихаад, хажуу хөгшнийхөө түлшнээс хуваалцаж байгаагаа ярьжээ. Даарчихвал энэ муу хөгшин яана даа хэмээн бодсон ч ядарсан Дуламжав хий дэмий санаа зовнихоос өөрөөр яах ч билээ дээ. Гүйсээр гэрт нь орвол хөгшин галынхаа өмнө сандлаа түшээд суугаа чигээр хэдийнэ хөшчихсөн байв. Магадгүй, ухаан алдаад, тэр чигтээ хөлдчихсөн ч байж мэднэ. Харин хөгшний нүүр царайд нэгэн зүггүй хөгжүүн инээд үүрд царцан үлдсэн байлаа.

 

2017 оны 12 сарын 17.

Б.Номинчимэд

Монголчууд Ц.Элбэгдоржид хайртай гэдэг нь үнэн үү?
Монголчууд Ц.Элбэгдоржид хайртай гэдэг нь үнэн үү?
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​