
Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын түвшний 10 дахь удаагийн уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн дараа манай улсад ФЕАЛАК форум болох гэж байна. Энэ байгууллагын онцлог нь яг юу юм бэ?
-Орчин үеийн олон талт дипломат ажиллагаанд шинэ чиг хандлага, өөрчлөлтүүд гарсаар байна. Үүнд бүс нутгийн интеграциуд хоорондоо холбогдож тив, далай тэнгис дамнасан хамтын ажиллагааны шинэ форматыг буй болгоод 30 гаруй жил болжээ. Эдгээр нь олон тулгуурт дипломат ажиллагааны шинэ чиг хандлагыг илтгэн харуулаад зогсохгүй олон хэмжээст дипломат ажиллагааны парадигмыг өөртөө агуулж байна. Түүгээр зогсохгүй бүс нутгийн тулгамдаж буй асуудлуудыг дунд хүчний улс орнуудих гүрнүүдийн харьцангуй оролцоогүйгээр залж жолоодох (manipulation) гадаад бодлого(foreign policy navigation) явуулахыг эрмэлздэг
2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-XI дээд түвшний уулзалт зохион байгуулагдаж байсныг сайн санаж байгаа болов уу. АСЕМ бол АСЕАН-ы интеграцийн 10 орон, БНХАУ, Япон, БНСУ болон Австрали, Шинэ Зеланд, Монгол, Пакистан, Энэтхэг, ЕХ-ны 27 улс, ЕХ-ны Зөвлөл, ЕХ-ны комисс, ОХУ, Норвеги, Швейцарь, Казахстан Бангладеш зэрэг 51 улсын төр засгийн тэргүүнүүд, хоёр байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар оролцож байсан. ФЕАЛАК үүнтэй тун төстэй боловч одоогоор хамтын ажиллагааны форум Гадаад хэргийн сайд, дэд сайд нарын түвшнээс гадна газрын захирал, тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайд нарын түвшинд оролцдог онцлогтой гэж хэлж болно.
-ФЕАЛАК-т ямар, ямар орнууд багтдаг вэ?
-Зүүн Ази-Латин Америк хамтын ажиллагааны форум ФЕАЛАК Номхон далайн хоёр эргийн орнууд буюу нэг талд Зүүн Азийн интеграцийн байгууллага АСЕАН-ы гишүүн 10 орон болон БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Австрали, Шинэ Зеланд багтдаг. Нөгөө талд Латин Америкийн Аргентин, Боливи, Бразил, Венесуэл, Гайана, Гватемал, Доминиканы БНУ, Колумби, Коста Рика, Куба, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Перу, Суринам, Уругвай, Чили, Эль Сальвадор, Эквадор гээд нийт 36 улсыг багтаасан, тив дамнасан хамтын ажиллагааг илэрхийлж буй олон улсын форум юм. Зүүн Ази-Латин Америкийг холбосон цорын ганц бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны платформ гэж ойлгож болно. ОУВС-гийн 2025 оны мэдээллээр ФЕАЛАК-ийн гишүүн орнууд дэлхийн нийт хүн амын 42 хувь, ДНБ-ий 41 хувь, гадаад худалдааны нийт эргэлтийн 44 хувийг тус тус эзэлж байна.
-Энэ байгууллага анх ямар зорилготой байгуулагдсан бэ. Үйл ажиллагааных нь талаар тодруулахгүй юу?
-1998 оны есдүгээр сард Сингапурын Ерөнхий сайд Го Чок Тонг Чили улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын ерөнхийлөгч Эдуардо Фрейд хандаж хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэх санаачилгыг анхлан гаргаж байсан түүхтэй. Тийнхүү Зүүн Ази, Латин Америкийн холбогдох яамдын ахлах албан тушаалтнуудын анхны форум ЕАЛАФ (East Asia-Latin America Forum) 1999 оны есдүгээр сард Сингапурт зохиогдсоноор ФЕАЛАК-ийн үндэс суурь тавигджээ.
Тив, далай дамнасан хамтын ажиллагааны байнгын механизм ФЕАЛАК нь гурван түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэгдүгээрт, хоёр тивд ээлжлэн хоёр жил тутамд зохиогддог Гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт. Хоёрдугаарт, ахлах мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалт. Гуравдугаарт, хамтарсан ажлын хэсгийн уулзалтуудыг хийдэг. Ажлын гурван хэсгийн түвшинд гишүүн орнууд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, зөвлөмж, шийдвэр гаргадаг байна. Тухайлбал, Улс төр, соёл, боловсролын ажлын хэсэг,Эдийн засаг, нийгмийн салбарын ажлын хэсэг, Шинжлэх ухаан-технологийн ажлын хэсэг гэж байдаг.
ФЕАЛАК зорилгоо тодорхойлохдоо “Зүүн Ази-Латин Америк хоорондын хамтын ажиллагааг бүх талаар дэмжих, харилцан ойлголцлыг илүү өргөн хүрээнд гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засгийн амин чухал асуудлаар яриа хэлэлцээг бүх салбарт илүү үр ашигтай, найрсаг харилцааны шинэ дэг журмын үндсэн дээр бүтээн байгуулах болно” гэжээ. ФЕАЛАК бүс нутгийн улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох, тэгш эрхтэй, харилцан ашигтай, хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт тавих, улс бүрийн ялгаатай соёл иргэншил, амьдралын онцлог байдал, аж төрөх ёсыг ойлгон хүндэтгэх, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэр гаргана гэж үйл ажиллагаандаа баримтлах зарчмаа тодорхойлсон байдаг.
Бүс нутгийн хамтын ажиллагааны глобал хандлага нь Зүүн Ази-Латин Америкийн хооронд тив дамнасан хамтын ажиллагаа шаардлагатай байгааг нотлон харуулж буй. Учир нь өнөөг хүртэл хоёр бүс нутгийн хооронд хамтын ажиллагааны албан ёсны байнгын механизм байгаагүй юм. Ингээд 2001 оны гуравдугаар сард Чилийн нийслэл Сантьяго хотноо хоёр бүс нутгийн Гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалт болж ЕАЛАФ нэрээ албан ёсоор ФЕАЛАК хэмээн өөрчилж, үйл ажиллагааныхаа зорилго, зорилт, зарчмаа тодорхойлсон үндсэн баримт бичгээ гаргаж байсан байна.
-Дараагийн уулзалтууд нь хаана, хаана болж байв. Чуулганаар ямар, ямар сэдвийг хөндөж авч үздэг юм бол?
-2004 оны нэгдүгээр сард ФЕАЛАК-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын II уулзалт Филиппиний нийслэл Манила хотноо болж байсан. Харин III чуулган 2007 оны наймдугаар сард Бразилийн нийслэл Бразилиа хотод, IV чуулган 2010 оны нэгдүгээр сард Японы нийслэл Токио хотноо тус тус зохиогджээ. Чуулганаас гаргасан Токиогийн Тунхаглалд тэмдэглэхдээ, ФЕАЛАК-ийн 10 жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, үүнээс нааших ойрын ирээдүйд тулгарах сорилт, боломжийг тодорхойлсон юм. Өнгөрсөн хугацаанд хоёр бүс нутгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа эрс өсч ирснийг онцлон тэмдэглэжээ. Тунхаглалд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг шийдвэрлэхэд “Их 20”-ийн бүлгийн орнууд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд ДХБ-ын Дохагийн үе шатны хэлэлцээний хэрэгжилтийг урагшлуулах, 2009 оны есдүгээр сард болсон “Их 20”-ийн бүлгийн Питтсбургийн дээд түвшний уулзалтаас гаргасан “Хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлт”-ийн хүрээг бүрэн дэмжсэн байдаг. НҮБ-ыг шинэчлэх, Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүдийн эгнээг тивийн төлөөллөөр өргөтгөх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хүний эрх, цаг уурын өөрчлөлт, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх талаар тодорхой зорилтууд тусгагдсан байна.
2011 оны наймдугаар сард ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын V чуулган Аргентины нийслэл Буэнос-Айрест зохиогдож, хамтарсан Тунхаглал гаргасан. Түүнд глобал засаглалын механизмыг шинэчлэх, ФЕАЛАК болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн институциүд болох ЭКЛАК, Америк хоорондын хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Ази-Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-тай хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, ФЕАЛАК-ийн Дунд-урт хугацааны зорилт, хэрэгжүүлэх стратегийг боловсруулах Алсын хараа ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн. 2013 оны зургадугаар сард ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын VI чуулган Индонезийн Бали аралд зохиогдож, хамтарсан Улуватугийн Тунхаглал (Uluwatu Declaration) гаргаж байв. Тунхаглалд ФЕАЛАК-ийн гишүүн орнуудын хооронд мэдээллийг өргөжүүлэх үүднээс ФЕАЛАК-ийн Цахим нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, үйл ажиллагааны журмыг баталсан байна.
2015 оны наймдугаар сард ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын VII чуулган Коста Рика улсын нийслэл Сан Хосе хотноо зохиогдсон. Энэ үеэр Сан-Хосегийн Тунхаглалыг баталж, ФЕАЛАК-ийн гишүүн орнууд хоёр бүсийн олон улсын болон санхүүгийн байгууллагуудын хооронд стратегийн эвслийн нэгдэл байх шаардлагатайг онцолсон байдаг. Энэ чуулганаар ФЕАЛАК-ийн ажлын явцыг сайжруулах, Кибер нарийн бичгийн дарга нарын газрын ашиглалтыг бэхжүүлэх зорилгоор “ФЕАЛАК-ийн ажлын явцын удирдамж” -ийг баталжээ. ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит VIII форум 2017 оны наймдугаар сард БНСУ-ын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдсан. Чуулганаар үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталж, ФЕАЛАК-ийн сан байгуулсан. Мөн уулзалтын дүнгээр Бусаны Тунхаглалыг батлан гаргажээ. Үүнд, ФЕАЛАК-ийн ашиглагдаагүй нөөцийг илрүүлэх, эдийн засгийн болон хүрээлэн буй орчинд тулгарч буй сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхийн тулд хоёр тивийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох чиглэлд авсан НҮБ-ын хоригийг дэмжиж, Солонгос хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах гарц байна гэж үзсэн. Мөн хэт туйлшрах үзэл, хүчирхийлэл, олон улсын терроризмын эсрэг тэмцэлд хүчээ нэгтгэх, мэдээллийн солилцоог сайжруулах, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх талаарх НҮБ-ын конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээрийг тууштай сахин хангах, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, мэдээллийн технологийн хөгжил шинэ нөхцөл байдал буй болгож байна гэж үзсэн.
1919 оны арваннэгдүгээр сард Доминиканы БНУ-ын нийслэл Санто Доминго хотод ФЕАЛАК-ийн ес дэх удаагийн Гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт зохион байгуулагдаж, “Санто Домингон Тунхаглал”-ыг баталсан. Үүндээ, ФЕАЛАК байгуулагдсаны түүхэн 20 жилийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэсэн.
ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын Х чуулган 2021 оны намар БНАЛАУ-д зохиогдох байсан боловч ковид цар тахлын улмаас хойшлогдсоор ирсэн юм.
-ФЕАЛАК-ийн хамтын ажиллагааны тодорхой үр дүнгүүд гэвэл юу байна вэ?
-ФЕАЛАК байгуулагдсан 25 жилийн хугацаанд үндэсний болон бүсийн хэмжээний 630 гаруй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2015 онд Аргентинд “ФЕАЛАК-ийн хөрөнгө оруулалтын боломжууд”, 2016 онд Японд “Латин Америкийн робот техникийн хөгжлийн өрсөлдөх чадавхыг идэвхжүүлэх нь”, Вьетнамд “Хотуудын соёлын солилцоог урагшлуулах нь”, Тайландад “ФЕАЛАК-ийн их сургуулиудын сүлжээг өргөжүүлэх нь”, Аргентинд “ФЕАЛАК-ийн шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны databank-ийг хөгжүүлэх нь” зэрэг техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирснийг дурдаж болно.
-Монгол Улс ФЕАЛАК-т хэзээ нэгдсэн юм бэ. Ямар хамтын ажиллагаа өрнүүлж байна?
-2010 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдсон ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын IV уулзалтаар Монгол Улс тус олон талт дипломат ажиллагааны бүрэн эрхт 34 дэх гишүүнээр нэгдэн орсон.
Дээрх уулзалтад тухайн үеийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар оролцож, Номхон далайг дамнан өрнөж буй механизмд Монгол Улс нэгдэж, үйл ажиллагаанд нь оролцох болж байгаа нь Ази-Номхон далайн бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн аливаа хоршил, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж буй Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, үндэсний эрх ашигт нийцэж байгааг онцлон тэмдэглэж байсан. Мөн ФЕАЛАК-ийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд Монгол Улс хамрагдаж, хөгжлийн олон асуудлаар туршлага солилцох сонирхолтой байгаагаа, Латин Америкийн орнуудтай махны экспорт, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ далайд гарцгүй орнуудтай бодлогоо уялдуулах боломжтой гэдгийг илэрхийлж байжээ.
2017 оны наймдугаар сард БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан VIII уулзалтад тухайн үеийн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байсан. Тэрбээр ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэж, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг дурдсан байна. Улмаар ФЕАЛАК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Сан, Бусаны Тунхаглалыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн шинэ сайд хатагтай Кан Ген-хва, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие, Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Оскар Кабелло Сарубби, Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказа Гонзалес нартай уулзаж байжээ. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтын үеэр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын хоорондын хэлэлцээрт Дэд сайд Б.Батцэцэг, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие нар гарын үсэг зуржээ.
-Анх удаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж буй ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн 10 дахь уулзалтын гол онцлог юу вэ. Энэхүү чуулганыг Монгол Улсад зохион байгуулснаар бидэнд ямар ач холбогдолтой вэ?
-ФЕАЛАК-ийн Ахлах албан тушаалтнуудын 23 дахь удаагийн уулзалт өнгөрсөн гуравдугаар сард цахимаар болохдоо энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулах Монгол Улсын Гадаад харилцааны яамны санаачилгыг дэмжсэн шийдвэр гаргасан. Ийнхүү ФЕАЛАК-ийг 2025-2027 онд Зүүн Азийн бүс нутгийг төлөөлөн Доминиканы Бүгд Найрамдах Улстай хамтран даргалж байна. Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох ФЕАЛАК-ийн Гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалтын уриа нь“25 жил ба түүнээс цаашилахуй: Зүүн Ази, Латин Америкийн Хамтын Алсын хараа” гэсэн байна.
Зургаан жилийн завсарлагааны дараа 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү уулзалтыг Монгол Улс зохион байгуулах гэж буй нь нэр төрийн хэрэг юм. Бүс нутаг хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх тухайд олон чухал санал гарна гэж бодож байна. Энэ уулзалт нь илүү гүн нөхөрлөл, эв нэгдэл, бүс нутаг хоорондын харилцан уялдааг дэмжиж, илүү нэгдсэн ФЕАЛАК-ийн шинэ замыг нээх чиглэлд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү чухал арга хэмжээ нь ФЕАЛАК-ийн өнөөдөрөөс цаашлах урт хугацааны алсын харааг тодорхойлох, дэлхийн өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй геополитик, гео-эдийн засгийн шинэ нөхцөл байдал, дижитал үйл явц, уур амьсгалын өөрчлөлтийг тусгасан бодлого боловсруулах боломжийг олгож, энэ хүрээнд гаргахаар хүлээлттэй байгаа “Улаанбаатарын Тунхаглал” нь цаашдын хамтын ажиллагааны Замын зураглал болж болох юм.
ФЕАЛАК-ийн ойрын ирээдүйн зорилт нь хоёр бүс нутгийн харилцааг техникийн хамтын ажиллагаанаас бизнес, чөлөөт худалдаа-эдийн засаг, эрчим хүчний шинэ эх сурвалж, үйлчилгээ, дижитал технологи, зохиомол оюун, ногоон хөгжил рүү шилжих явдал болов уу. Цаашдаа хоёр бүс нутгийн хамтарсан бизнес уулзалтууд зохиогдож, МҮХАҮТ, түүний гишүүн ААН, байгууллагууд оролцох боломж бүрдэж болно. Ойрын ирээдүйд тив дамнасан хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтыг зохион байгуулах шаардлагатай хэмээн зарим шинжээчид тэмдэглэсэн байдаг.
Монгол Улс ФЕАЛАК-ийн хүрээнд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын орон зайгаа тэлэх боломжтой.
Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статуст 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын тав улс төрийн баталгаа гаргасан нь ахиц дэвшил байсан. Цаашдаа дээрхийг улсын эрхзүйгээр баталгаажуулах болов уу. Тиймээс энэ чиглэлд ФЕАЛЕК-тай хамтын ажиллагааны шинэ боломжийг буй болгох шаардлага байж болох юм. Учир нь 1967 оны хоёрдугаар сарын Мексико ситийн ойролцоох Тлателолко хотын гэрээгээр Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нутаг дэвсгэрээ олон улсын эрх зүйгээр цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан байдаг. 1995 оны арванхоёрдугаар сарын Бангкокийн гэрээгээр АСЕАН өөрийн бүс нутгийг олон улсын эрх зүйгээр мөн л цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан. Бүс нутгаа цөмийн зэвсэггүй болгон зарлаж олон улсын эрх зүйгээр баталгаажуулсан дээрх орнуудын дэмжлэг бидэнд чухал. Мэдээж боловсрол, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Энэ удаагийн ФЕАЛАК-ийн уулзалтаар Монгол Улс Латин Америкийн чиглэлд дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, гадаад харилцааны орон зайгаа тэлж, тэнцвэртэй гадаад бодлогоо өргөжүүлж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин