fbpx Тогтолцооны “их засвар” хийж байж төр тогтворжино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
13 минут 58 секунд

Тогтолцооны “их засвар” хийж байж төр тогтворжино

Монголын улс төрийн түүхэнд байгаагүй дажин, эсвэл дайн гэж хэлмээр үйл явдлууд өрнөж байна. Эрх баригч намын даргын сонгууль байснаа төрийн институт хоорондын ихээхэн хурц зөрчил болоодохлоо. Тодруулбал, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр МАН-ын даргад өрсөлдсөнөө, сүүлдээ УИХ, Засгийн газар хоёрын дундах зодоон болж хувирав. Эцэст нь, тэд “нүцгэрч” дууслаа. Хамгийн гол нь, үүнийх нь хөлд Монголын төр үрэгдээд дуусах шинжээ оллоо.

Хэзээ байхдаа УИХ төсөв хэлэлцдэг ийм чухал цаг үед чуулганы танхимаа цоожилж, Засгийн газарт хувийн сэдэлтэй, тэр дундаа улс төрийн намын удирдлагын сонгуулиас болсон томилгоо хийгдэж байлаа даа.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын өнөөдрийн үйлдлүүдээс болоод Төрийн өндөрлөгүүд хэмээдэг улс төрийн өндөр албан тушаалуудын үнэлгээ, үнэ цэнэ, хүлээн зөвшөөрөгдөх байдал гэрлийн хурдаар унаж байна. Төрийн бүх алба удирдлага, гүйцэтгэх ажилтнуудынхаа хамтаар цааш явахад хүндэрч, үндсэндээ мухардалд орлоо. Улс төрийн намууд бодлого, хөтөлбөр биш дарга дагасан үзэл бодолгүй хүмүүсийн бөөгнөрөл болох нь тодорлоо. Ерөөс, төрийн, улс төрийн бүхий л асуудал ёс суртахуун, тэр байтугай хууль эрх зүйн хүрээнээс халин одов. Үр дүнд нь, эдийн засаг элгээрээ хэвтээд авах шиг боллоо. Иргэд, олон нийтийн халаас, идэх уух өмсөх зүүхдээ санаа зовох байдал руу шилжиж байна. Энэ бол сүүлийн үед өрнөөд байгаа улс төрийн тогтворгүй байдлаас урган гарсан бодит факт юм.

Үйл явдал УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр МАН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдсөнөөс эхтэй. Энэ хоёр эрхмийн намын даргын төлөөх сонгуулиас үүдэлтэй маргаан явсаар УИХ, Засгийн газар, ер нь Монголын төрийн залгамж, тасралтгүй шинж чанарт халдаж эхэллээ.

Ингэж наанаасаа харагдана. Харин олсны үзүүр дэх үхэр гэдэг шиг цаадахыг нь харвал шалтгаан нөхцөл нь өөр юм. Цаанадаж хоёр жил, наанадаж таван сарын “ нас”-тай зөрчил байгаа юм. Угаасаа, манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд зөрчил өрнөдөг. Тэр л үргэлжилсэн хэрэг. Эхлээд Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр муудсан. Ерөнхий сайд нь огцорсон. Тэгээд оронд нь очсон Ерөнхий сайд намын дарга болох гэсэн. Гэтэл УИХ-ын дарга “...Намын дарга болно” гээд нэр дэвшчихсэн. Тэгээд л энэ. Гэхдээ, ийм эхтэй зөрчил их олон жилийн туршид явж ирсэн. Сүүлийн 10 гаруй жилд л гэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гээд саяхныг болтол үргэлжилсэн. Тухайн улс төрийн намын лидер нь байсан эрхэм Ерөнхийлөгчөөр сонгогддог. Намын дараагийн дарга Ерөнхий сайдаар томилогддог. Учир нь Ерөнхийлөгч нам бус болсон ч хуулиар олгосон эрх мэдэл нь өндөр байдаг. Тэр утгаараа, урьдын эрх мэдлээ давхар хадгалахыг хүсдэг. Харин, Ерөнхий сайд ажлаа, намаа мэдэх гэдэг. Эндээс зөрчил эхэлнэ. Энэ удаад ч тэр зөрчил өөр хэлбэрээр илрэн гарч байгаа юм. Нөгөө л улс төрийн намын даргыг дагаж очих эрх мэдлээс болсон. Ер нь бол, 70 орчим жил улс төр, нийгмийн тодорхой загвараар явж ирсэн Монгол Улс 1990-ээд оноос хойш өөрийнхөөрөө замнах боломж бүрдсэн байдаг. Тухайн үед, Үндсэн хуулийг боловсруулан баталсан эрхмүүд “...Нэг хүний удирдлагад улсаараа орж болохгүй” гэсэн хатуу зарчим барьсан. Тиймээс, хүний эрх, ардчиллыг эрхэм дээдээ болгосон ч төрийн зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт дээр ижил тэнцүүдүү байх Үндсэн хуулийг хийчихсэн. Түүнээс болоод “…Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай яваад байна” гэдэг зүйл удаан яригдаж байна. Тухайн үед үүнээс өөр сонголт байгаагүй гэдэг. Магадгүй, энэ үнэн биз. Гэвч, цагийн саалтад тэр механизм буруу эргээд эхэлсэн. Уг нь, Үндсэн хуульд УИХ-ын эрх хэмжээ болоод Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалын болоод тодорхой томьёолсон.

Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, 30.1-т “…Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”, 38.1-т “…Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж заасан.

Тэгсэн атлаа, эрх үүргүүдийг ижил төстэй, давхардуулан зааж баталсан. Наад зах нь, Үндсэн хуулийн 26.1.-т “…Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн байдаг. 33.1-т “…Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 33.1.4-т “…Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” гэсэн бол 38.2-т “…Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 38.2.8-д “…Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх”, 38.2.9-д “…УИХ-тай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах” хэмээн заасан. 33.1.10-т “…Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх” гэсэн бол 38.2.6-д “…Засгийн газар улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах” гэсэн. Түүнчлэн 33.1.11-т “…Ерөнхийлөгч бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах” гэсэн байдаг бол 38.2.7-д “…Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж давхардуулан заасан.

Тэр байтугай, “…Монгол Улсын Ерөнхийлөгчийн статусыг гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд үзэж болно” гэдэг судлаачид, улстөрчид олширсон. Ингэхдээ “…Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцдаг. Ерөнхийлөгчийн зарлиг ба бусад аливаа шийдвэр нь хуульд үндэслэн түүнд нийцсэн байх зарчимтай.

Хэрэв харшилбал УИХ хүчингүй болгох эрхтэй. Бүрэн эрхийн гол зонхилох хүрээ нь гүйцэтгэх эрх мэдлийг хамаардаг. Тухайлбал, Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар томилох, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналыг зөвшилцөх, Засгийн газрыг огцруулах санал оруулах, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч гүйцэтгүүлэх, улсын аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэн хөтлөх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байх, Засгийн газар нь Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийг хариуцдаг. Эдгээр нь угтаа гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах бүрэн эрх болно. Ерөнхийдөө, судлаачид Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартай харилцах эрх зүй дээр зарим шүүмжлэлийг хэлээд байх болсон. Тэд “…Монгол Улсын Ерөнхийлөгчид парламентын бүгд найрамдах улсын Төрийн тэргүүний төдийлөн эдлээд байдаггүй хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх зэрэг бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон. Үүнээс гадна, парламентын бүгд найрамдах улсад хүчтэй институц нь парламент байдаг. Түүний эрх мэдлийг сааруулах гол эрх зүйн хэрэгсэл нь парламент Засгийн газарт итгэл үзүүлэхгүй тухай шийдвэр гаргавал Засгийн газрын саналаар парламентыг тараах төрийн тэргүүний бүрэн эрх байдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ бүрэн эрх жинхэнэ утгаар олгогдоогүй нь төрийн тогтолцооны тэнцвэрийг хэврэгшихэд хүргэсэн. Бас, парламентын бүгд найрамдах улсад төрийн тэргүүнийг их төлөв парламентаас сонгодог. Хэрэв Ерөнхийлөгч бүх нийтийн сонгуулиар сонгогдвол өөрийгөө илүү легитим эрхтэй гэдэг. Энэ нь парламент, Засгийн газартай сөргөлдөж, эрх мэдлээ зугуухан нэмэгдүүлэхийг эрмэлзэж болзошгүй” гэдэг болоод удаж байгаа юм. Нөгөөтэйгүүр, өнөөдөр үүсээд байгаа хямралын гол үндэс нь эрх баригч намын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн болсон.

Үндсэн хуульд улс төрийн намуудын талаар “…УИХ-д бүлэг байгуулах”, “…УИХ-д суудалтай бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх” гэсэн хоёр агуулга дээр “нэр дурдаж” оруулсан. Гэхдээ, энэ хоёрт асар том хийгээд үндсэн эрх мэдэл багтаж байдаг.

Улс төрийн нам УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль альд нь ч ялсан асар их эрх мэдэл авдаг. Томилгоо, эрх мэдлийн хуваарилалт дагана. Харин алдаандаа хүлээдэг хариуцлага гэж байдаггүй юм. 1992 оны Үндсэн хуулиар “…Нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжинэ” гэж томьёолсон байдаг. Гэвч, 33 жилийн дараа нөгөө л нам төвтэй төр хийгээд нийгмийн харилцаа оршсоор байна. Үүнийг өнөөдрийн хямрал тодорхой харуулж байна. Эрх баригч МАН-ын Бага хурлын гурван сарын зайтай хоёр удаагийн шийдвэрийн давалгааг л Монголын төр тэсэн давж чадахгүй болж байна. Эрх барьж байгаа МАН-аас болоод төр хямарч байхад сөрөг хүчний байр суурь дээрх АН нөгөөхийг нь улам дэврээх акц хийж гүйлдээд байх юм. Хэдэн сарын өмнө өөрийнхөө намын багтсан Засгийн газрыг унагаж явсан АН өнөөдөр бараг дангаараа МАН-ын Засгийн газрын хамгаалж, улс төрийн хямралын талцалд оролцоод байгаа нь ойлгомж муутай байна. Уг нь, сөрөг хүчнийхэн Төрийн ордонд “…Төсвөө баталъя” гээд суулт хийж байсан бол супер байх байлаа. Угтаа, энэ завхарсан явдлууд "...Төрийн дээр нам гарсан" гэдгийг улам бүр батлаад байгаа юм. Тиймээс, одоо улстөрчдөд хариуц­лага тооцож огцруулдаг, тогтвортой Засгийн газартай болох, гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тангарагтны шүүхтэй болох, Үндсэн хуулийн цэцийг татан буулгаж Дээд шүүхэд нэгтгэх, олон намын тогтолцоонд бодитойгоор шилжих, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт асуудлуудыг хөндөн хэрэгжүүлэх цаг болжээ. Түүнээс биш, зарим улс төрийн намын акц болгож хийгэд байгаа шиг өнөөдөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарч ирээд, хоорондоо “зодолдоод” байгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрыг эвлэрүүлж гар бариулаад энэ асуудалд цэг тавихгүй юм.

Харин сүүлийн үед “…Хүн төвтэй, хүн нь төр засгаа хянадаг, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй” гэдгийг судлаачид, социологичид, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, жирийн иргэдээс гараад байх болсныг анхаарч үзмээр байгаа юм. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийг муулж гоожилж буй хэрэг биш юм. Харин ч Үндсэн хууль нь үүргээ гүйцэтгэсэн. Тийм учраас, төр төвтэй буюу хэний ч хяналтын гадна байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн тогтолцоонд “их засвар” хийх шаардлага нэгэнт үүссэн байна. Тэгж байж төр тогтворжино.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ
Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийн асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​